"Барселона" гайхамшгийг бүтээлээ

Спорт

Дөрвөн гоолын зөрүүг арилгаж, дараагийн шатанд шалгарсан баг нэгээхэн ч үгүй

Ердөө гурван долоо хоногийн өмнө “Барселона”-гийн фанатууд өөрийн багаа “ПСЖ”-ий талбайд 4:0-ээр хожигдохыг гунигтай харж байлаа. Аваргуудын лиг дэх тэдний аялал энэ хүрээд зогсох учиртай байжээ. Учир нь Европ тивийн шилдгүүд өрсөлддөг энэхүү тэмцээнд дөрвөн гоолын зөрүүг арилгаж, ялалт байгуулсан баг нэгээхэн ч үгүй. Тэгээд ч өрсөлдөгч нь жирийн нэг сулхан баг биш. Францын аварга цолыг сүүлийн дөрвөн жил дараалж хүртсэн, Э.Кавани, Т.Сильва, М.Верратти, А.Ди Мария нарын ододтой “ПСЖ” болохоор байдал бүр ч эвгүй. Хувиар авч үзвэл Парисын баг дараагийн шатанд шалгарах магадлал 98 хувь гэж болно.

Түүхийн хуудас сөхвөл хоёр гоолын зөрүүг давж гаран эцсийн дүндээ ялагч болсон баг цөөнгүй. Харин эхний тоглолтод гурван гоолоор хожигдчихоод хариу тулаанд алдаагаа залруулсан баг ганцхан баг нь 2004 оны “Депортиво” юм. Хэрэв энэ удаа “Барса” цааш шалгарч чадвал хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх гайхалтай ялалт болох байлаа.

“Барселона” биелэгдэшгүй даалгаврыг бодит байдал болгохын тулд тоглолтын эхнээс давуу байдал олж авах ёстой. Тэгвэл хамгийн анхны даалгавраа тэд гялалзтал биелүүлж, ердөө гурав дахь минутад Л.Суарес гоол орууллаа. Дараа нь багийн ахлагч А.Иньестагийн бөмбөгийг хамгаалагч Курзава өөрийн хаалганд хийснээр тоо 2:0 болов. Францчууд сандарч эхэлжээ. Нөгөө айгаад байсан зүйл нь биелэх магадлалтай болоод ирсэн болохоор тэр. Улмаар хоёрдугаар үеийн эхэнд Л.Месси торгуулийн цохилтоор багийнхаа гурав дахь бөмбөгийг хийж, хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөж орхив. Одоо испаничууд дахин нэг бөмбөг хийхэд хоёр тоглолтын харьцаа тэнцэх болно. Дахиад 40 минутын хугацаа байгаа болохоор энэ тийм ч хэцүү даалгавар биш.

Гэтэл үүнээс 12 минутын дараа Парисын багийн супер довтлогч Э.Кавани тоог 3:1 болгон ойртуулж, тоглолтыг улам өрсөлдөөнтэй болголоо. Саяхан л баярлаж, хөөрч байсан “Барса”- гийн фанатууд санаа зовж эхлэв. Одоо тэд дахин гурван гоол хийх шаардлагатай болсон юм.

Энэ гоолоос хойш “ПСЖ”- ий тоглолт эмх цэгцтэй болж, аюултай сөрөг довтолгоо хэд хэдийг хийв. Хэрэв Кавани, Ди Мария нар өөрт олдсон боломжийг ашигласан бол “Барса”-гийн сүүлийн найдвар нуран унах байв. Үүнээс хойш цаг явсаар 87 дахь минуттай золголоо. Зочид шөвгийн наймд шалгарсны баяраа тэмдэглэж, талбайн эзэд толгой гудайлган цэнгэлдэхийг орхих мөч ойртсон гэсэн үг. “Барса” довтолгоогоор дэлхийд гайхагдсан супер баг. Гэхдээ үлдсэн багахан хугацаанд хэрэгтэй гурван гоолоо хийнэ гэдэгт итгэх хүн ховор байв.

Харин үүнээс хойших арав орчим минут хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу мөчийн тоонд орно. “Барса”-г сэргээж, гайхамшиг бүтээсэн хүн нь бразил довтлогч Неймар байлаа. Тэрбээр 88 дахь минутад хаалттай цохилтоос гоол хийсэн бол дараа нь торгуулийн цохилтоор багийнхаа тав дахь бөмбөгийг оруулав. Улмаар шүүгчийн сунгасан таван минутын сүүлийн хоромд С.Робертод оновчтой дамжуулалт өгснийг залуу хагас хамгаалагч алдсангүй. Ийнхүү 95 минут үргэлжилсэн гайхалтай драм төгсгөл болж, Каталоны нэр төр “Барселона” тэмцээний шөвгийн наймд шалгарсан юм. Роберто сүүлийн 18 сарын турш гоолын бараа хараагүй байсан. Харин тун чухал мөчид багтаа хэрэгтэй гоолыг оруулсан нь энэ. Неймарын хувьд тоглолтын өмнө багийнхандаа заавал хоёр гоол оруулна гэж амласан гэх. Энэ амлалтдаа ч хүрч, түүхэн тоглолтын тодоор гялалзах од нь болж чадлаа. Хөлбөмбөгт ямар ч гайхамшиг тохиож болохыг энэхүү сонгодог тулаан харуулсан юм.

Тоглолтын дараа “Барса”- гийн дасгалжуулагч Л.Энрике “Биднийг наймд шалгарсныг дуулаад бусад өрсөлдөгчдөд аягүй л санагдах байх. Эхний тоглолтод биднийг 0:4-өөр хожигдчихоод байхад хүртэл ялна гэж итгэсээр байсан тэр хүмүүст энэ хожлоо зориулья” гэсэн. Харин “ПСЖ”-ий дасгалжуулагч У.Эмери “Бид дэндүү сууж хамгаалснаас болоод өрсөлдөгчдөө гоол оруулах боломжийг өгсөн. Харин хоёрдугаар үед тайван тоглож, байрлалаа ч зөв эзэлж чадсан. Шүүгч өнөөдөр бидний эсрэг байлаа. Мөн сүүлчийн минутад бид өөдтэй тоглосонгүй. “Барселона” бол ингэж хожиж чадах баг. Миний хувьд болон багийн хувьд энэ том сургамж боллоо” хэмээн ярьжээ.


САНАЛ БОЛГОХ