Тереза Мэй Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдох өндөр магадлалтай

Мэдээ

Британичууд Европын Холбоог орхих болсон нь Европын эдийн засагт хүнд дарамт болоод байна. Тухайлбал Их Британийн бизнес болон үл хөдлөх хөрөнгийн салбарын гурван хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. “M&G Investments”, “Aviva Investors” болон “Standard Life Investments” компани нийт 9.1 тэрбум фунт стерлингээр үнэлэгдэх сангийн үйл ажиллагааг зогсоосон байна. Салбарын шинжээчид BREXIT-ээс үүдэлтэйгээр Лондонгийн үл хөдлөх хөрөнгийн ханш  ирэх гурван жилд 20 шахам хувиар буурна гэж тооцоолж байна. Мөн фунт стерлингийн ханш 1985 оноос хойших доод түвшинд хүртэл унаад байгаа юм. Үүнээс гадна Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон албан тушаалаасаа огцрохоо мэдэгдээд байгаа бөгөөд Консерватив намын дарга, Ерөнхий сайдын тушаалд таван хүн нэр дэвшихээ зарласан байна. Мягмар гарагийн намын дотоод санал хураалтаар Их Британийн Батлан хамгаалахын сайд асан Лиам Фокс хамгийн цөөн санал авсан тул өрсөлдөөнөөс хасагджээ. Харин Парламентын суудалтай 330 гишүүний 165-ийн дэмжлэгийг авсан Дотоод хэргийн сайд Тереза Мэй Ерөнхий сайдаар сонгогдох өндөр магадлалтай нэр дэвшигч болоод байна. Консерватив намын гишүүд хамгийн цөөн санал авсан нэр дэвшигчийг өрсөлдөөнөөс хасах журмаар санал хураалт явуулж намын даргыг сонгох юм. Харин шинэ намын даргыг есдүгээр сарын 9-нд албан ёсоор зарлах товтой байна. Хэдийгээр эхний санал хураалтаар 48 санал авсан ч BREXIT-ийн кампанит ажлыг удирдагчдын нэг, Хууль зүйн сайд Майкл Гоув намын даргын суудлын төлөө үргэлжлэн өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Тереза Мэй хүчтэй өрсөлдөгч, чадварлаг Дотоод хэргийн сайд. Гэхдээ би хамтран зүтгэгчдээсээ авсан дэмжлэгтээ сэтгэл хангалуун байна. Энэ дэмжлэг нь миний урьтал болгож байгаа үзэл санааг дэмжиж буйн илэрхийлэл. Би Их Британи Европын Холбоог орхих ёстой гэдэгт бат итгэлтэй байсан. Олон жил тэмцсэн. Харин одоо энэ улсад Европоос ангид Британид итгэдэг удирдагч хэрэгтэй” хэмээн онцолжээ.


САНАЛ БОЛГОХ