500 “ногоон”-ы үнэтэй бэлгэ тэмдэг
Спорт
Екатерина өөрийн бүтээлээ эхлээд багш нартаа үзүүлэхэд нэг их ойшоогоогүй гэнэ
2018 онд Орост зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бэлгэ тэмдгээр “Забивака” нэртэй чоно тодроод буй. Сонирхолтой нь, энэхүү бэлгэ тэмдгийн эхийг нь зохиосон дизайнерийг FIFA ердөө 500 ам.доллараар шагнажээ. “Намайг 500 доллараар урамшуулсан. Гэхдээ мөнгөний хэмжээ тийм ч чухал биш ээ. Хамгийн гол нь миний бүтээл сонгогдчихлоо шүү дээ” хэмээн Томскийн их сургуулийн график дизайнерийн ангийн оюутан Екатерина Бочарова сэтгүүлчдэд ярьсан байна. Энэ мэдээлэл цацагдсаны дараа Оросын сайтуудад FIFA-г муулсан, харамчийг нь гайхсан сэтгэгдэл хөврөх болов.
Екатерина өөрийн бүтээлээ эхлээд багш нартаа үзүүлэхэд нэг их ойшоогоогүй гэнэ. “Багш нар маань эхэндээ тоогоогүй ч одоо бол надаар бахархаж байгаа. Би багадаа хүүхэлдэйн киноны баатруудыг зурах дуртай байлаа. Ирээдүйд “Дисней”-д ажиллах хүсэлтэй” хэмээн тэр хэлсэн юм. Дашрамд өгүүлэхэд, бэлгэ тэмдгийг тодруулах эцсийн шатанд “Забивака” чононоос гадна бөмбөг барьсан муур, бөмбөг дээр нэг хөлөөрөө гишгэн зогсож буй бар тунан үлдсэн. Улмаар Оросын төв телевизээр шууд санал хураалт явуулахад чоно 53 хувийн саналаар илүүрхсэн юм. Бар 27, муур 23 хувийн санал авчээ. Мэдээж ДАШТ-ий албан ёсны бэлгэ тэмдэг тодруулах шалгаруулалтад олон бүтээл ирсэн. FIFA-гийн зүгээс эхний ээлжинд орос хүүхдүүдийн дунд интернэтээр санал асуулга явуулжээ. Дараа нь дизайнер, зургийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын саналыг авсны эцэст шилдэг гурван бүтээлийг эцсийн шатанд үлдээсэн байна.
Шинэ бэлгэ тэмдгийн талаар FIFA-гийн орос хэл дээрх сайтад “Багийн хамгийн залуу гишүүнтэй танилцана уу. Гэхдээ залуу хэдий ч хамгийн хурдан, хамгийн ур чадвартай, хамгийн чухал тоглогч юм. Чонын эрч хүч багаа ялалтад хөтлөх болно” хэмээн бичжээ. Харин Екатерина яагаад чоныг онцлох болсон талаараа “Чоныг дэлхийн бүх л улсад мэднэ. Гэхдээ оросууд энэ амьтанд онцгойлон ханддаг. Орос ардын үлгэрүүдэд ч чононы талаар байнга гардаг шүү дээ. Би нохойнд дуртай, гэртээ нохой тэжээдэг. Тиймээс чоно зурж чадна гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй” гэсэн юм. Эцэст нь сануулахад, хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд Оросын 11 хотод зохиогдоно. Тэмцээнд оролцох шилдэг 32 багийг тодруулах урьдчилсан шат өдгөө ид үргэлжилж буй юм. Сорилгод 210 орон тоосоо өргөсөн бөгөөд ирэх оны арваннэгдүгээр сард өндөрлөх аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй