Мөчлөгийн өмнөх хамгийн том сорил

Спорт

Хамгийн бага өрсөлдөөнтэй жингээр 56 кг-ыг нэрлэхэд буруудахгүй

Шинэ он гарснаас хойш хамгийн завгүй байгаа хүмүүс нь спортынхон. Учир нь дэлхийн хэмжээнд амжилт гаргадаг гол төрлийнхөн энэ өдрүүдэд улсын аваргаа тодруулах гээд бөөн бужигнаантай байна. Сүүлийн гурван олимп дараалан медаль хүртсэн боксчдын хувьд 9-15-нд шилдгүүдээ тодруулах учиртай. Түрүүлсэн боксчин цааш тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцох учир ач холбогдол өндөр байх нь мэдээж.

Энэ жилийн тэмцээн олимпийн шинэ мөчлөгийн эхэнд зохиогдож буйгаараа онцлогтой. Тэмцээнээс тодорч гарсан боксчин шигшээ багийн гишүүн болж, айсуй Токиогийн олимпод бэлтгэгдэх учиртай. Ялангуяа залуу боксчдын хувьд өөрийгөө нээн харуулах хамгийн том боломж нь энэ тэмцээн билээ. Шийдвэрлэх сорил болсон УАШТ-д хэн, хэн дээгүүр өрсөлдөх магадлалтайг сонжоод үзье.

49 кг: Шигшээ багийн тамирчин Г.Ган-Эрдэнэ сүүлийн жилүүдэд энэ жинд ноёлж буй. “Жижиг Үүеэ” хочтой тэрбээр олимп, дэлхийн медальт П.Сэрдамбын үлдээсэн орон зайг нэгэнт эзлээд авсан. Түүнтэй Баянгол дүүргийн Г.Ариунболд, “Алдар”-ын Х.Энхмандах нар хүчтэй өрсөлдөх болов уу. Энхмандахын хувьд оюутны Универсиад наадмын аварга Х.Энх-Амарын төрсөн дүү. Өнгөрсөн жил “Чингис хаан кап” олон улсын анхдугаар тэмцээнд түрүүлж, юм дуулгах хүү гэдгээ харуулсан. Ингэхдээ хагас шигшээд Г.Ариунболдыг хожсон юм. Гэхдээ Ган-Эрдэнэ олимп, ДАШТ-д оролцож, дэлхийн томчуудтай нударга зөрүүлээд үзсэн туршлагаараа түрүүлэх биз ээ. Хэрэв тэр бэлтгэлээ сайн базаахгүй бол дүү нар араас нь хүч түрэн гарч ирж буйг Энхмандахын жишээнээс харж болно.

52 кг: Өнгөрсөн жил энэ жинд Х.Энх-Амар түрүүлж, Б.Гандулам үзүүрлэсэн. Дээрх дүр зураг өнөө жил ч давтагдах магадлал өндөр. Тэдэн дээр нэмэгдээд Баян-Өлгийн А.Нурлан медалийн тавцанд гишгэх болов уу. Тэрбээр 2015 онд шигшээ багийн гишүүн болж, олон улсын тэмцээн болоод Азийн аваргад оролцоод үзчихсэн. Товчхондоо бол туршлага дутахын зовлон алга.

Х.Энх-Амарын хувьд боксоор хичээллэсэн гурав дахь жилдээ л Универсиад наадамд оролцож, дэлхийн аварга М.Алояныг нутагт нь хожиж түрүүлсэн удаатай. Ер нь түүнээс спортын хорхойтнууд их амжилт хүлээж буй. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд дотооддоо торолгүй түрүүлдэг байх нь чухал. УАШТ-д хэрхэн тоглохыг нь харъя.

У.Мөнх-Эрдэнэ УАШТ-д оролцсон бол өрсөлдөөн улам гоё болох байлаа
56 кг: Риогийн олимпод оролцож, медалийн төлөө өрсөлдсөн Э.Цэндбаатар аль жинд өрсөлдөхөөс их зүйл хамаарах болчихоод байна. Дасгалжуулагч Б.Энхтайваны хэлснээр үндсэн жин 56 кг-д орохоор жингээ хасч байгаа юм билээ. Хэрэв жиндээ ороод ирвэл гарцаагүй түрүүлэх болно. Учир нь сүүлийн жилүүдэд түүнтэй тогтмол өрсөлдөж буй Э.Идэрхүү боксын спортоо орхиод байгаа юм. Харин жингээ хасч амжилгүй 60- д орохоор бол 56 кг-ын өрсөлдөөн сулраад ирнэ. Ер нь хамгийн бага өрсөлдөөнтэй жингээр 56 кг-ыг нэрлэхэд буруудахгүй болов уу.

