Ж.Эрдэнэбат: Засгийн газар 100 хоногтоо багтаан зарим зорилт, арга хэмжээгээ хэрэгжүүлж эхэлсэн

Мэдээ

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд шинэ Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг батлуулж, зарим зорилт, арга хэмжээгээ хэрэгжүүлж эхэлсэн гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн долоо хоногт Япон улсад хийсэн Ерөнхий сайдын айлчлал бизнес эрхлэгчдийг дэмжсэн алхам боллоо гэдгийг онцолсон юм. Шинэ Засгийн газар өнгөрсөн богино хугацаанд төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн бодлогоо оновчтой болгох чиглэлд анхаарал хандуулсан гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Баянзүрх дүүрэгт ажиллах үедээ мөн онцолсон юм. Харин Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ батлан хамгаалах салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэлийн ажлуудыг онцоллоо.

Үүнээс гадна Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөрийн төсөл дээр Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа ажээ. УИХ-аар хэлэлцэгдэх хүлээлттэй байгаа хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөл байдлаас гарах боломж бүрдэнэ гэж Шадар сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн юм. Мөн энэ хүрээнд томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэрбээр онцолж байна.



САНАЛ БОЛГОХ