​BRICS-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтаар ямар асуудлыг голчлон хэлэлцэв

Мэдээ

BRICS-ийн орнуудын найм дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг Энэтхэг улс өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Бенаулим хотод болсон энэхүү уулзалт нь гишүүн орнуудын эдийн засаг, улс төр, цэргийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байдгаараа онцлогтой. BRICS-ийн гишүүд болох Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк зэрэг орон дэлхийн хүн амын тал хувь, мөн эдийн засгийн 25 хувийг бүрдүүлдэг. Энэ удаагийн уулзалтаар эдийн засаг, худалдаанаас гадна терроризмтой тэмцэх асуудлаар хэлэлцсэн юм. Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвт тодорхойгүй байдал "ноёрхож" байгаа ч BRICS-ийн гишүүн орнуудын урт хугацааны төлөв эерэг байгаа гэж гишүүд дүгнэжээ. Тиймээс Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2020 он хүртэл гишүүн орнуудын хоорондын худалдааг хоёр дахин нэмж, 500 тэрбум ам.долларт хүргэх уриалга гаргасан байна. Үүнээс гадна Энэтхэг, Пакистан улсын хоорондын маргаан хурцдаж байгаа энэ үед бүс нутгийн аюулгүй байдал, террроризмтой тэмцэх асуудал нэлээд анхаарал татаж байна. Ялангуяа Энэтхэг болон ОХУ батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тал дээр ахицтай байлаа. Тухайлбал, Энэтхэгийн Засгийн газар ОХУ-аас олон тооны нисдэг тэрэг, хөлөг онгоц авахаар тохиролцжээ.

BRICS-ийн орнууд анх дэлхийн засаглалыг шинэчлэх зорилгоор байгуулагдаж байсан ч гишүүд эдийн засаг, геополитикийн асуудлаар хоорондоо зөрчилтэй байдаг. Тиймээс цаашид аливаа асуудалд нэгдсэн нэг арга барилаар хандахыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди уриалжээ.

Үүнээс гадна уулзалтын үеэр ОХУ-ын "Rosneft" тэргүүтэй хөрөнгө оруулагчид Энэтхэгийн "Essar Oil" компанийг худалдан авах хэлцэлд хүрчээ. Хөрөнгө мөнгөний бэрхшээлд ороод байсан Энэтхэгийн "Essar" компанийг "Rosneft" тэргүүтэй хөрөнгө оруулагчид 13 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон байна. Хэлэлцээрийн дүнд "Rosneft" компани "Essar oil"-ийн 49 хувийг, мөн 2700 гаруй шатахуун түгээх станцыг сүлжээг эзэмшихээр болж байгаа юм. Зарчмын хувьд худалдан авалтын саналыг 2015 онд хэлэлцэж, талууд тохиролцсон байжээ. Харин ОХУ-ын эсрэг авсан АНУ-ын хориг нь хэлэлцээр удаашрах шалтгаан болж байсан аж. "Rosneft"-ээс гадна ОХУ-ын хөрөнгө оруулалтын "United Capital Partners" болон түүхий эд арилжааны "Trafigura" компани "Essar"-ийн хувьцаанаас 24 хувийг эзэмшинэ. Энэ удаагийн худалдан авалт нь Энэтхэг, ОХУ-ын хамтын ажиллагаа хүчирхэгжиж байгаагийн бас нэгэн илрэл боллоо гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.




САНАЛ БОЛГОХ