Колумбын тухай шинэ ойлголт өгөхийг зорьж байна

Ярилцлага

Колумбчууд маш шаргуу, хөдөлмөрч хүмүүс

Колумб нь Өмнөд Америкийн хамгийн өндөр өсөлттэй, томоохон эдийн засагтай улсын нэг. Байгалийн баялаг арвин, хөдөө аж ахуй, уул уурхайд суурилсан эдийн засагтай энэ улс олон талаар Монголтой төстэй. Эдийн засгийн бүтцээ солонгоруулж, бизнесийн таатай орчин бүрдүүлэхээр зорьж буй Колумб улсын БНСУ, Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тито Саул Пиниятай ярилцлаа.

-Колумб улс байгалийн баялаг арвинтай. Бас эдийн засгийн бүтэц нь манай улс шиг уул уурхайд суурилсан. Монгол, Колумб шиг орнууд газрын доорх баялгийнхаа ашгийг хэрхэн хүртэх нь зүйтэй вэ?
-Миний Улаанбаатарт ирсэн гол шалтгаан энэ. Би саяхан Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай уулзсан. Хөдөө аж ахуйн салбар өдгөө эрүүл, органик бүтээгдэхүүнд чиглэж байна. Ирээдүй нь ч ийм. Тиймээс органик бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах хүсэлтэй. Бидэнд энэ чиглэлийн туршлага чамгүй бий. Юун түрүүнд, хоёр орны хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаас ажлаа эхэлнэ гэж бодож байна.

Тэрчлэн кофе, элсэн чихрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниудтай хамтрахаар судалж байна. Монголчууд кофенд дуртай. Ялангуяа, залуусын дунд кофены хэрэглээ, соёл дэлгэрчээ. Тиймээс манай улсаас кофе нийлүүлэх боломж бий. Мөн Колумбаас нийлүүлэх жимсний хэмжээг нэмэх сонирхолтой байна. Энэ мэт хоёр улсын хооронд худалдаа, бизнесийн боломж өргөн юм.

2015 онд Монголын Уул уурхайн сайд манай улсад айлчилсан. Энэ онд Гадаад хэргийн сайд нь Өмнөд Америкт айлчлах товтой байгаа. Ингэснээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэж найдаж байна.

-Тэгвэл хоёр улсын эдийн засагт тулгараад буй ижил сорилт нь юу вэ. Аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд Колумбад эрчимтэй хөгжиж байна. Харин Монгол Улс олон жилийн турш энэ салбарыг хөгжүүлэхээр зорьж байгаа?
-Бид Колумбыг чиглэх жуулчдын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Манай Засгийн газраас санхүүжүүлдэг тусгай хөтөлбөр бий. Тэрчлэн аялал жуулчлалын чиглэлээр монгол мэргэжилтэн бэлтгэж байгаа. 2015 онд энэ хөтөлбөрийн дагуу Монголын 100 иргэн испани хэлний бэлтгэлд хамрагдсан. Аялал жуулчлал бол хоёр орны харилцааг зузаатгах чухал салбар.

-Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 30 шахам жилийг үдлээ. Энэ хугацаанд хамтын ажиллагаанд ямар ахиц гарав?
-Харилцаа илүү ойртож, дотноссон. Хэдийгээр бид хоорондоо 14 мянган километрийн зайтай ч. Латин Америк тив Азиас хол санагддаг ч үнэндээ тийм биш. Би хоёр орны дипломат харилцааг зузаатгах зорилго тээж Монголд ирсэн. Мөн боловсролын салбарын түншлэлийг бэхжүүлэхээр чармайж байна. Бид колумб багш нарыг Монголд авчирч, хүүхдүүдэд хоёр жил испани хэл заалгахаар төлөвлөж байгаа.

