Эрдсийн ганзага дундраагүй

Мэдээ


Эрдсийн орлого ДНБ-ий 6.2 хувийг бүрдүүлжээ

Уул уурхай түшсэн эдийн засагтай гэдгээ монголчууд ойрын өдрүүдэд таг мартжээ. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос энэ оны гуравдугаар улиралд эдийн засаг 5.8 хувиар өссөн гэдгийг хагас сарын өмнө танилцуулсан. Өсөлтийн 48.8 хувь буюу бараг тэн хагас нь НӨАТ-ын татвараас бүрдсэн нь олон шинжээч, эдийн засагчийн хүлээлтээс огт өөр үр дүн харууллаа. Эрдсийн экспортоор төсөөлж байсан эдийн засгийн өсөлтийн ноён нуруу худалдаа үйлчилгээний салбарт байр сууриа тавьж өгөв. Мөнгө цагаан, нүд улаан гэдэг шиг төсвийн орлогын урсгалд НӨАТ жин дарсан нь үнэн.

Гэхдээ эрдсийн ганзага дундраагүй. Харин ч өмнөх жилүүдтэй харьцуулахад олз ихтэй, гадаад худалдааны ашиг, валютын гол эх үүсвэр хэвээр. Нөгөөтэйгүүр, хоёрдугаар улиралд ДНБ-ий өсөлтөд голлох нөлөө үзүүлсэн нүүрсний экспортын дам нөлөө ч худалдаа, үйлчилгээний салбарт ажиглагдсан байж болохыг шинжээчдийн зарим нь үгүйсгэхгүй байна. Урд хөршид сайн чанарын нүүрс нийлүүлэхээр өмнийн шаргал говьд олон арван км цуваа үүсгэсэн урт шалаанзны жолооч нар эрдсийн ганзгыг мялаасан гол хүч. ҮСХ-ны мэдээлснээр 2017 оны эхний арван сард Монгол Улсын гадаад худалдаа 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Үүнээс экспорт 1.5 тэрбум ам.доллараар өсөж, ойрын үед үзэгдээгүй дээд амжилт тогтоолоо. Үүний 1.4 тэрбум ам.долларыг нь эрдсийн экспорт бүрдүүлсэн бөгөөд нүүрс орлогын дүнгээрээ бусад эрдсээ манлайлж 1.3 тэрбум ам.долларт хүрэв. Ингэснээр уул уурхайн салбар ДНБ-ий 6.2, аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлд 69.9 хувийг эзэлжээ. Эрдсийн ганзагыг мялаасан нүүрс биет хэмжээгээрээ ч өссөн. 2017 оны аравдугаар сард нийт 1.9 сая тонн нүүрс экспортолсон нь 2016 оны мөн үеэс 3.1, 2015 оны жилийн эцсээс дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.

Гэхдээ нүүрсний экспорт олон шалтгааны улмаас хүлээлтэд хүрээгүй гэдгийг салбарын сайд хэлсэн. Энэ онд 32 сая тонн нүүрс экспортлох хүлээлттэй байсан ч 6-7 дугаар сард Гашуунсухайт боомтын нүүрсний урсгал гурав дахин хумигдсан. Үүний улмаас сар бүр нүүрснээс төсөвт орох орлогыг 135 сая ам.доллараар алдаж байгааг эдийн засагч Л.Наранбаатар тухайн үед анхааруулж байсан билээ. Харин зэсийн баяжмалын экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнгээрээ долоон хувь багасчээ. Оны эхний арван сард 1.1 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 100 хувь өмнөд хөршид экспортолсон нь мөнгөн дүнгээрээ 1.3 тэрбум ам.доллартай тэнцэх аж. Блумберг телевизийн мэдээлснээр зэсийн гол үйлдвэрлэгч “Оюу толгой” компани энэ онд 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Харин зөвхөн III улирлын байдлаар 246.9 сая ам.долларын орлого олсон нь өмнөх улирлынхаас 21.2 хувиар нэмэгдсэн дүн юм. Хэдийгээр баяжмалын борлуулалт бага байсан ч зэс болон алтны үнэ өссөн нь орлогод гол нөлөө үзүүлсэн гэж “Оюу толгой” компани мэдэгдсэн аж. Үүнээс гадна төмрийн хүдрийн экспорт 33 орчим хувиар өсөж, 263.7 сая ам.доллар болсон байна. Жоншны экспорт мөн 26 хувиар өсөж, 63.3 сая ам.доллар болсон бол алтны экспорт 16 хувиар өсөж, 514.7 сая ам.долларт хүрснийг санхүүгийн голлох суваг мэдээлсэн. Харин шинжээчдийн үзэж буйгаар эрдсийн экспортын орлого өмнөх жилүүдийнхээс өндөр байгаа нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой аж. “Түүнээс биш уул уурхайн салбарын менежмент сайжирснаас дээрдсэн гэж үзэхгүй” хэмээн эдийн засагч Г.Дамдинням тайлбарласан.

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр өмнөх онтой харьцуулахад энэ оны аравдугаар сард алтны дундаж үнэ 11, зэсийнх 19, коксжих нүүрснийх найм хувиар тус тус өссөн байна. Биет хэмжээгээр зэсээс бусад түүхий эдийн экспорт нэмэгдсэн ч үүнийг зохистой хэмжээнд хадгалах шаардлагатайг хэлж байна. Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр “Эрдсийн экспортоо нэмэгдүүлэхээс илүүтэй тогтвортой байлгах нь чухал. Экспортын тогтвортой байдлыг хадгалснаар түүхий эдийн үнийн савлагааг багасгах боломжтой. Тиймээс өрийн дарамт түр намжсан ойрын 2-3 жилд энэ тогтвортой байдлыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэх нь чухал” гэв.




САНАЛ БОЛГОХ