БНХАУ-ын эдийн засагт нөлөөлөх үзүүлэлтүүд тааруухан гарлаа

Мэдээ

БНХАУ-ын эдийн засагт нөлөөлөх зарим үзүүлэлтүүд энэ сард сайнгүй гарлаа. Үүнд тус улсын Засгийн газар санхүүгийн эрсдэлийг бууруулах бодлогоо чангатгасан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. "Standard Chartered"-аас гаргадаг БНХАУ-ын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн итгэлийн индекс 58 нэгж байсан нь тавдугаар сард хоёр дахь сардаа буурч, 56.9 нэгж болсон байна. Харин борлуулалтын менежерүүдийн индекс 51.6 нэгж болж хагас жилийн доод түвшиндээ хүрчээ. 2017 он гарсаар олон улсын хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засагт эерэг хүлээлт тавьж байсан ч одоо сулраад байна. Учир нь тус улсын эрх баригчид банк санхүүгийн орчинд нэмэлт хязгаарлалт тавьсан нь улсын зээлийн зардал өсөх гол шалтгаан болж байна гэж шинжээчид тайлбарлажээ.

Түүнчлэн “Moody's” агентлаг БНХАУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь тус улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж магадгүй байна. Эдийн засгийн өсөлт энэ оны I улиралд шинжээчдийн таамгаас давсан ч энэхүү өсөлт эргээд саарч эхэлсэн байна. Хэдий тийм боловч хэрэглэгчид зарцуулалтаа үргэлжлүүлсээр байгаагийн дээр үйлдвэрлэлийн үнийн индекс өсөж байгаа учраас энэ агшилт өргөн цар хүрээг хамрахгүй гэж ажиглагчид онцолжээ.




САНАЛ БОЛГОХ