АНУ болон ОХУ-ын харилцааг сайжруулах хүсэлтэй байна гэв
Перугийн нийслэл Лима хотод болж байгаа APEC-ийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийлээ. Энэ үеэр тэрбээр олон улсын асуудлаар өөрийн байр суурийг ялангуяа АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчтэй харилцах харилцааг онцолжээ. Дональд Трамп нь Засгийн эрхийг албан ёсоор хүлээн авсныхаа дараа ОХУ-тай харилцаагаа сайжруулах хүлээлттэй байгаа юм. Владимир Путин ч түүнтэй ижил байр суурьтай байгаа гэдгээ мэдэгдэлдээ дурджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ болон ОХУ-ын харилцааг сайжруулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би ч түүнтэй ижил бодолтой байна. Анхнаасаа л энэ миний байр суурь байсан. Гэхдээ энэ асуудлаар хэлэлцэх талуудын уулзалтын хугацаа хараахан товлогдоогүй байна. Одоогоор Дональд Трамп өөрийн багийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Засгийн газар нь албан ёсоор бүрдээгүй байгаа учраас албан уулзалт хийнэ гэж хэлэхэд бэрхшээлтэй. Бид хүлээх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.
Владимир Путин: Авлигын эсрэг арга хэмжээг дэмжин ажиллана
Владимир Путин ОХУ-ын Эдийн засгийн сайд Алексей Улюкаевыг баривчилсан хэрэгтэй холбоотойгоор "Авлигын эсрэг арга хэмжээг дэмжин ажиллана" гэдгээ илэрхийлжээ. Мөн энэ удаагийн баривчилгаа түүний Засгийн газартай харилцах харилцаанд нөлөөлөхгүй гэдгийг мэдэгдсэн байна. Тэрбээр “Эдийн засгийн сайдыг баривчилсан явдал нь мэдээж харамсалтай зүйл болсон. Цаашид энэ төрлийн хэрэг явдалд бид хүлцэнгүй хандаж чадахгүй. Хууль хэрэгжүүлэлтийн хүрээнд явагдаж байгаа арга хэмжээ бизнесийн орчинд нөлөөлөхгүй харин ч хүчирхэгжүүлэх болно. ОХУ-ын нутаг дэвсгэрт бизнес эрхлэгчид, ер нь хүн бүр албан тушаал харгалзалгүйгээр хууль тэдэнд үйлчилнэ гэдгийг мэдэж байх ёстой Алексей Улюкаевыг баривчилсан явдал нь Засгийн газартай харилцах миний харилцаанд нөлөөлөхгүй. Засгийн газар шүүмжлэлээс халшралгүй мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа” гэж онцолсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй