Pасист, фашист, харгис Европыг нөмрөх ариун дайныг номлогч

Судлаачийн үг

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг яг ингэж нэрлэсэн нийтлэл сайтуудад олонтаа тааралдана. Берлин- Анкарагийн хооронд улс төрийн харилцаа эрс хурцадлаа. ХБНГУ- ын нутаг дэвсгэрт түрэгүүддээ улс төрийн ухуулга хийхээр хоёр улстөрч очих гэснийг нь Германы эрх баригчид зөвшөөрсөнгүй, тэгснийг нь Эрдоган нацистуудын бодлоготой харьцуулан хараалын үгсээ урсгажээ.

Р.Т.Эрдоганы Ерөнхийлөгчийнх нь эрх мэдлийг өргөжүүлэх асуудлаар санал асуулга явуулахад Герман дахь түрэгүүд чухал нөөлөг болох ёстой байж. Тэрийг нь эс зөвшөөрсний төлөө Европ тэр чигээрээ фашист, харгисаараа дуудуулжээ. Түүний цогтой үгс:

Энэ Европ гэж дэлхийн II дайны өмнөхтэйгээ яг адилхан: арьсны үзэлт, фашист, харгис, лалын эсрэг, Туркийн эсрэг Европ болжээ.

Референдум хийснээрээ бид Европт зохих хариуг нь барина. Европын холбооны эрх баригчид Туркийг Европын холбоонд элсэхэд ямар ч саад хийж чадахгүй.

Европын нэг ч улстөрчийг Туркэд нэвтрүүлэхгүй.

Эрдоганы өнгөн дээр Турк гэж энэ их улс юм юм л үзлээ. Үзэх ч болно. Соёлжиж гэгээрсэн, европжсон, лалжаагүй, шашинжаагүй улс орныг исламист нөхөр толгойлбол юу болдог гашуун сургамжийн орчин цагийн сонгодог жишээ нь өнөөгийн Турк болчихоод зовиурт олон жилийг ардаа үдэж байна. «Европжсон» гэдгийг би өөрийн сууж байсан Египет, Арабын бусад улс орноор жишээлэн ярьж байгаа хэрэг.

Соёлжиж гэгээрсэн Евразийн цорын ганц их хот-Истанбулд төрж өссөн, нэг удаа өөрийнх нь ам халж ярьснаар өвөг дээдэс нь Гүржийн Батуми хотоос Турк рүү дүрвэж очсон ажар угсаа гарвалтай, Истанбулдаа Мармарын их сургуулиас иргэний гайгүй боловсрол олж авсан энэхүү Эрдоган яаж яваад исламист болж, ямар хэрэг мандуулаад өдий хүрсэн нь маш сонин түүх юм. Намтар судлаачдын хувьд бол олон жил, олон талаас нь мөлжих мөлжүүртэй яс л гэсэн үг.

Эрдоганы исламист үзэл санааны галыг өрдөгч нь Шадар сайд, Ерөнхий сайд асан Нежметтин Эрбакан гэгч байсан болж таардаг. Тэрээр орчин үеийн Туркэд (Ататюркээс хойш) улс төрийн исламын үзэл суртлыг үндэслэгч ба номлогч, 1980-1987 онд улс төрийн эрхээ хасуулагч, 1987 онд лалын шашны намаа буй болгогч, 1995 онд лалын нам нь сонгуульд ялаад 1996 онд Ерөнхий сайд болсон, “Лалын 8” (D-8) гэх олон улсын эвслийг санаачлагч, ийм л намтартай нэгэн байв. Аргаа барсан Туркийн цэргийнхэн, шашинжаагүй хүчнийхэн тэр нөхрийг ганц жил Засгийн газар толгойлуулаад цэргийн эргэлтээр 1997 онд авч хаясан ба 1998 онд улс төрийн эрхийг нь таван жилээр хориглож, хожим 2004 онд залилангийнх хэргийн төлөө таван жилийн ял сонсгож байсан түүх хуучраагүй. Ийм нэгэн үл бүтэх нөхрийн үнэнч шавь Эрдоган улс төрийн тавцанд мэндэлж, өсөж дэвжиж, өнөө хүрчээ.

Сайн багшийн нөмөр нөөлгөөр Шударга ёс, хөгжлийн нам гэдгээ байгуулалцаж, Эрдоган ямар азаар юм бүү мэд, 1994 онд Истанбул хотын дарга болжээ. Лалын коалиц гэдэгт намаа оролцуулан байж ялсан нь тэр байсан ба цэргийнхэн намыг нь хориглож, Эрдоганыг лалын экстремист үзэл бодлынх нь төлөө, үндэсний хагарлыг номлосных нь төлөө ял сонсгон гянданд хорьжээ. Гянданд дөрвөн сар суусан тэрбээр 2001 онд Шударга ёс, хөгжлийн намаа дахин сэргээн байгуулж, 2002 оны сонгуульд ялуулжээ. Нам нь ялсан ч шүүхийн шийдвэр хүчинтэй тул тэрбээр засаг толгойлж чадаагүй. Гэхдээ гадагшаа зөв тоглолт хийж нэр нүүрээ сэргээж чадсан аж.

