Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзлаа

Мэдээ

Узбекистаны Ташкент хотноо болж байгаа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Талууд уулзалтын үеэр хоёр талын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, улс төр эдийн засаг худалдаа, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх гурван чухал асуудлыг хэлэлцсэн юм.

Нэгдүгээрт, 2004 онд хоёр улсын хооронд байгуулсан хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчлэх ажил урагштай явж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон. Цаашлаад дөрвөн боомтыг олон улсын статустай болгож шийдэх асуудлыг хөндсөн. Хоёрдугаарт, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд 2014 онд хийсэн айлчлалын үеэр байгуулсан "Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах бололцоог хөгжүүлэх, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээ"-г ганцаарчилсан уулзалтын үеэр онцолсон.

Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Эгийн голын усан цахилгаан станцын асуудалд анхаарахыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын Төрийн тэргүүнээс хүслээ. Ганцаарчилсан уулзалтаар бүс нутгийн тулгамдаж буй асуудал ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдвүүдээр санал солилцсон байна. Талууд өнгөрсөн онд Уфа хотноо болсон хоёр дахь удаагийн уулзалтаар тохирсоны дагуу Эдийн засгийн коридор байгуулах тухай асуудлыг эцэслэх товтой байгаа юм. Одоогийн байдлаар Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагааг зохицуулж буй 100 гаруй гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд 2015 онд хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг хийж байжээ.

1990 оноос хойш БНХАУ-аас Монгол Улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.долларыг даваад байгаа юм. Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын гурван талт уулзалтаар өнгөрсөн жил Уфад ярилцаж тохиролцсон Эдийн засгийн коридор байгуулах асуудлыг эцэслэж, хөтөлбөрт гарын үсэг зурахаар товлосон. Мөн тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд түлхүү чиглэсэн энэхүү хөтөлбөрт талууд нийт 32 төсөлд хамтарна гэж мэдэгдээд байна. Тухайлбал төмөр замын чиглэлд өнгөрсөн хугацаанд дамжин өнгөрөх ачаа тээврийг тодорхой хэмжээ хугацаа заалгүйгээр нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах, хамтарсан тээвэр логистикийн компани байгуулах асуудлыг үргэлжлүүлэх, гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорын хэсгүүдийг харилцан уялдаатай хөгжүүлэх, босоо тэнхлэгт хоёр шинэ төмөр замын коридор хамтран байгуулах асуудлыг судлах гэх мэт олон ажлууд эрчимтэй үргэлжилж байна. Энэ талаар тээврийн асуудал эрхэлсэн яамд хоорондын төмөр замын асуудлаарх гурван талт зөвлөгөөн тогтмол зохион байгуулж, хэлэлцэж байгаа бөгөөд ээлжит зөвлөгөөн наймдугаар сард болохоор товлогдоод байгаа юм.

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан төв, хойд чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана гэсэн хүлээлт байна. Үүнээс гадна өнөөдөр болох уулзалтаар "Азийн автозамын сүлжээгээр олон улсад автотээвэр гүйцэтгэх тухай" гурван талын Засгийн газар хоорондын хэлэлцээр, зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан зөвшөөрөх тухай гурван талын холбогдох байгууллагууд хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тохиролцсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. Мөн транзит автотээврийн туршилтын тээвэр удахгүй хийгдэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа ажээ.


САНАЛ БОЛГОХ