Дональд Трампын төлөвлөгөө

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын танилцуулсан эдийн засгийн зорилт, төлөвлөгөөнөөс хувь хүний болон компанийн татварыг буулгах санал хамгийн их анхаарал татсан, шүүмжлэлд өртсөн төлөвлөгөө байв. Дональд Трампын үзэж байгаагаар татварыг буулгах нь АНУ-ын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ажээ. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон “Дональд Трампын компанийн татварыг хоёр дахин хөнгөвчлөх төлөвлөгөө нь чинээлэг давхаргынхан, “Wallstreet”-ийн хөрөнгө оруулагчдад ашигтай ч иргэдийн амьдралд хүндээр тусна” гэж шүүмжилсэн юм. Үүнээс гадна Дональд Трамп Барак Обамагийн эхлүүлсэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг зогсоож, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг шинэ стандартын дагуу хязгаарлах журмыг цуцална, мөн шаардлагагүй гэж үзсэн хууль хяналтын байгууллагуудыг хаана гэдгээ мэдэгджээ.

Харин иргэдийн амьдралд шууд мэдрэгдэх өөрчлөлт гэвэл хүүхэд өсгөх зардлаас татвар тооцохгүй гэсэн байна. АНУ нь хүүхэд өсгөх, сургуульд сургах зардал хамгийн өндөртэй орнуудын тоонд багтдаг тул өрхийн зардлыг багагүй хэмнэнэ гэж тэрбээр үзэж байгаа ажээ.АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг таамагласан Monmouth их урьдчилсан судалгаануудаас харахад санал өгөх эрхтэй сонгогчдын 46 хувь нь Хиллари Клинтоныг дэмжиж байгаа бол 34 хувь нь Дональд Трампын талд байсан байна. “ABC News”-ийн судалгааны дүнгээр ч мөн адил 50:42-ийн харьцаагаар Хиллари Клинтон давамгай байдалтай байжээ. Хэдий тийм боловч сонгуулийн урьдчилсан судалгааны оновчлол тийм ч өндөр байдаггүй. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд дийлэнх судалгаагаар британичууд Европын Холбоонд үлдэхийг сонгоно гэж байсан ч BREXIT хэрэгжихээр болсон юм.


САНАЛ БОЛГОХ