Шилдэг боксчдын тэмцэл эхэллээ

Спорт

Дэлхийн томчууд сонгон шалгаруулалтаар цугласан учир сул өрсөлдөгч гэж үгүй

Олон улсын боксын холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээн Германы Хамбург хотноо энэ сарын 24-нд эхэллээ. Энэхүү тэмцээнд тив тивийнхээ аваргад оролцсон 750 гаруй боксчноос шалгарч эрхээ өвөртөлсөн 75 орны 243 тамирчин оролцож байна. Тусгайлан эрх авсан цөөн тамирчин оролцож байгаа болохоор эхний даваанаас л хатуу ширүүн тоглолтууд гарна гэсэн үг. Боксын ДАШТ 1974- 1986 онд дөрвөн жил тутам, 1989 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулагдаж иржээ. Санхүү, зохион байгуулалтынхаа зардлыг бууруулах зорилгоор 2015 оны Дохагийн дэлхийн аваргаас эхлээд тив тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн аваргад оролцох эрх олгох журамд шилжсэн нь тулаан бүрийг сонирхолтой болгож, олон хоног үргэлжилдэг нь ч багасчээ. Өмнөх ДАШТ- үүдэд оролцогчдын тоо 800 руу дөхөж байсан юм.

Энэ удаагийн тэмцээнд шинэ залуу боксчид олон байгаагаас гадна Риогийн олимпийн аварга Узбекистаны Хасанбой Дусматов, Кубын Хулио Сесар Ла Круз, Оросын Евгений Тищенко, дэлхийн аварга Кубын Аргилагос Жоахнис, Лазаро Алварез, Арлен Лопез, Оросын Виталий Дунайцев нараар ахлуулсан шилдгүүд ч бас алдар цолоо хамгаалахаар ирсэн байна. Эдгээр шилдгийн дотор манай ОУХМ Г.Ган-Эрдэнэ (49 кг), гавьяат тамирчин Д.Отгондалай (60 кг), ОУХМ Б.Чинзориг (64 кг), ОУХМ Б.Түвшинбат (69 кг) нар ч шагналын тавцанд зогсох чансаатай боксчдын тоонд зүй ёсоор орж байгаа юм. Спортын төрлүүдээс үзэгч, сонирхогчдын тоогоор тэргүүн эгнээнд явдаг боксын ДАШТ-д аль улсын хэн гэдэг тамирчин алдрын оргилд хүрэх талаар мэргэжилтнүүд янз бүрийн таамаг дээшүүлсээр байна. Сонгон шалгаруулалтаар орж байгаа болохоор нэг жинд оролцогчдын тоо олимпийн наадамтай ижил байхаар тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, гурав давбал медалийн тавцанд зогслоо л гэсэн үг. Гэхдээ тивүүдийн сонгон шалгаруулалтаар дэлхийн шилдгүүд цугласан учраас сул даваа гэж байхгүй.

49 кг-ын жинд 23 боксчин бий. Риогийн олимпийн үзүүр түрүүний боксчид болох Узбекистаны Х.Дусматов, Колумбын Ю.Мартинес нар хоёулаа ирсэн ч 2015 оны дэлхийн аварга, Риогийн олимпийн хүрэл медальт Кубын Аргилагос Жоахнис чансааны нэгд бичигдсэн учраас энэ хоёрын аль нэг нь л үзүүр түрүүнд хүрэх боломжтой. Аргилагос Риогийн олимп болон энэ оны Америк тивийн аваргад Колумбын боксчинд дараалан ялагдчихаад байгаа. Харин энэ удаа даагаа нэхэхээр тэсэж ядан байгаа нь гарцаагүй. Ер нь энэ жингийн шилдгүүд тун жигдхэн. Жингийнхээ чансааны зургаад эрэмбэлэгдэж байгаа Г.Ган-Эрдэнийн хувьд нэгийн даваанд гоц мөргөж, хоёрын даваанд өнгөрсөн шөнө Туркийн боксчин Унлу Мохаммедтай тулалдсан. Манай тамирчин туршлага, арга техник гээд аль ч талаараа түүнээс илүү. Хэрэв хожвол хүрэл медалийн төлөөх тулаанд тун хатуу өрсөлдөгч болох Риогийн олимпийн мөнгөн медальт Колумбын Мартинез, энэ оны Европын аваргын мөнгөн медальт Английн Яафай Галал хоёрын нэгтэй тулна.

60 кг-ын жинд Д.Отгондалай гуравт эрэмбэлэгдсэн. Өмнө нь дэлхийн гурван удаагийн аварга Кубын Лазаро Алварез, Риогийн олимпийн мөнгөн медальт Софиане Оумиха нар байгаа. Энэ хоёртой болон чансааны дөрөвт бичигдсэн дэлхийн аваргын хүрэл медальт, энэ оны Ази тивийн аварга Укбекистаны Элнур Абдураймовтай хагас шигшээгээс наана таарахгүй гэсэн үг. Франц залуугаас Риогийн олимпийн даагаа нэхэхийн тулд заавал медаль дээр буусан байх хэрэгтэй болж байгаа юм.

Б.Түвшинбатын бусдаас ялгарах давуу тал нь хүчтэй цохилт
Манай тамирчин нэгийн даваанд эрэмбээрээ гоц мөргөсөн. Дараа нь Израилийн залуу боксчин Ишченко Павелтай урд шөнө тулалдсан юм. Ишченко бол энэ оны Европын аваргад Румын, Беларусь, Гүржийн боксчдыг ялж хүрэл медаль хүртсэн, задгай өрж, дайчин давшиж тулалддаг эвгүй боксчин. Энэ залууг дийлсний дараа хүрэл медалийн төлөө Алжирын Бенбазиз Редатай таарах болов уу. Д.Отгондалай Риогийн олимпод хүрэл медалийн төлөө түүнийг ялж байсныг спортын хорхойтнууд мартаагүй биз ээ.

64 кг-ын жинд 24 боксчин тулалдана. Манай ОУХМ, энэ оны Азийн аваргын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгдэж байна. Энэ бол медалийн төлөөх тулаанаас өмнө шинэ залуу шилдгүүдтэй учирна гэсэн үг. Чинзориг дүрмийн дагуу нэгийн даваанд гоц мөргөөд өнөөдөр Унгарын Ковач Ричардтай тулалдах оноолт таарчээ. Унгар эр нэгийн даваанд Науру улсын ганц сайн боксчин Галеб Коланыг ялсан, энэ оны Европын аваргад Финланд, Беларусийн боксчдоор хоёр давж, Арменийн тамирчинд ялагдан тавдугаар байрт шалгарсан амжилттай. Түүнийг аргалчихвал хүрэл медалийн төлөө Европын аварга Арменийн Бачков Ховханнес, Казахстаны залуу тамирчин Ибрагимов Бекдаулет хоёрын нэг нь хүлээж байна. Медальд хүрч чадвал Кубын залуу боксчин, Америк тивийн аварга Энди Круз, Америк тивийн аваргын мөнгөн медальт Доминиканы Елвис Родригез болон Ирланд, Канадын боксчдоос хэн шалгарсантай цааш тулалдах юм.

69 кг-ын жинд 26 боксчин оролцож байна. Манай хашир туршлагатай тамирчин, Азийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медальт Б.Түвшинбат тэдний нэг. Түвшинбат уг нь олимп, дэлхийгээс аль эрт медаль авчих байсан хэмжээний боксчин. Гэвч шударга бус шүүлтэнд дэндүү олон өртсөн нэгэн. Харин энэ удаа юм дуулгах байх гэж олон хүн харж байгаа. Түүний гол давуу тал нь хүчтэй цохилт. Мөн олон жил тоглосон туршлага нь бусдаас илүү гарах үндэс болжээ.

Энэ жинд хашир туршлагатай шилдгүүд олон бий. Ер нь дэлхийн шилдгүүд бараг бүгд оролцож байгаа жин бол 69 кг. Тэднийг Риогийн олимпийн мөнгөн медальт Узбекистаны залуу од Шахрам Гиазов чансаагаараа тэргүүлж, манайхны сайн мэдэх олимп, дэлхийн аварга Кубын Иглесиас Сотолонго удаалж байна. Б.Түвшинбат эхний даваанд Польшийн Кивиор Дамианыг 5:0-ээр хожиж, багийнхаа ялалтын салхийг хагалсан. Одоо дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Парвиз Багировтой үзэлцэнэ. Түүнийг хожвол хүрэл медалийн төлөө энэ оны Европын аварга Германы Аббас Бараоу түүнийг хүлээж байх болов уу. Өмнө нь Германы “Химийн цом”-д нэг таараад нутгийн ринг нь түшиж Аббас ялж байсан юм.
САНАЛ БОЛГОХ