"Их Британийг чиглүүлэх хүчтэй удирдагч дутагдаж байна"

Мэдээ

Их Британичууд Европын Холбоог орхих болсон нь Европын эдийн засаг, бизнесийн орчинд дарамт болж байна. Саяхан тус улсын Сангийн сайд Жорж Осборн компанийн татварыг 15 хувиар бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилтоо танилцуулсан бөгөөд бизнес эрхлэгчид Сангийн сайдын шийдвэрийг таатай хүлээж авсан байна. Их Британийн компанийн удирдлагуудын нэгдэл болох "Захирлуудын институт"-ийн дарга хэлэхдээ "Гадаад хөрөнгө оруулалтыг татах зөв алхмуудын нэг" гэж дүгнэжээ. Жорж Осборн зөвхөн татварыг бууруулаад зогсохгүй бизнесийн үйл ажиллагааг дэмжих дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Европын Холбооны нэгдсэн зах зээлтэй аль болох ашигтай хэлэлцээр байгуулахыг зорьж байгаа аж. Хэдий тийм боловч Их Британийн тэргүүлэгч компаниудын олонх нь Европын Холбоонд үлдэх саналтай байсан тул хөрөнгө оруулалт буурах хүлээлттэй байгаа юм. Тухайлбал “Vodafone” компани Их Британид байрлах төв байраа нүүлгэж болзошгүй гэж мэдэгджээ.

Харин жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар 12 хувь нь ирэх жилд нэмэлт хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд BREXIT-ийн санал хураалтаас 32 хувиар тооцож байсан байна. Үүнээс гадна улс төрийн шинжээчид өнөөгийн хүнд нөхцөлд "Британийг чиглүүлэх хүчтэй удирдагч дутагдаж байна" гэж дүгнэж байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Дэвид Камерон албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэний дараа түүний ажлыг хэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн Их Британийн Тусгаар тогтнолын намын дарга Найжел Фараже улс төрийн замналаа орхиж, намын даргын албан тушаалаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн байна. Найжел Фараже "Би энэ орон өөрөө өөрийнхөө эзэн нь байх ёстой гэж итгэсэн учир бизнесийн карьераа орхиж улс төрд хөл тавьсан. Би хэзээ ч улс төрч болохыг эрмэлзэж байгаагүй. Миний улс төрд орсон ганц шалтгаан Их Британийг Европын Холбооноос чөлөөлөх байсан. Харин хоёр долоо хоногийн өмнө бид сонголтоо хийлээ. Миний ажил дууссан мэт санагдаж байна.Тиймээс Их Британийн тусгаар тогтнолын намын даргын тушаалаас огцорч байна" хэмээн мэдэгджээ. Даваа гарагт Герман, Франц, Итали болон Балканы хойгийн орнуудын эрх баригчид хуралдаж, Европын Холбооны цаашдын бодлогын асуудлаар зөвлөлдсөн юм. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд "Их Британи Европын Холбоог орхисон нь тус Холбооны ирээдүйд цар хүрээгээ тэлэх зорилтот тушаа болохгүй" гэж мэдэгджээ. "Их Британийн ард түмний сонголт наймдугаар сараас эхлэх Европын Холбооноос Их Британийг тусгаарлах хэлэлцээр, тодорхойгүй байдал нь Европын Холбооны алсын хараа, цаашдын зорилтот нөлөөлөх үү, Балканы орнуудад нөлөөлөх үү? Нэг зүйлийг тодотгон хэлэхэд Их Британийн иргэдийн сонголт Европын Холбоо, Балканы орнуудын хүсэл, эрмэлзэлтэй хамаагүй" гэж мэдэгдлээ.


САНАЛ БОЛГОХ