Алслагдсан аймгийн үйлдвэрлэгчид татварын хөнгөлөлт эдэлнэ

Мэдээ

Найман хувийн зээлийг өөр хэлбэрээр хэрэгжүүлнэ

Зарим салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төсөлд хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ. Ингэхдээ жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд нэг хувиар орлогын албан татвар ногдуулах юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ- ын гишүүн Л.Болд татварын хөнгөлөлтийг бүх аж ахуйн нэгжид олгох санал гаргасан ч дэмжлэг хүлээсэнгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төсвийн алдагдал 9.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа үед бүх аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэдэг тайлбарыг Засгийн газраас өгсөн. Тиймээс эхний удаад төсөлд тусгасан дөрвөн салбарын аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлье. Эдийн засгийн нөхцөл байдал сэргэхээр бусад салбарт дээрх хөнгөлөлтийг олгохоор шийдсэн” гэв.

» Төсвийн алдагдал 9.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа үед бүх аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх боломжгүй.

»Алслагдсан аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдлээ.

» Эрх баригчид ийм зарчим баримталж байгаа бол бүх салбарын аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх ёстой гэв.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа дээрх хуулийн төслийг татаж авахыг “сануулав”. Тэрбээр “Ажлын байрыг хадгалах хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулсан гэж УИХ-ын дарга тайлбарласан байсан. Хэрэв эрх баригчид ийм зарчим баримталж байгаа бол бүх салбарын аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх ёстой. Татварын хөнгөлөлт эдлэхээр зэхэж буй дээрх дөрвөн салбарын лобби явагдаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ижил саналтай байгаагаа дуулгав. Тэрбээр салбараар нь ангилж татварын хөнгөлөлтийг ялгавартай тогтоох нь буруу. Үүний оронд бүх салбарыг хамруулаад орлогоос нь хамааруулж татварыг шатлалтай болгох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эсгий, эсгий эдлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдэв. Энэхүү саналыг хуулийн төсөлд тусгасан барилга болон газар тариалан, мал аж ахуйн салбарт тусгахаар болов.

Мөн хуулиар хориглосноос бусад чиглэлээр алслагдсан аймгуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулахаар УИХ-аас өмнө гаргасан шийдвэрийг энэ төсөлд хүчингүй болгохоор тусгасан. Гэвч хэлэлцүүлгийн шатанд уг заалтыг хасах санал гаргаж, алслагдсан аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдлээ.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
САНАЛ БОЛГОХ