Их Британи шинжлэх ухаан, технологийн салбараараа дэлхийд тэргүүлэгч болохыг зорьж байна

Мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй улсынхаа шинжлэх ухаан, технологийн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж дэлхийд тэргүүлэгч байхыг зорьж байгаа талаар мэдэгджээ. Тэрээр Лондонд болж буй "CBI"-ийн 190 мянга гаруй бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулсан бага хурлын үеэр Их Британи 2020 он гэхэд энэ хоёр салбарын хөрөнгө оруулалтыг жилд 2.4 тэрбум ам.доллараар өсгөнө гэж онцолсон байна. Энэ нь Их Британи Европын Холбоог орхих үед эдийн засгаа дэмжих зорилготойгоос гадна Тереза Мэйн хувьд улсынхаа үйлдвэрлэлийн стратегитай холбогдуулах анхны алхам болох юм. Мөн тэрээр "Инновацид суурилсан татварын систем" нэвтрүүлнэ гэж мэдэгдсэнээс гадна Европын Холбоог орхисноор Их Британид шинэ боломжууд нээгдэж, олон улсад худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах нөхцөл бүрдэнэ гэсэн байр суурь илэрхийлжээ.

Энэ хүрээнд Ерөнхий сайд Тереза Мэй "Их Британи шинжлэх ухааны салбарын судлаач, инновацийг эрэлхийлэгч, технологийн хөрөнгийн оруулагчдын цугладаг газар болно гэдэгт бид итгэлтэй байна. Бид хамгийн шилдэг гэсэн бүхэнд үүд хаалгаа дэлгэнэ. Үүний дүнд цагаачдын тоог тогтвортой хэмжээнд барих нөхцөл бүрдэнэ, чөлөөт худалдаа, бизнес эрхлэгчдээ дэмжих боломж гарч ирнэ. Их Британийг “Их 20”-ийн орнууд дундаас ААН-ийн орлогын албан татвараараа хамгийн бага улс болгохоос гадна инновацид суурилсан татварын системтэй болгоход бидний зорилго чиглэж байна" гэжээ.



САНАЛ БОЛГОХ