1283

S&P: Монголын банкнуудын төлөв "тогтвортой"

Мэдээ

Олон улсын үнэлгээний "S&P" агентлаг Монголын банкнуудын эрсдэлийн үнэлгээг танилцууллаа. Тус агентлаг банкнуудын эрсдэлийн хандлагыг тогтвортой гэж үнэлсэн байна. Банкны салбарыг тогтвортой гэж үнэлэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлснийг "S&P" агентлаг мэдэгдлээ. Үүнд банкны салбар гаднын санхүүжилтээс хараат байдал нь буурч байгаа нь хамгийн гол нөлөөг үзүүлсэн байна. Мөн арилжааны банкнуудын гаргаж буй зээлийн өсөлт удааширч, гадаад валютаар олгох зээл ч буурч байгаа нь эерэг нөлөөтэй байгааг "S&P" онцоллоо. Үүнээс гадна банкны салбарт гарч буй эерэг өөрчлөлтүүд нь цаашид салбарт ашиг тусаа өгнө гэж тайланд дурджээ.

Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт амжилттай хамрагдаж чадсан нь гадаад санхүүжилтийн нөхцөл байдлыг сайжруулж, итгэлийг нэмэгдүүлсэн аж. Ийнхүү "Санхүүжилт тогтвортой болсноор банкнууд дотоодод олгох зээлээ санхүүжүүлэхийн тулд гадаад валютаар бонд гаргах шаардлага буурна" гэж "S&P" үзсэн байна.

Үнэлгээг нарийвчлан харвал "Голомт" болон Хөгжлийн банкны төлөвийг "сөрөг"-өөс "тогтвортой" болгон дээшлүүлжээ. Мөн банкнуудын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "-В", богино хугацааны зэрэглэлийг "В" болгон нэмэгдүүлсэн байна.




САНАЛ БОЛГОХ