Дональд Трамп эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулав

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп эдийн засгийн зорилт, төлөвлөгөөнөөсөө танилцууллаа. Тэрбээр ирэх долоо хоногуудад илүү нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулна гэдгээ мэдэгдсэн байна. Түүний танилцуулсан төлөвлөгөөнөөс хамгийн их анхаарал татсан, мөн шүүмжлэлд өртсөн төлөвлөгөөг дурдвал хувь хүний болон компанийн татварыг бууруулах санал байлаа.

Дональд Трампын үзэж байгаагаар татварыг бууруулах нь АНУ-ын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх аж. Тэрбээр “Би урьд өмнө нь гадаад худалдааны шинэчлэлийн долоон талт төлөвлөгөө танилцуулж байсан. Миний вэб хуудаснаас харж болно. Валютын ханшид нөлөөлөх асар том зөрчлөөс хамгаална. Мөн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвараа шударга бусаар нэмэгдүүлдэг орнуудад тариф тогтоох, Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг бүрэн шинэчлэх саналууд багтсан.

Хэрэв илүү чанартай хэлэлцээр байгуулж чадахгүй бол хэлэлцээрээс гарах болно” хэмээн онцолжээ. Харин Бүгд Найрамдах намаас дэр дэвшигч Хиллари Клинтон Дональд Трампын компанийн татварыг хоёр дахин хөнгөвчлөх төлөвлөгөө нь чинээлэг давхаргынхан, Wallstreet-ийн хөрөнгө оруулагчдад ашигтай ч иргэдийн амьдралд хүндээр тусна гэж шүүмжилсэн байна. Бусад төлөвлөгөөнд багтсан ажлуудаас дурдвал Барак Обамагийн эхлүүлсэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг зогсоож, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг шинэ стандартын дагуу хязгаарлах журмыг цуцална гэж мэдэгджээ. Үүгээр зогсохгүй шаардлагагүй гэж үзсэн хууль хяналтын байгууллагуудыг хаана гэдгээ мэдэгдсэн юм. Харин иргэдийн амьдралд шууд мэдрэгдэх өөрчлөлт гэвэл хүүхэд өсгөх зардлаас татвар тооцохгүй гэсэн байна.

Ингэснээр АНУ нь хүүхэд өсгөх, сургуульд сургах зардал хамгийн өндөртэй орнуудын жагсаалтад багтдаг тул өрхийн зардлыг багагүй хэмнэнэ гэж үзжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хэн нь илүү олон хүний дэмжлэг авах төлөвтэй байгааг харвал Monmouth их сургуулийн санал өгөх эрхтэй сонгогчдын 46 хувь нь Хиллари Клинтоныг, 34 хувь нь Дональд Трампыг дэмжиж байна. “ABC News”-ийн судалгааны дүнгээр ч мөн адил 50:42 ийн харьцаагаар Хиллари Клинтон давамгай байдалтай байна.

Гэхдээ сонгуулийн урьдчилсан судалгааны оновчлол тийм ч өндөр байдаггүй. Тухайлбал зургадугаар сарын 23-нд дийлэнх судалгаагаар британичууд Европын Холбоонд үлдэхийг сонгоно гэж байсан ч BREXIT хэрэгжихээр болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээнд анхаарал хандуулах гол үйл явдал гэвэл энэ мягмар гарагт Хиллари Клинтон эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулах товтой байна.


САНАЛ БОЛГОХ