Ангела Меркель ХБНГУ-ын Канцлерийн сонгуульд дахин өрсөлдөнө

Мэдээ

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель дөрөв дэх удаагаа Канцлерийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ ням гарагт мэдэгдлээ. Үүнээс гадна тэрбээр өөрийн Христийн ардчилсан холбоо намын тэргүүний төлөө мөн өрсөлдөх юм. Ангела Меркель ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Тодорхой бус, хэцүү цаг үе тулгараад байгаа учраас цаашид улсынхаа төлөө хийх зүйл их байгааг” онцолсон байна. Мөн “АНУ-ын сонгуулийн дараа улс орны байдлыг сайжруулах томоохон үүрэг өөрт нь оногдсон” гэж мэдэгдсэн байна. Германы Канцлер Ангела Меркель “АНУ-ын сонгуулийн дараа надаас их зүйл шалтгаалж, надад хүндэтгэл үзүүлж байгааг би олж харж байна. Гэхдээ нөгөө талаас хамгийн их туршлагатай хэн нэгэн, тэр бүү хэл Германы Канцлер ч Европ болон Германы байдлыг ганцаараа өөрчилж, эргүүлж чадахгүй” хэмээн онцолжээ. Сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс харахад Ангела Меркель дахин Канцлер болохыг санал асуулгад оролцогчдийн 55 хувь нь дэмжсэн байна. Үүнээс гадна Ангела Меркель тус улсын Гадаад хэргийн сайд Франк-Валтер Штайнмайерийг дараагийн Ерөнхийлөгч болоход дэмжинэ гэж шинжээчид таамаглаж байна.



САНАЛ БОЛГОХ