60 кг: Олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, боксчдын нэр хүндийг аварсан Д.Отгондалай УАШТ-д найм дахь удаагаа түрүүлнэ гээд зоригтой хэлчихье. Учир нь түүнтэй тэнцүүхэн үзчихээр боксчин жинд нь алга. ОУХМ О.Батхүү ноднин түүнтэй финалдаад ялагдсан. Түүний хувьд тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан сайн боксчин. Гэхдээ шинэхэн гавьяатыг хожих хэмжээнд тоглож чадахгүй. Харин Цэндбаатар дээд жиндээ ороод ирвэл Д.Отгондалайтай хэрхэн тоглох нь сонирхол татаж байна. 64 кг: Армийн дэлхийн аварга Б.Чинзориг энэ жинд ноёрхлоо тогтоогоод гурван жилийг үджээ. Олимп, ДАШТ-д оролцоод үзсэн туршлага нь бусад тамирчинтай тоглоход том давуу тал болох нь гарцаагүй. О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ болон “Ширэн бээлий”-гийн Г.Баярхүү нар түүний гол өрсөлдөгч. Баярхүү 2015 онд болсон “Монгол туургатан” тэмцээнд түрүүлж, басч болохгүй өрсөлдөгч гэдгээ харуулсан юм. Уг нь энэ жинд хашир мастер У.Мөнх-Эрдэнэ оролцсон бол өрсөлдөөн улам гоё болох байлаа. Гэвч гавьяат маань хойд хөршид эрдэм номын мөр хөөж яваа сурагтай.

69 кг: Хашир туршлагатай Б.Түвшинбатыг ялах боксчин энэ жинд гарч ирээгүй л байна. Ноднин мөнгөн медаль хүртсэн “Сүлд”-ийн О.Батзориг урьдын адил түүний гол өрсөлдөгч байх болов уу. Сонирхуулахад, УАШТ-д Өвөрмонголын баг оролцох хүсэлтээ илэрхийлж, үүнийг нь холбоо хүлээн зөвшөөрчээ. Тэд 60 кг-д нэг, 69 кг-д хоёр, 81 кг- д хоёр тамирчинтай ирсэн гэнэ. Ялангуяа 69 кг-ын Хурцбилэг нь бүх Хятадын АШТ-д түрүүлж байсан эвгүй нөхөр. Өмнө нь Б.Түвшинбаттай нударга зөрүүлэхдээ ялж, ялагдаж явсан удаатай. Энэ залуу 69 кг-ын өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгох болов уу.

75 кг: Сүүлийн жилүүдэд 75 кг- д босоо байсан Н.Шинэбаяр жин өгсчээ. Тиймээс “Хангарьд”-ын Ж.Отгонжаргалд түрүүлэх сайхан боломж гарч ирэв. О.Олзбаатар, Д.Давааням нар түүний гол өрсөлдөгчид тооцогдож байна. 81 кг: Энэ жинд олон жил түрүүлсэн С.Эрдэнэбаяр мөн л дээд жингийнхэнтэйгээ тулалдахаар шийджээ. Тиймээс Н.Шинэбаяр торолгүй түрүүлнэ гэж боксын хорхойтнууд таамаглаж байна. Гэхдээ Өвөрмонголын хоёр тамирчин нэлээд эвгүй өрсөлдөгч болох нь бэлтгэлийн үеэр харагдсан сурагтай. Мөн “Алдар”-ын Т.Ибраимыг тооцооноос хасч болохгүй. Хүнд жингийн боксчдын хувьд ганц секунд сэрэмж алдахад нокаутад орох эрсдэлтэй. Тиймээс урьдчилан тааварлаагүй тулаан болох нь элбэг.

91 кг: “Хангарьд”-ын С.Эрдэнэбаярын хувьд 81 кг-д тоглоæ áàéõäàà олон жил жин хассан. Харин энэ жил дээд жиндээ тоглох болохоор ядралт багатай, цохилт нь илүү хүчтэй болох байх. Тиймээс жин өгссөн хэрнээ түрүүлэх магадлал хамгийн өндөр боксчинд тооцогдсон хэвээр. Хашир туршлагатай Т.Чулуунтөмөр, Д.Отгонбаяр нар түүнтэй алт булаалдах гол нэр дэвшигч.

+91 кг: Хамгийн хүнд жинд “Алдар”-ын Т.Эрболат, “Говь” цогцолборын Х.Мандахбаяр гэсэн тэнцүүхэн хоёр өрсөлдөгч байна. Хэн нь түрүүлэхийг урьдчилан тааварлахад бэрх. Бэлтгэлээ хэн сайн базаасан нь л улсын аваргын ээлжит алтаа авах болов уу. Т.Эрболатын хувьд ноднин 91 кг-д түрүүлсэн. Харин энэ жил хүнд жинд зодоглохоор шийдсэн гэнэ.

Эцэст нь сануулахад, өнөө жилийн УАШТ үе солигдохын эхлэл байх болов уу. Шигшээд данслагдаж, тив, дэлхийд эх орноо төлөөлөн олон жил тулалдсан боксчдын хувьд харих тийшээ хандаж байгаа. Залуу үе тэднийг түлхэн унагаж, байр суурийг нь эзлэхийн тулд УАШТ-ий үеэр өөрийн юу сурсныг харуулах ёстой. Гэхдээ хашир бурхинууд зайгаа амархан тавьж өгөхгүй болов уу. “Олон жил өндөр түвшинд тоглосон боксчид бэлтгэл муу хийсэн ч гэсэн тийм ч амархан зодуулахгүй. Тэмцээний өмнөхөн бэлтгэлдээ орж, кроссонд гүйж байгаад л залуусыг туршлагаараа ялдаг олон боксчныг би харсан. Олон тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулсан нь тэдний гол давуу тал болдог” хэмээн нэгэн ахмад боксчин өгүүлснийг эцэст нь сануулья.
САНАЛ БОЛГОХ