Санхүүгийн зах зээл рекорд өсөлт харуулав

Мэдээ


Үнэт цаасны зах зээл хамгийн өндөр өсөлттэй байв

Эдийн засгийн үндсэн салбаруудын хувьд 2017 он сэргэлтийн жил байсан бол санхүүгийн оролцогчдод өсөлтийн үе тохиолоо. Үнэт цаасны зах зээлийн хөрөнгийн багтаамж түүхэн дээд хэмжээнд хүрэхийн зэрэгцээ даатгал, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) гээд санхүүгийн салбарын бусад оролцогчид ойрын хэдэн жилд тохиогоогүй өсөлт үзүүлэв. Нийтэд нь авч үзвэл 2017 онд банкнаас бусад санхүүгийн салбарын өсөлт 25 хувьтай байгааг СЗХ-ноос мэдээллээ. Үүнийг дагаад активын хэмжээ нь ч нэмэгдсэн байна. СЗХ-ны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун “Банкнаас бусад санхүүгийн салбарын нийт активын хэмжээ 2017 онд 3.8 их наяд төгрөгт хүрсэн” гэв. Ингэснээр активын дүнгээр дээрх оролцогчид санхүүгийн салбарын 10 гаруй хувийг бүрдүүлэх боллоо. Бизнесийн хамгийн ирээдүйтэй загвар болох финтек үйлчилгээний “ЛендМН” ББСБ-ын хувьцааны захиалга ид явагдаж буй үнэт цаасны зах зээл хамгийн өндөр өсөлттэй байжээ.

Хөрөнгийн зах зээлийн нийт актив 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь 2016 онтой харьцуулахад 65.5 хувийн өсөлттэй, ДНБ-ий есөн хувьтай тэнцэж байгаа юм. 2016 онд 16.8 хувийн өсөлттэй байсан энэ салбарт өнгөрсөн онд хэд хэдэн чухал үйл явдал өрнөсөн. Дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийн нэгдэн нийлэх үйл явц, шинээр гаргасан хувьцаанууд хүлээлтээс өндөр дүнгээр арилжаалагдсан нь уг зах зээлийн эрэлт өндөр байгааг харуулж буй аж. Өмнөх онтой харьцуулахад МХБ-ийн ТОП-20 индекс 66.5, MSE-ALL индекс 33.1 хувиар өссөн аж. Үнэт цаасны зах зээлийн хөрөнгийн урсгал идэвхжихэд эдийн засгийн суурь үзүүлэлт сайжирснаас гадна СЗХ-ны салбар хоорондын уялдааг хангасан зохицуулалтууд нөлөөлсөн гэж Н.Хүдэрчулуун хэлсэн. Тухайлбал, 2015 оноос нэвтрүүлсэн кастодиан банкны үйлчилгээ болон банк, түүний охин компаниуд энэ зах зээлийн оролцогч болох боломжтой болсон зэрэг нь эерэг өөрчлөлт авчирсан байна. Өнөөдрийн байдлаар СЗХ-нд бүртгэлтэй кастодиан банкны тухайлсан бүртгэлтэй гурван компани байгаа бөгөөд зөвшөөрлөө хүлээж буй таван хуулийн этгээд байгаа юм.

Мөн Голомт, Худалдаа хөгжлийн банкны хоёр охин компани үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа нь хамгийн өндөр үнэлгээтэй компаниудыг тэргүүлж буй. Харин даатгалын салбарын цэвэр ашиг 15.7 хувиар өсөж, 13.2 тэрбум төгрөг болсонд давхар даатгалын компаниуд жин дарсан байна. Нийт даатгалын компаниудын 17.7 хувийг бүрдүүлдэг давхар даатгалын компаниудын ашгийн хэмжээ 2017 онд 55.6 хувиар өсчээ. Даатгалын салбарын хөрөнгө 244.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын байгууллагуудыг зах зээлтэй нь холбож өгдөг даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлдэг 43 компани СЗХ- нд бүртгэлтэй. Үүний 20 орчим хувийг Монголын томоохон банкууд эзэлдэг аж. Банкны тухай хуулийн дагуу 2014 оноос СЗХ даатгалын зуучлалын үйлчилгээний тусгай зөвшөөрлийг банк болон түүний охин компаниудад олгодог болсон. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Банкууд даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэх болсноор даатгалын салбар идэвжсэн” гэв. 2017 оны байдлаар даатгалын нийт хөрөнгийн 79.1 хувийг ердийн даатгалын компаниуд эзэлж байгаа бөгөөд нөөц сан нь 26.9 хувиар өсөж, 118.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Санхүүгийн салбарт эргэлдэж буй 30 гаруй их наяд төгрөгөөс 969.2 тэрбум нь бүртгэлтэй байгаа 534 ББСБ-д эргэлдэж байна. Нийт 638 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх оныхоос 33.4 хувиар өссөн аж.

Нийт ашиг нь 13 хувиар нэмэгдэж, 66.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин салбар бүхэлдээ 23.1 хувиар тэлжээ. Тус салбар дахь хөрөнгийн өсөлтийн 88 хувийг зээлийн өсөлт хангасан байна. Мөн өнгөрсөн онд эдгээр байгууллагын хүүгийн хэмжээ 4-3.4 хувь болж буурсан гэдгийг албаныхан онцлов. Цаашид ч зээлийн хүүг бууруулах боломжийг СЗХ судалж буй аж. Үнэт цаасны зах зээлийн дараа хамгийн өсөлттэй салбар нь Хадгаламж зээлийн хоршоо байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 290 ХЗХ-ны нийт хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрсэн нь 35.4 хувийн өсөлттэй байсныг харуулж буй аж. Өөрөөр хэлбэл, 2007 оноос хойш тохиож буй 30-аас дээш хувийн өсөлттэй цаг үе нь 2017 он болов. Мөн чанаргүй зээлийн хэмжээ 2016 оныхоос 1.2 нэгжээр буурч 4.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин олгосон зээлийн хэмжээ 105.2 тэрбум төгрөгт хүрэв. Банкнаас бусад санхүүгийн салбаруудын өсөлт энэ онд ч гэсэн хадгалагдах төлөвтэй байгааг албаны эх сурвалжууд хэллээ. Гэхдээ эдийн засгийн суурь орчин ганц салбараас хамаарч буй нөхцөлд санхүүгийн салбарт эрсдэл өндөр байгааг анхааруулав.


САНАЛ БОЛГОХ