Ү.Амарбат: 2000 оны алдаагаа засах гэж оролдож байна

Ярилцлага

Гүйцэтгэх засаглалтай холбоотой өөрчлөлтийг дэмжиж байгаа

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө боловсруулсан. Энэ талаар Үндсэн хууль судлаач Ү.Амарбаттай ярилцлаа. Тэрбээр энэ удаагийн өөрчлөлт сонгодог парламентын жишиг рүү ойртуулсан учраас дэмжиж байгаагаа онцлов.

-УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?

-Улс орнуудын судалгааны жишгийг харахад ойролцоогоор 20 гаруй жилийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Ер нь нийгмийн амьдралд 20-25 жилийн хугацаанд суурь бүтцийн өөрчлөлт ордог. Жишээлбэл, АНУ-ын Үндсэн хууль 300 орчим жилийн өмнө батлагдсан. Энэ хугацаанд 20 гаруй жилийн хугацаатай тодорхой нэмэлт, өөрчлөлтүүд хийсэн байдаг. Харин Монгол Улсын хувьд 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хуримтлагдсан нийгмийн тодорхой асуудлууд байгаа учраас энэ асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг үе мөн.

-УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд хэд хэдэн алхам хийж байна. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа эрх зүйн хоёр эх сурвалжийг голчлон баримтлах ёстой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн зургадугаар бүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн орчныг зааж өгсөн. Хоёрдугаарт, 2010 онд УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Энэхүү хоёр эрх зүйн орчны хүрээнд асуудлаа шийдэх ёстой. Өнөөдрийг хүртэл явж ирсэн үйл явцыг харахад дээрх хуулийн дэг журмыг зөрчсөн тохиолдол харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах алхам хуулийн хүрээнд явагдаж байна. Шүүмжлэх ганцхан зүйл бий. Өнөөдрийг хүртэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө олон нийтэд ил болгохгүй байна. Эрдэмтэн судлаачдын хувьд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэдхэн хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаснаас олж авсан. Олон нийтэд ил болгохгүй байгаа шалтгааныг хэлж мэдэхгүй юм.

-Хуулийн төсөлтэй танилцсан гэлээ. Төслийн талаар шүүмжлэлтэй, ололттой талыг нь юу гэж харав?

-Судлаачийн хувьд хэд хэдэн зүйл дээр тодорхой саналтай байгаа. Нэгдүгээрт, бусад бүх оронд байдаггүй шинэ төрийн институтыг Үндсэн хуулийн түвшинд гаргаж ирэхээр төсөлд тусгажээ. Тэр бол Төрийн хяналтын байгууллага. Энэхүү байгууллага нь босоо удирдлагын төрийн бүх байгууллагыг хянах үүрэгтэй. Эрх баригчид хариуцлагын механизмыг бий болгохоор дээрх институтыг бий болгосон хэмээн тайлбарласан байсан. Хариуцлагын механизмыг бий болгохын тулд шинэ институт бий болгох нь асуудлыг шийдэж чадахгүй гэж бодож байна. Дэлхий дээр цор ганцаараа оршин байгаа үндэстэн биш учраас олон улсын жишгийг харах хэрэгтэй. Ардчилсан тогтолцоотой оронд төрийн хариуцлагыг сайжруулах ийм институт байдаггүй. Мөн энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих ёстой байсан. Гэвч энэхүү заалт Зөвлөлдөх санал асуулга дээр бүдэрсэн. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн институт парламентын засаглалтай улс оронд хэтэрхий өргөн эрх мэдэлтэй, бүх ард түмнээс сонгогддог, ард түмнийг төлөөлж ярих цорын ганц субъект болж байгаа юм. Энэ нь сонгодог засаглалаа эвдэх хэмжээний болоод байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө олон нийтэд ил болгохгүй байна
-Энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр тусгасан шүү дээ. Зарим судлаач үүнд шүүмжлэлтэй хандаж байна?

-Гүйцэтгэх засаглалтай холбоотой өөрчлөлтийг дэмжиж байгаа. Энэ өөрчлөлт нь сонгодог парламентын жишиг рүү ойртуулсан учраас ихэнх судлаач дэмжинэ гэж бодож байна. Хамгийн чухал нь Ерөнхий сайдыг парламентаас сонгож, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх эрх нь Ерөнхий сайдад олгогдож байгаа юм. Ингэснээр Ерөнхий сайд нь эрх мэдлээ өөртөө авах боломж бүрдэнэ.

-2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт нь өнөөгийн засаглалын хямралыг бий болгосон хэмээн шүүмжилдэг. Засаглалын энэхүү хямралыг энэ удаагийн өөрчлөлтөөр шийдэж чадах уу?

-2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг задлаад харвал ганц нэг сайн заалт бий. Тухайлбал, 2000 оны өөрчлөлтөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайд томилоход голлох нөлөөтэй байсан. Парламентын засаглалтай оронд ийм заалт байж болохгүй хэмээн үзэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг болгож өөрчилсөн. Энэ бол дэвшилттэй заалт. Асуудал дагуулсан заалтууд ч бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлыг давхар гүйцэтгэдэг, парламентын хуралдааны цагийг багасгасан, ирцийг дордуулсан өөрчлөлтүүд юм. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг харж байхад өмнө нь дордуулсан заалтуудыг залруулсан зүйл ажиглагдаж байгаа. Ерөнхийдөө алдаагаа засах гэж оролдож байна. Гэхдээ Засгийн газрын гишүүд 100 хувь парламентын гаднаас томилогдох ёстой. Ерөнхий зургаараа бол энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн 80 хувь нь боломжийн гэж дүгнэмээр байна.

-УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Цаг хугацааны хувьд амжих уу?

-Үндсэн хууль бол ард түмний дээд хүсэл, илэрхийлэл. Тэр утгаараа ард түмнээсээ асууж, санал авснаар Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэж байгааг судлаачийн хувьд дэмжиж байна. Гэхдээ олон нийт оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг зарчмын хувьд мэдэж байна уу гэдгийг бодох ёстой. Иргэдээс асуухын тулд урт хугацааны кампанит ажил өрнүүлэх ёстой. Эрх барьж байгаа хүчин өөрсдөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний олонх болсон. Ийм үед ард нийтээсээ асууя гэж байгаа нь улс төрийн соёл. Эрх барьж байгаа хүчин олдож байгаа боломжоо ашиглан хурдтайгаар шийдвэр гаргаж байгаа нь ч зөв байж болох юм.
САНАЛ БОЛГОХ