Оффшорын хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Мэдээ

Хуулийн төслөө тайлбарлахдаа муу ажилласан байж магадгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах шийдвэрийг гаргасан. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийн үйлчлэлд гэр бүлийн гишүүдийг хамруулаагүй нь учир дутагдалтай хэмээн үзэж, буцаах ёстой гэв. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Манайхан оффшор данс гэхээр хадны мангаа мэт ойлгодог болсон. Тиймээс төрийн болон улс төрийн албан тушаалтан оффшор данс эзэмшихийг хориглох заалт оруулсан. Төрийн болон улс төрийн албан тушаалтнаас өөр хүнд оффшор данс нээх эрх бий. Оффшор данс нээсэн төрийн болон улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал оруулж ирээд байхад яагаад буцаах гээд байгаа юм бол. Хэрэв гэр бүлийн хүн нь оффшор данс нээж ашигласан бол өнөөдрийн мөрдөж буй Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх заалт бий. Хуулийн төслийг боловсруулахдаа нэлээд ажилласан. Хуулийн төслөө тайлбарлахдаа муу ажилласан байж магадгүй” гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Хувийн хэвшлийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй. Энэ хуульд хэн нэгнийг гэмт буруутайг тогтоох тухай хариуцлагын асуудал ерөөсөө яриагүй. Гэм буруутай болохоос сэргийлэхийн тулд хуулийг санаачилсан юм. Оффшор бүс, оффшор үйлчилгээ гэж хоёр янзын юм бий. Бид үүнийг холиод байна. Үүний улмаас хуулийн агуулга буруу ойлгогдож байна. Төрд ажиллаж л байгаа бол оффшор бүсэд ямар нэгэн байдлаар данстай байж болохгүй. Хувийн хэвшилд байхдаа оффшор данс нээгээд төрд ороод ирсэн бол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулж, оффшор дансаа царцаах тухай асуудлыг багтаасан” хэмээн хуулийн үйлчлэлийг тайлбарлав.
САНАЛ БОЛГОХ