Хоёр талт уулзалтууд үргэлжилсээр байна

Мэдээ

ASEM-ийн дээд түвшний уулзалт Улаанбаатар хотноо эхлээд байгаагийн зэрэгцээ хоёр талт уулзалтууд үргэлжилсээр байна. Тухайлбал ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан байна. Мөн бүс нутаг, олон улсын чанартай асуудлуудаар санал солилцож, ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ангела Меркелийн хувьд Монгол Улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж байгаа бөгөөд өмнө нь 2011 онд Монгол Улсад албан айлчлал хийж байсан юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарь улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Аммантай уулзлаа. Хоёр тал уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж, ардчилал, хүний эрхийн салбарт хамтран ажиллаж байгаадаа харилцан сэтгэл ханамжтай байдгаа уулзалтын үеэр тэмдэглэлээ. Швейцарийн Ерөнхийлөгч Монгол Улс байнга төвийг сахих бодлого боловсруулан хэлэлцүүлгийн шатанд явж байгааг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Кипр улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадестай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Мөн Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Тайланд Улсын Ерөнхий сайд Прают Чан-О-Ча нартай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцжээ.

АSЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монголын талаас гадна бусад оролцогчид хоёр талт уулзалтуудыг идэвхтэй хийж байна. Тухайлбал Европын Холбооны төлөөлөл болох Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клауд Юнкер болон Европын Холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Федерика Могерини нар хэд хэдэн хоёр талт уулзалт зохион байгуулав. Европын Холбооны төлөөлөгчид БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүүн нартай уулзалт хийжээ.


САНАЛ БОЛГОХ