Ноолуурын салбарт амбийцтай хөдлөх цаг ирлээ

Зах зээл


Ноолуурын салбарт амбийцтай хөдлөх цаг ирлээ


Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх мөнхийн хүсэлтэй. Гэвч энэ хүслээ биелүүлж чадахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Ирэх долоо хоногийн эхээр болох Монголын эдийн засгийн ээлжит чуулганы хэлэлцэх сэдвийн нэг нь өнөөх л төрөлжилт. Үүнийг холбогдох албаныхан байнга ярьж, хэлж байгаа боловч нүдэнд үзэгдэх дэвшил дорвитой харагдахгүй байгаа. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн атал тоон үзүүлэлт өөр үр дүн хэлнэ. Монгол Улсын экспортын ердөө 10.8 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж байна. Уул уурхайн бус экспортын зөвхөн 20 орчим хувийг л ноос, ноолуур, арьс ширэн болон нэхий гэх мэт бэлэн бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа. Экспортод гаргаж буй бүтээгдэхүүнээ цааш задалж үзвэл, дийлэнх нь хагас боловсруулсан байдлаар гарч байна. Манай улсын экспортыг солонгоруулах үндсэн түүхий эдүүдийн нэг нь ноолуур гэдэгтэй хэн ч маргахгүй. Ухаад шавхагддаг бус ургаж төлждөг салбарын онцлох бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ олон улсын зах зээл улам тэлж байна.


Гэтэл бид дэлхийн ноолуурын 40 хувийг дотооддоо бэлтгэдэг атлаа үнийн бодлогыг тодорхойлох хэмжээний гол тоглогч хэзээ ч байсангүй. Ноолууран бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн хугацаанд нэмэгдэж, хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэх хэрээр Монголын гэх тодотголтой ноолуурын үнэ цэнэ илүү өсөхөөр байна. Үүнийг “Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт улсын зөвлөгөөний оролцогчид онцолж байсан. Манай улс жилд 9.4 мянган тонн ноолуур үйлдвэрлэдэг. Хэдий тийм боловч бэлтгэсэн ноолуурынхаа дөнгөж 14 хувьтай тэнцэх хэмжээний нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 60 хувийг экспортолж, үлдсэн хувийг нь дотоодын зах зээлд нийлүүлж байгааг Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ. Дэлхийн ноолуурын нийт экспорт 3.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Үүний найман хувийг л Монгол Улс эзэлж байна.


Манайх ноолууран бүтээгдэхүүний стратегийн зорилтот зах зээлээ Япон, БНХАУ , АНУ, Европын холбоо, БНСУ хэмээн тодорхойлсон. Их Британи, Франц, Итали, Япон тэргүүтэй нийт 31 улсад одоогоор ноолууран бүтээгдэхүүнээ манай компаниуд гаргаж байна. 2016 онд 28.2 сая ам.доллартай тэнцэх бүтээгдэхүүн экспортолсон бол энэ дүн өнгөрсөн онд 36 сая ам.доллар болж нэмэгджээ. Үүнийг төрийн бодлогын ашиг тус гэхээс илүүтэй хувийн хэвшлийн өөрсдийнх нь санаачилга гэж хэлж болно. Монголын ноолуурын салбар том амбийц тээж яваа. Энэ нь 2025 он гэхэд дэлхийн экспортын зах зээлийн 23 хувийг эзлэх билээ. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 80 хувьд хүрч, энэ салбарын ажиллах хүч хоёр дахин нэмэгдэх юм. Борлуулалтын нийт дүн гэхэд 2018 онтой харьцуулахад 2025 онд гурав дахин өсөж, нэг тэрбум ам.долларт дөхөж байна. Тэрчлэн бүтээгдэхүүний тоо ширхэг 9.5 сая хүрэхээр байгаа юм. Үүнийг бодит ажил болгоход “Ноолуур” хөтөлбөр тэргүүлэх үүрэг гүйцэтгэх аж.

• Ухаад шавхагддаг бус ургаж төлждөг салбарын онцлох бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ олон улсын зах зээл улам тэлж байна.
• Манай улс жилд 9.4 мянган тонн ноолуур үйлдвэрлэдэг.
• Бид үйлдвэрлэсэн ноолуурынхаа 85 хувьд нь анхан шатны боловсруулалт хийж, угааж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк дотоодын 26 компаниас 447 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авчээ. Үүнээс дөрвөн компанид өнөөдрийн байдлаар 88.6 тэрбум төгрөгийн зээл олгосон бол найман компанийн хүсэлтийг одоо судалж байгаа аж. Бид үйлдвэрлэсэн ноолуурынхаа 85 хувьд нь анхан шатны боловсруулалт хийж, угааж байна. Улсын хэмжээнд жижиг, том нийлсэн 150 орчим ноос, ноолуурын үйлдвэр байгаа бөгөөд эдгээрээс үйлдвэрлэлийн хүчин чадал, хэрэглэгчийн тоо, салбар нэгжийн тархалт зэргээрээ “Говь” компани тэргүүлдэг. Ноолуурын ханш энэ хавар 100 мянган төгрөгийг давж, өнгөрсөн онтой харьцуулахад 20 гаруй мянгаар өссөн. Малчдын хувьд ямааны үүлдэр угсаагаа сайжруулж, улмаар ноолуурынхаа чанарт анхаарах шаардлагатай байна. Тооноос илүү чанарт ач холбогдол өгөх цаг болсныг энэ удаагийн зөвлөгөөн харууллаа. Монгол Улсын ноос, ноолуурын салбарын экспортыг нэмэгдүүлэхэд гаднын төсөл, хөтөлбөр оройлох үүрэгтэй оролцож байна.


Тухайлбал, Швейцарийн хөгжлийн агентлаг “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлж байгаа бол Азийн хөгжлийн банк “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслийн явцаа дээрх арга хэмжээний үеэр танилцуулсан юм. Эдгээр төсөл Монголын “хаан” ширхэгт ноолуурыг олон улсад таниулахад оршиж байна. Монголын экспортын орлогыг төрөлжүүлж, өнөөгийн төсвийн эмзэг байдлыг өөрчлөх гэж Дэлхийн банкнаас “Экспортыг дэмжих төсөл” хэрэгжүүлж буй. Энэ нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг онилж байгаа. Европын холбоо Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэлд санаа тавьж эхэлсэн бол Европын сэргээн босголт хөгжлийн банк “Тогтвортой ноолуурын үйлдвэрлэл” төсөл эхлүүлж байна. Тус банк Европын донор улсуудын санхүүжилтээр ноолуурын салбарыг дэмжих зорилгоор энэ онд 400 мянган еврогийн төсөл баталжээ. Төрөөс ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхээр “Монгол экспорт хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монголын ноолуурын экспортын боломжийг нэмэгдүүлэхэд гаднын донор байгууллага гар сунган голлох үүрэгтэй түүчээлж байгааг уншигч та эндээс анзаарсан байх. Эдийн засгийг тэтгэх ноолуурын салбарт дэлхийн “дэвжээ” хэрэгтэй.

САНАЛ БОЛГОХ