Хэдийгээр нам нь лалын шашны үнэт зүйлсийг тулгуур болгоно гэсэн ч Эрдоган АНУ- ын талыг тууштай баримтлагч болж хувирчээ. Ирак дахь АНУ тэргүүтэй эвслийн цэргийн ажиллагааг дэмжигч боллоо. Курдүүд аж төрдөг Умард Иракаас цэргээ гаргахыг дэмжлээ. Европын холбоонд Туркийг элсүүлнэ хэмээн Эрдоган ярьдаг, ухуулдаг боллоо. Өрнөд ба исламын ертөнцийн өвөр хоорондын зөрчлийг намжаах зорилго бүхий “Иргэншлийн Альянс” хэмээх санаачилгыг Эрдоган уухайлан дэмжлээ. Энэ чухал санаачилгыг 2005 онд Испанийн Ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро дэвшүүлсэн ба үнэ цэнээ одоо ч алдаагүй байгаа.

Гэтэл Эрдоганы исламист хэнээ үе үе цухалзан, өөрийг нь ба Турк орныг эргүүтүүлж эхэллээ. 2009 онд Давост бүх дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо тэрбээр Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес рүү хэлэх хэлэхгүйгээр дайрлаа. Бүр хадуураад 2009 онд G-8-ын дээд түвшний уулзалтад уригдахдаа Шинжааны уйгуруудын төлөө Хятадын эсрэг лут зэмлэл тавилаа. Өрөмч хотод уйгурын салан тусгаарлагчдын жагсаалыг хөөн тараасныг «Уйгуруудын эсрэг геноцид үйлдлээ» хэмээн шууд яллажээ.

Турк дэх шударга сонгуулиар Эрдоган тэргүүтэй исламистууд гараад ирэхэд европчууд гайхаж цочирдоогүй. Тэд гарч ирээд эхлээд цэргийнхнээ мухарлаж авсан. Янычарын удам–олон сайхан генералуудыг шоронгийн хаалга татуулсан. Цэргийнхэн гэдэг нь өнөөгийн Египет шиг нийгмийн локомотив байж ирсэн, шашинжихгүй хөгжих талд цэргийн дээд эрхтнүүд нь зогсдог. Шударга ёс, хөгжлийн нам засгийн эрх аваад, исламист суртлаа түр азнаж, консерватизм, Туркийн үнэт зүйлс гэдгийг хэсэг номлосон. Өрнөдөд байх мөртлөө дорно зүг рүү тэлэх гадаад бодлогоо зарласан. Үндсэн хуульд реформ хийх замаар шашинжихгүй хөгжих талынхныг аажмаар шахаж, хэд хэдэн их сургуулийн ректорууд, цэргийн дээд цолтнуудыг илээр шүүж, шашинжихгүй хөгжих талынхны зүрхийг үхүүлсэн ба шинэ Үндсэн хууль 2013 онд баталснаар Эрдоган хязгааргүй их эрх мэдэлтэй болж авсан.


Гэтэл олон арван жил шашнаас ангид явж ирсэн нийгмийн өрнөжсөн хэсэг нь 2013 оны хавар Истанбулын төвд Таксимын талбайд босов. Эрдоганд итгэл үзүүлсэн 10 жил нь тэднийг залхаажээ. Бослого амжилт олсонгүй. “Арабын хавар” шиг үйл явдал Турк орныг нөмөрсөнгүй. Хэвлэл мэдээлэл 10 жилд айхтар “эрдоганжиж”, босогчдыг дэмжсэнгүйгээр барахгүй зөв мэдээлсэнгүй. Зүүний сайтууд хакерын дайралтад өртөж, тэмцэл тэгсгээд намжжээ. Нэг үгэндээ Туркэд шашинжихгүй хөгжих талынхныг исламистууд нь ялсан хэрэг. Ийнхүү тэрбээр Туркэд Ататюркийн босгосон байшингийн тоосгыг нэг нэгээр нь сугалсаар тэс өөр байшин барьж эхэлсэн. Үүнд нь тэсвэрээ барсан цэргийнхэн 2016 оны зун цэргийн эргэлт хийхээр хөдлөөд бүтэлгүйтсэн байж мэднэ.

Эрдоганы хэнээ үе үе цухалзаж, өөрийг нь ба Турк орныг эргүүтүүлж эхэллээ
Логикоор дүгнэж үзэхэд исламистууд болоод шашинжихгүй хөгжих үзэлтнүүд өвөр хоорондоо өстэй. Засгийн эрхийг авахад нөгөөх нь саад хийх учраас. Тэднийг консенсуст хүргэж эвлэлдүүлдэг нь цэргийн дээд элит. Тэгвэл Таксимын талбайн либерал мини-бослогын үед юу харагдав гэхээр Туркэд цэргийнхэн ихэд суларсан, Истанбулын босогчдыг дэмжсэнгүйг тэр үед бид харсан.

2011 оноос Арабын орнуудыг хамарч дэгдсэн “Арабын хавар” гэх улс төрийн бослого тэмцлийг уухайлан дэмжигч Эрдоган нь өнөөг хүртэл цор ганцаараа ялгаран дэмжсээр, хоёр нүүр гаргасаар буй. Маш тодорхой жишээ нь бол Сири. Сири дэх мөргөлдөөн бүс нутагт маш олон улс гүрний эрх ашгийг ийнхүү хөндөж байгаагийн толгойд Турк нэр заагдана. Туркийг оролцуулаад, Израилийг эс тооцоод Ойрхи Дорнодод улс орнуудын хооронд, улс дотроо, үндэстэн дотроо маш том хагарал гарсныг бид харж байгаа. Антагонист зөрчил суннит нь шиитийнхээ эсрэг, араб нь персийнхээ эсрэг, исламист нь шашинжихгүй хөгжих үзэлтнүүдийнхээ эсрэг өрнөлөө. Сири дэх дайн эдүгээ суннит–шиит, тодруулбал салафит–шиитийн өргөн хүрээтэй мөргөлдөөн болж хувирсан, Сирид засгийн эрхийн төлөө тулалдаж буй такфируудтай (консерватив, зарим утгаар ёозгүй, засрашгүй мусульманчууд гэсэн үг) Эрдоган ба түүний Шударга ёс, хөгжлийн нам хүзүү толгой холбогдчихоод эцэст нь түүнээсээ салж чадахгүй, цаадуул нь өсөрхөөд Туркэд амар заяа үзүүлэхгүй байна.

Өөрийн толгойлсон Шударга ёс, хөгжлийн намыг бүх мусульманчуудыг мандуулдаг, сонгодог жишээ, сургамж хэмээн Эрдоган ил зарлалаа. Египетэд “Лалын ахан дүүс”-ийн Эрх чөлөө шударга ёсны нам, Ливид Шударга ёс бүтээн байгуулалтын нам, Туркэд Шударга ёс хөгжлийн нам. Нэршлийн санаандгүй давхцал уу, юу вэ?

Барууны нэг профессор Дэвид Гребер 2016 онд анхааруулж, тэмдэглэсэн нь бий. “Сүүлийн 3-4 жилд Турк авторитаризм руу эрс гулслаа. Эрдоган Ерөнхийлөгчийн хатуу засаглал тогтоосноороо хэрэг дээрээ дарангуйлагч болж хувирлаа” хэмээн тэрбээр бичсэн.

Ийм л турк Ерөнхийлөгч XXI зууны соёлжсон Туркийг залуурдаж байна. Элдэв зөрчлөөсөө үүдэн дотоодын бухимдлаа гадагш хандуулдаг ёсон бий. Тэр дагуу л Европыг гэв гэнэт расист, фашист, харгисаар нь дуудлаа. Хэр удаан үргэлжлэхийг хэн ч таашгүй. Нэр хоч өгөх нь ч дүүрч. Европыг ариун дайнаар заналхийлэх нь бүр ч ноцтой. Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу гэдгийнх нь хэлсэн үгс байна. “Европт удахгүй ариун дайн дэгдэнэ” гэж.

Тэрбээр бүр хараал тавин хэлж байна. “Та нар наад олон намуудаа хар. Социал- демократууд ба Вилдерсийн фашистууд юугаараа ялгаатай юм? Бүгд л сэтгэлгээний ижил им тамгатай. Та нар хаашаа явж байна аа? Та нар Европыг хааш нь зална вэ? Та нар Европыг ёроолгүй ангал руу түлхлээ. Удахгүй Танай тэнд ариун дайн дэгдэх болно”. Энэ бол Европын холбоонд элсэх хүсэлтэй улс орны Гадаад хэргийн сайдынх нь амнаас гарсан үгс!

Ингэж заналхийлснийх нь төлөө европчууд ардчилал яриад угтахгүй нь мэдээж. ХНБГУ-ын эрх баригч Христосын-ардчилсан холбоо намын дэд дарга Фолькер Буфье хариу барьжээ. “Туркийн Ерөнхийлөгч бол Германы хувьд хүсүүштэй зочин биш ээ. Хэрэв тэр наашаа ирвэл бид түүнийг нутагтаа оруулахгүй байх ёстой. Тэр нөхөр манай эх орны аюулгүй байдалд заналхийлж байна”. Германы албан ёсны байр суурь иймдээ тулжээ.

Өрнөд Европ олон жил гуманизмын тухай доозыг нь хэтэртэл ярьсаар эцэст нь дүрвэгсдэдээ боорлуулан, Европын түүхэн хотуудыг лалын анклавуудаар дүүргэчихээд байна. Лалын анклавуудад өрнийнхний хууль дүрэм, итгэл үнэмшил, үзэл суртал, урлаг соёл нь ёстой жулдана. «Вестернизац» буюу өрнөжих явц гэдгээ эх орон дотроо ч хийж хүчрэхгүй болсон. Ийм байдлаас үүдэн Өрнөд Европын орнуудад нийгмийн байдал түгшүүртэй байна. Ийм түгшүүрийн оч дээр тос нэмэн дүрэлзүүлэн, түймэр дэгдээхийг Эрдоган, Чавушоглу нар арай ч хүсээгүй байлтай.
САНАЛ БОЛГОХ