ФРАНЦЫН ЯЛАЛТ, ОРОСУУДЫН БҮТЭЛГҮЙТЭЛ
Спорт
Дэвид Бекхэм л ид үедээ түүн шиг гялалздаг байсныг санаж байна
Хөлбөмбөгийн Европын АШТ-ий хэсгийн хоёр дахь тоглолтууд эхэллээ. Одоогоор талбайн эзэн Франц болон Швейцарийн шигшээ шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ аваад байна.
ФРАНЦ - АЛБАНИ 2:0
Харин Лондоны багт нэг улирал гялалзсаныхаа ачаар Францын шигшээд дуудагдаж, өдгөө “Гурван өнгөтнүүд”-ийн гол найдвар болжээ. Тэрбээр нээлтийн тоглолтод эхний гоолын дамжуулалт өгсөн бол удалгүй цаг дуусах мөчид хожлын гоол хийж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Түүний гайхалтай цохилтыг харсан домогт хөлбөмбөгч Т.Анри “Румыний баг гурван хаалгачтай байсан ч энэ цохилтыг хааж чадахгүй” хэмээн уулгаж алдаж байв. Тэгвэл Дмитрий хэсгийн хоёр дахь тоглолтод дахин гоолдож, Францыг дахин ялалтад хөтлөв.
Францын дасгалжуулагч Д.Дешам Албанийн эсрэг тоглолтод гараандаа баг зэрэг өөрчилж, А.Гризман, П.Погба нарын оронд А.Марсиаль, К.Коман нарыг үндсэн бүрэлдэхүүнд багтаасан. Гэвч энэ өөрчлөлт үр дүнд төдийлэн хүрсэнгүй. Тэд хэдийгээр бөмбөг эзэмшилт, довтолгооны санаачилгаар илүүрхэж байсан ч гоол оруулах үндсэн даалгавраа биелүүлж чадаагүй юм. Уг нь Пайегийн дамжуулалтууд урьдын адил аюул учруулсаар байсан. Гэвч алсын дамжуулалтыг мөргөх учиртай нуруулаг тамирчид нь үүргээ биелүүлж чадсангүй. Ингээд аргаа барсан дасгалжуулагч хоёрдугаар үед Погба, Гризман, Жиньяк нарыг талбайд гаргалаа.
Тэд хэсгийнхээ хамгийн сул өрсөлдөгчтэй тэнцэхийг хүсээгүй тул довтолгоогоо эрчимжүүлж, харин Албани дайчин хамгаалсаар байв. Францын энэ олон довтолгоо эцэстээ үр дүнд хүрч, 90 дэх минутад Гризман гоол орууллаа. Хамгаалагч А.Рамигийн хөндлөн дамжуулалтыг “Атлетико”- гийн довтлогч “чулуу” болгож, өмнөх тоглолтод тааруухан байсан алдаагаа залруулсан юм. Үүнээс хэдхэн минутын дараа өнөөх Пайе гоол оруулснаар францчууд хоёр дараалсан ялалт байгуулж, хэсгээс шалгарах болзлоо хангалаа. Том тэмцээнд өөрийгөө дэлхий дахинд харуулж чадсан түүний араас Европын баян багууд хөөцөлдөж эхлэх нь тодорхой.
Албани хэдийгээр дахин хожигдсон ч тоглолт нь олон хүнд сэтгэгдэл төрүүлж чадав. Хүчирхэг өрсөлдөгчтэйгөө талбай дээр нь ширүүн тэмцэж, оноо зулгаах дөхсөн нь яах аргагүй том амжилт.
РУМЫН - ШВЕЙЦАРЬ 1:1
“А” хэсгийн нөгөө хоёр багийн тулаан тэнцээгээр өндөрлөснөөр швейцарьчууд плей-оффт өрсөлдөх эрхээ авч байна. Үнэндээ хоёр баг хэн хэнээсээ хол илүүрхэж чадаагүй тул тоглолт тэнцэж дууссан нь шударга байв. Румыний хувьд энэ тэмцээнд хийсэн хоёр гоолоо торгуулийн цохилтоос оруулжээ. Хоёр удаа пенальти цохиж, хоёуланг нь амжилттай болгосон Богдан Станку мэргэн буучдын жагсаалтыг Д.Пайегийн хамтаар тэргүүлж эхлэв. Румынчууд дараагийн тоглолтод Албанийг хожвол дөрвөн оноотой болж, хэсгээс гуравдугаар байраар шалгарах боломжоо хадгалж үлдэнэ. Харин Франц-Швейцарийн багууд энэ тойрогт тулж, хэсгээ хэн нь тэргүүлэхийг шийдэх болж байна.
ОХУ - СЛОВАК 1:2
Оросууд энэ жилийн Еврод янз бүрийн л адал явдалтай учирч байна. Хэсгийн эхний тулаанд Английн шигшээд 1:0-ээр хожигдож яваад цаг дуусахтай зэрэгцэн гоол оруулж, тэнцсэн мөч саяхан. Гэтэл дараа нь танхай хөгжөөн дэмжигчид нь зодоон үүсгэж, үүнээс болж Оросын хөлбөмбөгийн холбоо 150 мянган еврогийн торгуульд унасан. Түүгээр ч барахгүй дахиж ийм үйлдэл гаргавал тэмцээнээс хасах болно гэдгийг зохион байгуулагчид анхааруулаад байв. Энэ бүх бүтэлгүйтэл нөлөөлсөн үү бүү мэд, ямартай ч оросууд хоёр дахь тоглолтоо тун тааруухан хийлээ.
Оросууд дараагийн тойрогт Уэльсийг заавал хожих даалгавартай үлдэж байна
32 дахь минутад Словакийн хагас хамгаалагч В.Вайс эсрэг багийн хоёр хамгаалагчийг унатал хуураад нэгэн гоёмсог гоол оруулсан. Гэтэл эхний үеийн төгсгөлд Словакийн лидер Марек Хамшик үүнээс ч гайхалтай гоолоор Оросын хаалгыг мялааж, тоог 2:0 болгож орхисон. Түүний цохилтыг ямар ч сайн хаалгач хаах аргагүй байв. Ур чадвар, зэрэглэл ойролцоо багуудын хувьд хоёр гоолын зөрүүг нөхнө гэдэг маш хэцүү. Тиймээс энэ гоол тулааны хувь заяаг үндсэндээ шийдсэн юм. Товчхондоо бол Хамшик оросуудыг гамшиг болголоо гэж болно.
Гэхдээ оросууд 80 дахь минутад тооны зөрүүг ойртуулснаар үлдсэн 10 минутыг сонирхолтой болгосон. Хойд хөршийнхөн тоог тэнцүүлэх гэж жигүүрээр, төвөөр, булангаас гээд янз бүрээр довтолсон ч Словак дахиж алдаа гаргасангүй. Ийнхүү Хамшик ба түүний нөхөд эхний тоглолтод Уэльст хожигдсон алдаагаа залруулж, хэсгээс шалгарах сайхан боломжтой хоцров. Харин оросууд дараагийн тойрогт Уэльсийг заавал хожих даалгавартай үлдэж байна.
Г.Баярсайхан
@bayarsaikhanZGM
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй