Их Британийн зээлжих зэрэглэлийг буурууллаа

Мэдээ

“S&P Global Ratings” болон “Fitch Ratings”-ээс Их Британийн зээлжих зэрэглэлийг дээд түвшнээс буулгалаа. “S&P”-ийн шийдвэрээр Их Британийн зээлжих зэрэглэлийг ААА-ээс хоёр шат бууруулж, АА болгосон бол “Fitch” индексийн үнэлгээ нэг шатлалаар доошилсон байна. Албан мэдэгдэлд тусгаснаар "BREXIT-ээс үүдэлтэйгээр зах зээлийн тогтвортой байдал алдагдаж гадаад санхүүгийн орчинд хүндрэл үүссэн" байна. Түүнчлэн "Шотланд, Умард Ирландын иргэд Европын Холбоонд үлдэхийг дэмжиж байгаа нь Их Британид улс төрийн эрсдэл үүсгэсэн" гэдгийг онцолжээ. Шинжээчдийн тооцооллоор Английн Төв банк эдийн засгийн өсөлтийг сэргээхийн тулд бодлогын хүүгээ буулгах төлөвтэй байна. Их Британийн 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж түүхэндээ анх удаа нэг хувиас доошлоод байгаа юм. BREXIT-ийн нөлөөлөл Азид ч бас ажиглагдаж байгаа аж. “Credit Suisse”-ийн шинжээчид гадаад худалдааны салбарт эрсдэл үүссэн гэж дүгнэсэн байна. Хэрэв эрсдэл бодитоор мэдрэгдэж эхэлбэл Төв банкууд мөнгөний бодлогоо зөөллөнө гэж үзсэн юм. Хамгийн түрүүнд Тайваний Төв банк энэ пүрэв гарагийн хуралдаанаар бодлогын хүүгээ буулгах хүлээлттэй байна. Экспортын бүтээгдэхүүнийхээ 16 хувийг Европын Холбоонд нийлүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ч саарах хүлээлттэй байна. Европын Холбооны дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар буурахад БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 0.2 хувиар удаашрах аюултай юм. Энэ нь эдийн засгийн бүтцээ шинэчлэхийн зэрэгцээ өсөлтийг 6.5 хувьд барих төлөвлөгөөнд саад учруулах төлөвтэй байна.


САНАЛ БОЛГОХ