Токиогийн олимпийн үеэр гайхуулах долоон технологи

Спорт

360 инч дэлгэцээр 7680х4320 нягтралтай бичлэг цацагдана гээд төсөөл дөө

Япончууд техник технологийн хөгжлөөр дэлхий нийтийг гайхуулсаар ирсэн, одоо ч хэвээрээ. Тэд 1964 онд олимп зохион байгуулахдаа тэмцээн уралдааныг хиймэл дагуулын тусламжтайгаар бусад оронд үзүүлж, технологийн дэвшлийг мэдрүүлж байлаа. Мөн зарим төрлийн тэмцээнийг өнгөтөөр үзүүлсэн нь тухайн үедээ л содон зүйл байв. 50 гаруй жилийн тэртээ дэлхийг гайхуулж байсан япончууд 2020 онд зуны XXXII олимпийг зохион байгуулахдаа ямар сюрприз дэлгэх бол.

НИСДЭГ БАМБАР

Олимпийн галт бамбарыг хэрхэн асаах нь олны сонирхлыг үргэлж татдаг. Харин Токиогийн олимпийн тухайд нисдэг машинаар бамбараа бадамлуулж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Хамгийн жижиг нисдэг машин зохион бүтээх төсөлд шилдэг 20 инженер 2012 оноос хойш тасралтгүй ажиллажээ. Улмаар өнгөрсөн жил анхны туршилтаа амжилттай хийсэн юм. Цэнгэлдэхэд цугласан олон мянган үзэгч, цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухласан хэдэн тэрбум хүний өмнө галт бамбар ниссээр орж ирж буй агшныг дотроо төсөөлөөд үзээрэй. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч энэ байх болов уу. Гэхдээ энэ технологи дроноос өөр гэдгийг битгий мартаарай.

РОБОТУУД

Робот нь япон хүүхдүүдийн хувьд сайн найз, үлгэрлэн дуурайх баатар нь болоод удаж байна. Тиймээс олимпийн үеэр хэдэн мянган робот үйлчилгээнд дайчлагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зочид буудалд ороход робот ресепшн угтан авч, өөр нэг робот өрөөнд тань хүргэж өгвөл гайхах хэрэггүй. Зарим нь яг хүн шиг харагдах тул андуурч, эндүүрэх вий. Тэр ч байтугай зарим роботод бяцхан уураг тархи суулгаж өгөх тул тантай харилцан яриа өрнүүлж чадна.

360 ИНЧ ЗУРАГТ

Японы төв телевиз NHK асар том дэлгэцээр өндөр нягтралтай нэвтрүүлэг цацах ажилд хэдийнэ оржээ. 360 инч аварга том дэлгэцээр 7680х4320 нягтралтай бичлэг цацагдана гээд төсөөл дөө. Энэ нь стандарт HD зурагтыг 16 дахин нэмэгдүүлсэн хэмжээний нягтрал гэсэн үг. Өндөр нягтралтай зурагтыг анх Риогийн олимпийн үеэр туршсан удаатай. Харин удаах хоёр жилд энэ технологийг илүү сайжруулах тал дээр ажиллах аж.

УХААЛАГ СЕРФ

Тавцан дээр гарч зогсоод далайн давалгаа сөрж гулгадаг серфинг хэмээх спортыг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл Samsung компани шилдэг серфингчдэд туслах ухаалаг тавцан зохион бүтээгээд байна. Энэхүү тавцан далайн усны температур, салхины чиг болон давалгааны хүчийг тооцоолж, мэдээлдэг. Дасгалжуулагч энэ үед эрэг дээр зогсож, дээрх мэдээлэл дээр үндэслэн тамирчиндаа зөвлөгөө өгнө. Ямар үед хүлээх, хэзээ үсрэлтээ гүйцэтгэх вэ гэх мэт. Олимпийн хөтөлбөрт ордоггүй серфинг шинэ тавцантай болсон нь ямар хамаа байна гэж та гайхаж магадгүй. Гэхдээ Японыг зорин очсон жуулчдын хувьд энэ нь чөлөөт цагаа өнгөрөөх сайхан боломж юм.

ӨНДӨР ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ

Япончууд 1964 оны олимпоос ес хоногийн өмнө өндөр хурдны галт тэрэг үйлчилгээнд нэвтрүүлж, олны нүдийг хужирлаж байлаа. Тэрхүү галт тэрэг 320 км/цаг хүртэл хурдлах чадвартай байв. Тэгвэл үүнтэй төстэй түүх 2020 онд ч давтагдах нь. Энэ удаа тэдний танилцуулах супер галт тэрэг 603 км/цаг хурдлах чадвартай гэдгээрээ онцгойрчээ. Онгоцноос дутахгүй хурдална гэсэн үг. Токио угаас хүн ам ихтэй хот. Дээрээс нь олимпийн үеэр хэдэн сая жуулчин тус хотыг зорино гээд бодохоор нийтийн тээврийн ачаалал асар их нэмэгдэх нь гарцаагүй. Харин хурдны шинэ галт тэрэг энэхүү ачааллыг нэлээд нугалах биз ээ. Манайх ийм галт тэрэгтэй бол Улаанбаатараас Баянхонгор ороход ганцхан цаг зарцуулах нь.

ГИМНАСТИКИЙН ЭЛЕКТРОН ШҮҮЛТ

Японы гимнастикийн холбоо, Фужицу лабораторитай хамтран тамирчдын үзүүлбэрийг шүүх шинэ систем дээр ажиллаж байна. Гимнастикийн тамирчид үзүүлбэрээ гүйцэтгэх үед шүүлтийн алдаа багагүй гарч, энэ нь хожим хэл ам дагуулдаг. Харин 3D шүүлтийн систем ямар ч алдаа мадаггүй ажилладгаараа онцлог гэнэ.

ЯРИА ОРЧУУЛАХ ТӨХӨӨРӨМЖ

Та энэхүү төхөөрөмжтэй байхад аль ч орны хүнтэй хэл нэвтрэлцэж чадна. Таны ярьсан зүйлийг төхөөрөмж шууд орчуулан нөгөө хүнд дамжуулах шидтэй. Мөн төхөөрөмжийн шидэт шилний цаанаас харахад гадаад хэл дээр бичигдсэн хаяг, зааврууд төрөлх хэл дээр чинь орчуулагдан гарч ирэх болно. Даяаршлыг жинхэнэ утгаар нь түгээх энэхүү гайхалтай төхөөрөмж одоогоор туршилтын шатандаа яваа. Гэхдээ олимпийн үеэр бэлэн болж, хэрэглээнд нэвтрэх аж.

САНАЛ БОЛГОХ