ASEM-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ
Хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, Европын хамгийн том уулзалт, яриа хэлэлцээний механизм болох ASEM-ийн дээд түвшний уулзалтад оролцохоор олон улсын Төр, засгийн тэргүүн нар хүрэлцэн ирээд байна. Пүрэв гарагт гэхэд л 22 орны хүндэт зочид төлөөлөгчид Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тухайлбал Германы Канцлер Ангела Меркель Киргизстан улсад хийсэн айлчлалаа өндөрлүүлээд шууд Улаанбаатарт хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр Монгол Улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж байгаа бөгөөд үүнээс өмнө 2011 онд албан ёсны айлчлал хийж байсан юм. Мөн ASEM-ийн дээд хэмжээний уулзалтын хамгийн өндөр дээд албан тушаалтай зочдын нэг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ пүрэв гарагийн орой Улаанбаатарт газардлаа. Түүний хувьд дээд хэмжээний уулзалтад оролцохоос гадна 17-18-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийнэ. Түүнийг дагалдан БНСУ-ын 100 гаруй бизнесийн төлөөлөл бүхий томоохон баг хүрэлцэн ирлээ. Хоёр талын хамтарсан бизнесийн уулзалт, форум болно. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхий сайд Димитрий Медведев дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тэрбээр ирсэн даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Өнгөрсөн сард Ташкент хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр талууд хамтран эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулсан юм. Энэ нь талуудын хамтын ажиллагааны шинэ үеийн эхлэл гэдгийг ажиглагчид онцолж байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор 12 улсын Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Мөн дээд хэмжээний буюу сайд нарын түвшний зочид төлөөлөгчид уулзалтад оролцох юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй