Ард түмний лидерүүдийн эрин үе эхэллээ

Судлаачийн үг

2016 онд дэлхийг дэлдийлгэсэн үйл явдлууд дотроос “Трамп”, “Brexit” бол гарцаагүй эхэнд нь бичигдэх түүхэн үйлс юм. Энэ бол глобал түвшинд өрнөх их үйл явдлын эхлэл гэдгээрээ ач холбогдол нь хойшид өдрөөс өдөрт тодрох болов уу. Европт засгийн эрхэнд популист намууд олноороо гарч ирэхийн эхэн байж ч мэднэ. Францын үндэсний фронт нам Трампын ялалтаар шинэ эрч хүч авсан тухай лидер Марин Ле Пен нь бахдалтайяа бичиж байв:

-Болохгүй, бүтэхгүй гэж үзэж байсан зүйлийг болгодог, бүтээдэг юм гэдгийг Трамп харууллаа.

-Brexit референдум, АНУ-ын сонгууль удахгүй Италид болох Үндсэн хуулийн референдумээр Маттео Ренцийн Засгийн газрыг унагана гэж байв.

Ямар гашуун үнэнийг Ле Пен хатагтай олж хараа вэ? Үнэндээ эл Үндэсний фронт, Италийн “Star Party Five”, Германы төлөө альтернатив гэх популист намуудын рейтингийг Трампын ялалт өсгөчихсөн. “Вашингтонд хувьсгал хийгдлээ” гэх шахуу Европт шуугисаар байна. Англи, Шотланд, Франц, Герман, Нидерланд, Польш, Унгарт Трампыг «өөрийн хүн» гэж цоллох нь энүүхэнд. Трамп руу Европын эрх баригчид, ялангуяа канцлер Меркель ихээхэн урамгүй хандсан нь бүр ч түлхэц үзүүллээ. Францын үндэсний фронтын лидер Марин Ле Пенийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж магадгүй, хэрэв тэгвэл Франц улсад аюул нүүрлэлээ гэсэн үг хэмээн өмнөх Ерөнхий сайд Мануэль Вальс сэрэмжүүлсэн нь тун саяхны баримт юм. “АНУ-д Трамп ялсан юм чинь Францад Ле Пен ялах уу?” гэх асуултад тэрээр “тун магадгүй” хэмээн хариулcaн ба Ерөнхий сайд асан Жан-Пьер Раффарен ч мөн ингэж айлдсан.


Үнэндээ Европыг популизмын давалгаа бүрхээд авлаа. Ойрхи Дорнодоос үл тасалдан хөврөх цагаачид дүрвэгсдийн цуваа, түүнд зэвүүцэгчид Европт өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр, дээр нь эдийн засаг зогсонги болж, эрх баригчдын нэр хүнд улам унасаар байна. Энэ дэвсгэр дээр популизм цэцэглэлээ. “Үгүй гэж хэл!” гэсэн уриан дор Италийн Умард Лиг нам (лидер нь Маттео Сальвини), “Таван таван хошуу” хөдөлгөөн (лидер нь Беппе Грилло) Үндсэн хуулийн референдумыг эсэргүүцээд яллаа. Удахгүй тэд еврогоос татгалзах хөдөлгөөн өрнүүлнэ. Австрид Эрх чөлөөний нам, түүний лидер Норберт Хофер Ерөнхийлөгчийн сонгуульд ялан алдлаа. Цагаачлалын эсрэг, гэр бүлийн уламжлалт үнэт зүйлийн төлөө, ажлын байрыг гадаадынханд алдахгүйн төлөө Хофер тэмцсэнийг буруу гэхгүй. Brexit маягийн санал асуулга Австрид явуулна гэж Эрх чөлөөний нам сурталдсан. Тиймэрхүү референдум Европын Холбооны орнуудад явагдахад гайхахааргүй болж байх шиг.

“Financial Times” сонинд (FT) Тони Барбер гэх нөхрийн бичсэнийг санаж байна. Тэрээр тиймэрхүү референдум, сонгуулийн санал хураалтаар популизм ялах нь европчуудын хувьд тэнгэр нурахтай адил хэмээн зүйрлэсэн байсан. Австри, Италийн санал хураалтыг тэрээр яг тэгж оношилж байв. Хэт барууны кандидат Хофер маш их шаанстай, Европын ямар ч улсад дэлхийн II дайнаас хойш хэн ч тийм өндөр шаанстай байгаагүй гэж ирээд л тэрээр бичсэн байв. Маттео Ренцийн ялагдал бол санхүүгийн зах зээлийн хямрал, банкны хэврэг салбарын уналт байх болно гэсэн нь яг нотлогдоод одоо италичууд еврогоос татгалзах дээрээ тулж очиж байх шиг. 2018 оны парламентын сонгуульд Гриллогийн “Таван таван хошуу” хөдөлгөөн, Хоферын Эрх чөлөөний нам ялах магадлалтай хэмээн FT бичиж байсансан.

Популист хувьсгалын оч Атлантыг даван Европ руу үсэрхийлэн, Итали, Нидерланд, тэгэх тусмаа Францад ойн түймэp дэгдээж магадгүй, 2017- 2023 онд түймэр үргэлжилнэ, Европын хувьд шок болно хэмээн FT лүндэгдсэнийг анзаарахгүй өнгөрч боломгүй. “Тэгэх тусмаа Франц” гэж энд онцлосныг олон өнцгөөс, олон хувилбараар тайлбарлаж болно. Дээр ч дурдлаа. Өмнө нь яг тэгдэг байсныг санахгүй байна. Франц даяар эрх баригч, сөрөг хүчний гол намууд нэр дэвшигчийн сунгаа буюу америк маягийн праймериз хийдэг практик руу шилжиж түүнийгээ ил зарлан, улс орны хэмжээний томхон кампанит ажил болгожээ. Ингэж нам дотроо сунгаа хийх нь баруун төвийн ба социалист намуудыг засгийн эрхэнд цаашид байлгах гэсэн, сонгогчдын анхаарлыг Үндэсний фронтоос хөндийрүүлэх гэсэн арга ядсан арга байж ч болно. Николя Саркози, Франсуа Фийон, хатагтай Марин Ле Пен нарын хооронд Ерөнхийлөгчийн 11 дэх удаагийн сонгууль өрнөлөө гэхэд эхний шат буюу 2017.04.23-нд Ле Пен хэн нэгэнтэй нь тунаад хоёр дахь шат 2017.05.07-нд дахин өрсөлдөх магадлал бодитой юм. Чухам яагаад ингэж үнэлэх болов гэвэл 2014.05.25-нд явагдсан Европын парламентын сонгуулийн дүнг аваад үз. Марин Ле Пений толгойлсон Үндэсний фронт нам 25.4 хувийн санал авч Францдаа ялсан юм. Эрх баригч хоёр нам 20.6 ба 14.1 хувийн санал явж шившгээ тарьсан ба Францын түүхнээ тохиогоогүй үйл явдал, чухам “улс төрийн газар хөдлөлт” гэж нийтээрээ дүгнэсэн билээ.

Brexit- референдум, Дональд Трампын ялалт “аюумшигт 1930-аад он”-ыг санагдуулав гэх утгаар германы хөрөнгө оруулалтын Berenberg банкны шинжээч Хольгер Шмидинг бичсэн нь анхаарал татлаа. Популизм, протекционизм, национализм, изоляцинизм буюу “дөрвөн изм” хослоод 1930-аад оны дэлхийн дүр төрхийг тодорхойлж, чухам л “ард түмний” гэх лидерүүд түүхнээ тодорч, тэдний төлөөлөл- Гитлер, Муссолини зэрэг дарангуйлагчдыг засгийн эрхэнд гаргаад ирсэн 1930-аад оны Европ эдүгээ давтагдах юм биш байгаа хэмээх Шмидингийн сэрэмжлүүлэг бүр ч ноцтой юм. Эх орныхоо нэр төр, алдар гавьяаг мандуулж, бусад арьстан, үндэстэн, шашинтанд ял тохож, тэгснээрээ улс орныхоо дотоод бэрхшээлийг шийдвэрлэнэ хэмээн “ард түмний” лидерүүд тэртээх жилүүдэд хүссэн, хүссэндээ ч хүрсэн.

Brexit ба Трампын сонгуулийн кампанийг эргэж санаваас бүх юмны буруутан нь ямар нэгэн “гадаад дайсан”: Европын Холбоо, лалын дүрвэгсэд, мусульманчууд, эвсэл мексикчүүд болж таарсан.

1929 оны Уолл-стритийн сүйрлийн дараа олон улсын худалдаа нурсан, АНУ импортондоо протекционист татвар тавьсан, тэгвэл өнөөдөр Трамп Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг үл хэрэгсэнэ гэлээ. Мексик, Хятад хоёртой худалдааны дайн дэгдээхээ зарлалаа. Даяаршил гэх үйл явцыг эсэргүүцэхээ Трамп, Их Британийн өнөөгийн эрх баригчид шууд мэдэгдлээ. 1930-аад оны их хямрал буюу депресс, түүнээс үүдсэн эдийн засаг, улс төрийн холион бантан, дээр нь национализм нэмэгдээд дэлхийн II дайнд хүргэсэн.

Цөмийн зэвсэг бүхий хүчирхэг өрсөлдөгчтэйгээ сөргөлдөөнөө зөөлрүүлнэ гэх нь Трампын буруу биш
Харин эдийн засагч эрдэмтэн Шмидингийн үзэж байгаагаар II дайны өмнөх дэлхийгээс өнөөгийн дэлхий ертөнц огт өмнөө, яагаад гэвэл гурван учир шалтгаан байгаа гэлээ. 1) Хэдийгээр уур уцаар бухимдал чинээндээ тулж байгаа ч бид тоталитаризм, үзэл суртлын тэмцлийн эрин үед байгаа биш гэв; 2) Трамп болон европын популистууд үзэл сурталд огтоос хөтлөгдөөгүй; 3) АНУ, Европт олон улсын хамтын ажиллагаа, хууль дээдлэх ёсон хүчтэй хэвээрээ байна. Тэр утгаар их депрессийг бид туулахгүй, харин эрсдэл бол цаашдаа ч байна хэмээн Шмидинг номложээ.

Германы эрдэмтний онолдсноос санаа аван өөрийн байр сууриа илэрхийлье. Нээрээ ч Трамп АНУ-ыг изоляционист (хувиа хичээсэн, зожиг) байр сууринд аваачих мэтээр олонтаа ярьсан, олон улсын үйл хэргээс хөндийрнө гэсэн. Сириэс бол бүр ч холдоно гэсэн. Хэрэв АНУ олон улсын үйл хэргээс холдвол бүс нутгуудад хүчний дисбаланс (тэнцвэр алдагдах) үүсч, Европ нь асуудал бэрхшээлийн төв болно. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх Европоос АНУ зайгаа хэт барьж байсны гайгаар дайн дэгдсэн бол эдүгээ Трамп Араб, Ойрхи Дорнодоос зайгаа барих нь Европтой шууд залгаа тэр бүс нутгаас Европ руу эрсдэл шууд тархана гэсэн үг. Дүрвэгсдийн шинэ шинэ цуваа Европ руу зүглэх нь гагцхүү Европ гэлтгүй, АНУ руу өөрт нь ч давхар бэрхшээл авчирна.

Бас нэг эрсдэл бол Орос байна. Европынхны үзэж байгаагаар хэрэв Трамп Путинтэй найрсаг харилцаа тогтоож, бизнесийн өнцгөөс харьцвал Украиныг золигт гаргаж, Украины хил хязгаарыг шинээр тогтоох болж, тэр нь мэдээж Орос ба Европын Холбооны хооронд дисбаланс үүсгэнэ. НАТО-гийн эсрэг изоляционист бодлого тунхаглабал тэр нь чухам хамгийн том аюул болж мэднэ.

Саяхны түүхийг энд жишээ болгож болно. Барак Обама 2008 онд чухам яагаад ялсан хэрэг вэ гэхэд л 2008 оны зун Орос Гүрж рүү халдаж, хариуд нь НАТО-г бэхжүүлэх шаардлага тулгарсан, түүнийг Обама шүүрч аван овжин ашигласан явдал хэмээн хариулж болно. “Оросын аюул” түүнийг 2009 онд засгийн эрхэнд гаргасан юм. Орос 2014 онд Крымыг нэгтгэж, Донецкэд дайн дэгдэхэд Обама мөн л овжноор шүүрэн авч ашиглан, эдийн засгийн элдэв асуудлаас америкчуудыг хөндийрүүлж, өөртөө алдаршил авчран, тогтвортой байдлаа бэхжүүлсэн. Тэгвэл энэ бүхнийг Трамп нураах болж байх шиг, өөрийнх нь яриагаар.

Оросын аюулын өмнө хүчгүйтэж мэдэх европчууд популистууддаа найдаж эхлэв гэх санаагаар FT сонины өөр нэг дугаарт бүр тэргүүн өгүүлэлдээ бичсэн байв. Путинтэй тун осолтой тоглоомоор наадаж эхлэх нь гэж тус сонин анхааруулсан. Тэр нь Трампыг хэлсэн хэрэг юм. Оросын эсрэг тавьсан хоригийг цуцлуулж чаддаггүй юм аа гэхэд АНУ түүнээсээ өөрөө татгалзаж, Дорнод Европ дахь Оросын геополитикийн нөлөөний бүсийг хүлээн зөвшөөрч, хариуд нь Оросын баруун хил дагуух түгшүүртэй байдлыг цуцлуулан, улмаар Оростой хамтран терроризмтой тэмцэнэ гэх нь европчуудын хувьд тэр чигтээ эрсдэл хэмээн английн тэр сонинд бичсэн байв.

Цөмийн зэвсэг бүхий хүчирхэг өрсөлдөгчтэйгээ сөргөлдөөнөө зөөлрүүлнэ гэх нь Трампын буруу биш. Харин нь цаанаа АНУ, Өрнөд ертөнцийн урт хугацааны эрх ашигт хохирол учирч, дэлхийн бусад бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой байдал алдагдах вий гэдэгт европчууд гүнээ сэтгэл түгшиж байгаа. Крымыг Орос аннекс хийсэн, Украины дорнод хэсэг рүү халдсаныг хэрэв хүлээн зөвшөөрч дэмжвэл Трамп маш ноцтой, гаж уламжлал хэвшүүлж таарч байна. “Эзэлж авдаг юм, түүнийг нь зөвшөөрөөд байдаг юм” гэх жишиг практик хэвших нь гэх айдсаа “Financial Times” илэрхийлээд Дональд Трампад зарчмаа барь гэх зөвлөгөө өгч байна. Ямар зарчим бэ?

1. АНУ нь НАТО-гийн өмнө хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй сахих.

2. Оросын эсрэг санкцыг цуцлаж болохгүй.

1980-аад онд тэр үеийн СССР- тэй харилцаа айхтар хурцдаад эргэж сайжрахдаа СССР ялагдан байж хэвийн болсон бол одоо Москвад буулт хийх замаар дахин хурцадсан харилцааг хэвийн болгож болохгүй хэмээн европчууд Трамп руу цөхрөн гуйх л үлдэж дээ.
САНАЛ БОЛГОХ