Родриго Дутерте: Гадаадын цэргийн хүчийг улсаасаа бүр мөсөн гаргана

Мэдээ

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Япон улсад гурван өдрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Японы бизнесийн мянга орчим төлөөллийг хамарсан "Эдийн засаг, бизнесийн форум" зохион байгуулагджээ. Форумын үеэр Родриго Дутерте улсаасаа гадаадын цэргийн хүчийг бүр мөсөн гаргана гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр АНУ-ын тусламж дэмжлэггүйгээр оршин тогтнож чадна гэж онцолжээ. Тэрээр "Олон улсын тавцанд манай улс нэр хүнд, сүр хүчээ алдахыг би зөвшөөрөхгүй. Би зарим хүнд таалагдахгүй зүйл хийж байж магадгүй. Гэхдээ Филиппин АНУ-ын тусламж дэмжлэггүйгээр ч оршин тогтнож чадна. Бидний амьжиргааны түвшин буурах магадлалтай хэдий ч улс орон оршин тогтносоор байх болно" хэмээжээ.

Үүнээс гадна айлчлалын хүрээнд яригдах хамгийн гол асуудлын нэг бол Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх явдал. Энэ асуудалтай холбоотойгоор БНХАУ-ын зүгээс ч мөн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд хөрш орнууд найрсаг харилцаатай байх нь чухал гэж мэдэгджээ. Тодруулбал, БНХАУ-ын гадаад хэргийн сайд Лу Канг "Манай хөрш орнууд эерэг, эрүүл харилцаатай байж хамтран ажиллах хэрэгтэй. Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааныг шийдвэрлэх хэрэгтэй. БНХАУ болон Филиппин хамтын ажиллагаагаа цогц байдлаар сэргээж байгаа. Хөрш улсууд болон бусад оролцогч тал бидний үйл ажиллагааг эсэргүүцэх бус дэмжээсэй гэж хүсч байна" гэжээ.

Түүнчлэн Филиппиний гадаад бодлогын цаашдын төлөв, чиг хандлагыг хэлэлцэнэ гэж Японы гадаад хэргийн яамнаас айлчлалын өмнө мэдээлсэн. Японы хувьд Филиппин, АНУ-ын аль алинтай нь найрсаг харилцаагаа хадгалахыг хүсч байгаагаа мэдэгдсэн юм.



САНАЛ БОЛГОХ