Европын Холбооны удирдагчид ОХУ-ын эсрэг авсан хоригийн асуудлыг хэлэлцэнэ

Мэдээ

Европын Холбооны удирдагчид 11 дүгээр сарын 24-ны өдөр Брюссель хотноо уулзаж, Украйны хямралтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг авсан хоригоо чангалах эсэх асуудлыг хэлэлцэх товтой байна. ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг нэгдүгээр сарын 31-ны өдрөөр дуусгавар болох юм. АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон нь барууны орнуудын ОХУ-тай харилцах харилцааг зөөлрүүлж магадгүй гэсэн хүлээлт олон улсад үүсээд байна. Гэхдээ энэ бүгдээс үл хамааран Европын Холбоо хоригоо дахин зургаан сараар сунгаж магадгүй байна. Учир нь ойрын эх сурвалжийн мэдээлснээр эрх баригчид Минскийн хэлэлцээр бүрэн хэрэгжиж чадаагүй гэж дүгнэж байгаа юм. Үүний зэрэгцээ Украйны үндсэрхэг үзэлтнүүд Киев дэх ОХУ-ын банкны салбарууд руу нэвтэрч, дотоод хэсгийг сүйтгэсэн байна.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар 200 орчим нүүрээ халхалсан залуус “Сбербанк”-ийн бэлэн мөнгөний машинууд болон албан байр руу халдаж, нэлээд хэмжээний хохирол учруулжээ. Түүнчлэн “Евромайдан” хэмээн нэрлэгддэг хувьсгалын гурван жилийн ойг даваа гарагт тэмдэглэхээр олон мянган хүн Киев хотын төвд цугларсан байна. Шөнө нь хувьсгалыг дэмжигчид түүдэг гал асаан ОХУ-ыг эсэргүүцэх өөрсдийн үзэл бодлыг илэрхийлжээ. 2013 оны энэ өдөр ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй эрх баригчид Европын Холбоотой хийх түүхэн ач холбогдолтой худалдааны гэрээнээс татгалзаж байсан юм. Улмаар энэ нь “Евромайдан” хэмээх хувьсгалын эхлэл болж байжээ.



САНАЛ БОЛГОХ