Давосын эрхмүүд салаа замын уулзварт

Мэдээ



Хагаралдсан дэлхийн хамтын ирээдүй ямар байх вэ

Технологийн хөгжлөөрөө кибер халдлага үйлдэх бүрэн чадавхтай гэдгээ дэлхийн 30 гаруй орны Засгийн газар хүлээн зөвшөөрчээ. Ердийн зэвсэгтэй харьцуулахад кибер халдлага биет бус, нууцлагдмал байдаг тул эргээд мөрдөх, олж тогтоох амаргүй байдаг. Гэтэл энэхүү нууцлаг байдал нь улс орнуудад туршилтын журмаар зэвсгээ тараан байрлуулах тактик болон стратегиа хаалттай хаалганы цаана боловсруулахад таатай боломж олгодог байна. Өөрөөр хэлбэл, кибер зэвсгийн төлөөх өрсөлдөөн ид өрнөж буй.

Харамсалтай нь, шинэ зууны хамгийн том дайсан гэгдэж буй кибер зэвсгийн аюул болон эрсдэл гэдэгт бид юуг хамаатуулж ойлгодог вэ. Мэдээлэл алдагдсанаас учрах хохирлын талаар бид юу мэдэх вэ. Өдөр ирэх бүр эрчимжиж, жилээс жилд учруулсан хохирол нь нэмэгдэж байгаа кибер халдлагыг таслан зогсооход Женевийн конвенц гаргаж яагаад болохгүй гэж хэмээн өнөөдөр эхэлж буй Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулган онцолж байна. “Хагаралдсан ертөнцөд хамтын ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж буй энэ удаагийн чуулганыг нээх хүндтэй үүргийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүлээжээ. “Энэ бол ДНБ-ий өсөлтөөрөө Франц, Их Британийн урд гишгэж, дэлхийн хамгийн том таван эдийн засгийн нэг болж буй Энэтхэгийн тухай гайхалтай эерэг сурталчилгаа болно” хэмээн Economic Times сонин онцолсон байна.

Энэтхэг улс эдийн засгаараа цойлох хоёр дахь Хятад гэдэг нь нэгэнт тодорхой болсны зэрэгцээ ардчиллын тулах багана хэмээх имижийг бүрдүүлэхээр Нарендра Моди 2015 оноос хойш амжилттай зүтгэж байгааг WSJ зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байна. Альпийн цэнгэг агаарыг таашаах жуулчдын цувааг үргэлжлүүлэхээр цугласан эрхмүүдийн эгнээнд АНУ- ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдэж, 26-нд чуулганы хаалтын илтгэлийг тавих тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. 2000 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Билл Клинтоноос хойш өнөөдрийг хүртэл тус улс төрийн тэргүүний хэмжээнд улс төр, эдийн засгийн элитүүдийн уулзалтыг чухалчилж байгаагүй юм. Мөн өмнө нь АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган видео уулзалт хийж байсан аж. АНУ-аас гадна Их- 7-ийн бүрэлдэхүүнээс Франц улс төрийн тэргүүний, харин бусад нь Ерөнхий сайдын хэмжээнд оролцож буй. Харин Монгол Улсын хувьд Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар оролцохоор цаст Давосыг зорьжээ.

Урьдчилсан мэдээллээр УУХҮ-ийн сайд хоёр салбар хуралдаанд оролцох аж
Урьдчилсан мэдээллээр УУХҮ-ийн сайд хоёр салбар хуралдаанд оролцох аж. Эхнийх нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зургадугаар зорилтын хүрээнд усан хангамжийн аюулгүй байдлын талаар илтгэл тавих аж. Харин удаах нь Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчны талаар уул уурхай, металлын салбарын тоглогчдод мэдээлэл өгөх юм байна. Эргэн сануулахад манай улс энэхүү чуулга уулзалтад 1991 оноос Тэргүүн шадар болон Ерөнхий сайдын түвшинд, харин 2009 оноос Ерөнхийлөгчийн түвшинд оролцож ирсэн юм. Өнгөрсөн жилийн хувьд Давосын эрхмүүд уур амьсгалын өөрчлөлт хийгээд дэлхийн эдийн засгийн өсөлтийг илүү онцолж байсан бол энэ жилийн үндсэн сэдэв нь технологийн хөгжил эдийн засаг, улс орнуудын өрсөлдөх чадвар, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх талаар нээлттэй хэлэлцэх аж. Технологийн дэвшил болоод хүрээлэн буй орчны доройтол нэмэгдэж байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд үүний шийдэл нь юу байх тухай оролцогчид санал бодлоо солилцоно гэдгийг чуулганы албан ёсны цахим хуудаст онцолсон байна.

Улс орнуудын хооронд өрсөлдөөн улам ширүүсэж, хэт их мэдээллийн эрчимтэй урсгал нь нийгмийг хагаралдуулах, цаашлаад олон улсын хамтын ажиллагаанд саад болж буй эрсдлийг даван туулах гарцыг эрэлхийлэх аж. Энэ удаагийн чуулганд онцолж буй бас нэг сэдэв бол BRICS- ийн орнуудад глобалчлалын шинэ хувилбар төрж магадгүй гэсэн таамаг. Хөгжингүй орнуудад глобализмын судасны лугшилт удааширч, бүс нутгийн интеграцыг сэргээж, эрчимжүүлэх найдвар дэлхийн нийт хүн амын 40 хувь, ДНБ-ий 23 хувийг бий болгодог BRICS-т шилжиж магадгүй юм. Орлого, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгож чадаагүй аж үйлдвэрийн гурав дахь хувьсгалын сул талыг нөхнө хэмээн үзэж буй дөрөв дэх хувьсгал нэгэнт хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд нэвтэрсэн. Тиймээс ч энэ үйл явцыг засаглалд нэвтрүүлэх замаар улам эрчимжүүлэх арга замыг Давосын чуулганы санаачлагч доктор Клаус Шваб боловсруулан Shaping the Fourth Industrial Revolution бүтээл болгожээ.

Мөн орлогын тэгш хуваарилалт, дэлхий нийтийн өмнө тулгамдсан эрүүл мэндийн асуудал, бизнесийн шинэ боломжуудыг хөгжлийн бодлоготой уялдуулах гээд өргөн хүрээтэй асуудлыг нийт 100-гаад орны 2500 гаруй төлөөлөгч 400 орчим салбар хуралдаанаары хэлэлцэх юм.


САНАЛ БОЛГОХ