Тэрчлэн худалдааг өргөжүүлмээр байна. Би 2013 онд хоёр улсын худалдааны тайланг харж байлаа. Бараа эргэлт нэг мянган ам.доллараар хэмжигдэж байсан. Үнэндээ энэ бол хангалтгүй үзүүлэлт. Тиймээс худалдааг нэмэгдүүлэх нь миний гол зорилго. Худалдааны урсгалыг дэмжиж, соёлын солилцоог эрчимжүүлэх нь зүйтэй. Өнгөрсөн оны сүүлээр манай улсын 10 саса бүжигчин Улаанбаатарт тоглолт хийсэн. Энэ оноос дуучид, уран бүтээлчдийг авчрахаар зорьж байгаа. Бид кино, бүжиг зэрэг урлагаар дамжуулж Колумбын талаарх шинэ ойлголтыг монголчуудад өгнө. Олон салбарт хоёр орны хамтын ажиллагааг сайжруулах боломжтой.

-Бас хөлбөмбөгийг мартаж болохгүй байх?
-Мэдээж хэрэг. Өнгөрсөн гуравдугаар сард хоёр орны Гадаад хэргийн сайд нар видео уулзалт хийсэн. Энэ үеэр хөлбөмбөгийн колумб багш, дасгалжуулагчийг эх орондоо авчрах хүсэлтэйгээ Монголын талаас тавьсан. Бас манай улсын хоёр тамирчин Монголын хөлбөмбөгийн багуудад тоглож байлаа. Тиймээс хөлбөмбөг Монголтой хамтрах нэг талбар.

-Та Колумбаас БНСУ-ыг хавсран суугаа Элчин сайд. Саяхан Өмнөд Солонгос, Колумб улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа. Бид ч БНСУ-тай хэлэлцээр байгуулахаар зорьж байгаа. Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бид туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Манай улс Канад, АНУ, Европын холбоо зэрэг 50 гаруй улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Мөн Хятад, Японтой хамтран ажиллаж эхлээд байна. Энэ бол амаргүй ажил. Цөөнгүй саад тулгарна. БНСУ-тай хэлэлцээр байгуулахад зургаан жил зарцуулсан. Эцэст нь, өнгөрсөн оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэллээ. Монголын талаас ч БНСУ-тай байгуулсан хэлэлцээрийнхээ туршлагаас хуваалцахыг албан ёсоор хүссэн. Уг хэлэлцээрт ажилласан баг маань одоо Өмнөд Солонгост ажиллаж байгаа юм. Хэрэв хэлэлцээрийн явц жигдрээд эхэлбэл хамтран ажиллахад бэлэн. Тэрчлэн Монгол, Колумбын хооронд ч хэлэлцээр байгуулж болно. Одоогоор худалдаа эргэлтийн хэмжээ их биш ч ирээдүйд энэ асуудал хөндөгдөх болов уу.

-Колумб бол Өмнөд Америкийн хамгийн хурдтай хөгжиж буй улс. Өнгөрсөн 25 жилд танай улсын эдийн засаг, нийгмийн бүх салбарт ахиц дэвшил гарлаа. Амжилтын нууц нь юу юм бол. Эдийн засгийн өндөр өсөлтийг хэрхэн тэтгэх вэ? -Бидний нууц нь аюулгүй байдал гэж бодож байна. Учир нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд бид аюулгүй байдлыг цогцлоож ДНБ дунджаар 4.5 хувиар өслөө. Экспортын гол түүхий эд газрын тосны ханш унаж, эдийн засагт дарамт учирсан нь үнэн. Гэхдээ бид өдөрт нэг сая баррель газрын тос олборлож байна. Хэдийгээр газрын тосны ханш ёроолын цэгтээ тулчихаад байгаа ч манай эдийн засаг 2016 онд гурван хувиар өсөх төлөвтэй байгаа. Энэ бол бүс нутгийн бусад улстай харьцуулахад сайн үзүүлэлт. Хамгийн гол нь улс орны аюулгүй байдлыг хангах нь эдийн засгийн хөгжлийн түлхүүр гэж бодож байна.

-Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Колумбын Засгийн газар улсынхаа имижийг шинэчиллээ. Аюулгүй, боломж дүүрэн, ирээдүйтэй орон гэдэг талаас нь таниулахыг хичээсэн. Өнөөгийн Колумб гэх брэндийг та юу гэж дүгнэх вэ? -Манай улсын Засгийн газрын харьяа “Procolombia” гэдэг байгууллага бий. Энэ байгууллага хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдаа, орон нутгийн төлөвлөлт гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би Монгол, БНСУ-ыг хавсран суугаа Элчин сайд. Иймээс “Procolombia”- ийн салбарыг Өмнөд Солонгост байгуулж, үндсэн дөрвөн чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсад ч байгуулах хүсэлтэй. Монголчуудад Колумбын талаар шинэ ойлголт төрүүлэх нь миний зорилго. Түрэмгий, мөргөлдөөнтэй, мансууруулах бодисын худалдаа газар авсан орон гэх төсөөллийг арилгахыг зорьж байна.

» Хөлбөмбөг бол хамтрах нэг талбар
» Улс орны аюулгүй байдлыг хангах нь эдийн засгийн хөгжлийн түлхүүр гэж бодож байна.
» Газрын тосны ханш ёроолын цэгтээ тулчихаад байгаа ч манай эдийн засаг 2016 онд гурван хувиар өсөх төлөвтэй байгаа.
» Хагас зуун жил зэвсэгт тэмцлийн зовлон амссан колумбчууд тайван амьдрах эрхтэй.

-Дэлхийн хэмжээнд гол сэдэв болоод буй үйл явдлыг орхиж болохгүй. Колумбын Засгийн газар улсынхаа хамгийн том босогчдын бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулж чадлаа. Ингэснээр 50 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнд цэг тавилаа. Энэ нь зөвхөн Колумб гэлтгүй дэлхий дахинд баярт мэдээ болж байна. Таны сэтгэгдэл ямар байна вэ?
-Би 40 жил батлан хамгаалахын салбарт хүчин зүтгэсэн. Тиймээс хамгийн их баярласан хүмүүсийн нэг. Би эх орондоо энх тайван тогтоохын төлөө олон жил тэмцсэн. Одоо бид хэлэлцээрийнхээ хэрэгжилтэд анхаарах шаардлагатай. Үүнээс гадна өнгөрсөн онд болсон нэг чухал үйл явдал нь манай улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Нобелийн Энхтайваны шагнал хүртлээ. Тэрбээр өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Энхийн хэлэлцээр байгуулахын төлөө онцгой хүчин чармайлт гаргасан хүн.


-Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос энхийн хэлэлцээр байгуулахын тулд улс төрийн карьераа эрсдэлд оруулж буйг олон улсын шинжээчид онцолж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Колумбын олон Ерөнхийлөгч энхийн хэлэлцээр байгуулах оролдлого хийж байсан. Гэвч бүтэлгүйтдэг. Харин Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос улс төрийн ирээдүйгээрээ дэнчин тавьж, мөргөлдөөнд цэг тавьсан. Шаргуу, тууштай тэмцлийнхээ үр дүнд тэрбээр зорьсондоо хүрч чадсан.

Сүүлийн 50 гаруй жил колумбчууд хоорондоо зөрчилдөж, ахан дүүсээ хөнөөж байлаа. Үнэндээ энэ нь иргэний дайн байгаагүй. Үзэл суртлын зөрчил байсан. Эцэстээ олон жил үргэлжилсэн мөргөлдөөнд хөтөлсөн юм. Засгийн газар болон коммунист үзлийг дэмжигчид зөрчилдсөн. Тэр бүлэглэлийн гол зорилго нь засгийн эрхийг гартаа авахад чиглэгдэж байсан. Тиймээс төрийн тэргүүнүүд эдгээр босогчтой тэмцэж эхэлсэн юм. Үүний тулд хөрш орнууд болон АНУ-аас зэвсгийн тусламж авч тэмцсэн. Ингэснээр босогчдыг Туркт хэлэлцээрийн ширээний ард суулгаж чадсан. Гэвч энхийн хэлэлцээр байгуулахын тулд дөрвөн жил зарцуулсан. Хагас зуун жил зэвсэгт тэмцлийн зовлон амссан колумбчууд тайван амьдрах эрхтэй.
САНАЛ БОЛГОХ