Их Британигүй Европын Холбоо

Мэдээ

Өнгөрсөн баасан гарагт британичууд Европын Холбоог орхих санал өгснөөр Европыг хамарсан тодорхойгүй байдал үүсээд байна. Хамгийн том асуудал нь асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй хууль хэрэгжүүлэгчид удаа дараалан албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэж байгаа явдал юм. Өнгөрсөн долоо хоногт санал хураалтын дүнг танилцуулсны дараа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон гурван сарын дотор ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн бол сөрөг хүчний 11 гишүүн огцорсон байна. Их Британийн Хөдөлмөрийн намын гишүүд "Тус намын дарга Жереми Корбин BREXIT-ийн санал хураалтын үеэр Европт үлдэхийг дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлээгүй нь өнөөгийн хүндрэлийг дагуулсан" гэж шүүмжилж байгаа юм. Харин Дэвид Камероныг огцорсны дараа BREXIT-ийн кампанит ажлыг тэргүүлэгч Борис Жонсон Ерөнхий сайдаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүн болоод байна. Хэдий тийм боловч Европын Холбооноос гарах хэлэлцээрийг ямар нөхцөлтэйгөөр, хэрхэн байгуулах тухай тодруулга өгөөгүй байгаа ажээ. Даваа гарагт Европын Холбооноос Их Британийг тусгаарлах хөтөлбөрийн талаар Парламентаар зөвлөлдөж, тус улсын Сангийн сайд Жорж Осборн мэдэгдэл хийх товтой байгаа юм. Харин BREXIT-ийн санал хураалтын дараа Их Британиас өрх тусгаарлаж болзошгүй гэгдээд байгаа Шотландын эрх баригчид BREXIT-ийн саналыг няцаах боломжтой гэж үзэж байна. Шотландын анхны Ерөнхий сайд Никола Стержен "Шотландын иргэдийн олонх санал бодлыг нь үл харгалзан Европын Холбооноос гарах шийдвэр гарсанд бухимдалтай байна. Би энэ нөхцөл байдлыг үүсгээгүй ч асуудлаас гарах хамгийн үр дүнтэй арга замыг олох үүрэгтэй. Маш түвэгтэй нөхцөл байдал үүссэн тул шийдэл ч амар байхгүй гэдгийг хэлмээр байна" гэж мэдэгдлээ. Түүнчлэн АНУ, Герман, Франц зэрэг тэргүүлэх эдийн засгуудын эрх баригчид, томоохон санхүүгийн байгууллагуудын удирдлага байр сууриа илэрхийллээ. Тухайлбал Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард "Санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг арилгах Европын Төв банк, Английн Төв банкны зах зээлд бэлэн мөнгө нийлүүлэх төлөвлөгөөг дэмжиж байгаа"-гаа илэрхийлжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри даваа гарагт Брюссель, Лондон хотод ирж Европын Холбооны Гадаад бодлого хариуцсан дарга Федерика Могерни болон Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хаммондтай уулзах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн Европын Холбооны тэргүүлэх гурван эдийн засаг болох Итали, Франц, Германы Төрийн тэргүүн нар мягмар гарагт хуралдаж дараагийн алхмаа зөвлөлдөхөөр болжээ. Үүнээс гадна шинжээчид BREXIT-ээс хамгийн их хожсон улс бол БНХАУ гэж дүгнэж байгаа аж. Хэдийгээр богино хугацаанд санхүүгийн зах зээлийн савлагаа, фунт стерлинг, еврогийн тогтворгүй байдал БНХАУ-ын худалдаанд сөргөөр нөлөөлж болзошгүй ч алсдаа ашигтай гэж дүгнэж байна. Европын Холбооны нэгдмэл байдал алдагдсанаар БНХАУ-д зах зээлээ нээх шахалт үзүүлэх чадвар нь буурч, БНХАУ-ын өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүнээс зах зээлээ хамгаалахад хүндрэл учрах юм. Мөн BREXIT-ийг санаачлагчдын хэлсэнчлэн Европын Холбоог орхих гол шалтгаан нь бусад зах зээлтэй илүү ашигтай худалдааны хэлэлцээр байгуулах байсан аж. Өөрөөр хэлбэл дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ-тай харилцаагаа зузаатгана гэсэн үг юм. Харин АНУ-ын хувьд Европын Холбоотой худалдааны гэрээ байгуулаагүй тул Их Британи Европын Холбоог орхих нь хоёр улсын харилцаанд төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байна.


САНАЛ БОЛГОХ