Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Судлаачийн үг

Саудын Арабтай холбогдох “муу үйл” цухалзсаар л. “Арабын хавар” дэгдэхэд Сауд нь Ливи, Сири, Ирак, Йемений босогчдыг дэмжиж, төр засгийг нь нураахад улайм цайм оролцсон, Ирак, Сири тэсээд үлдлээ, Бахрейнд босогчдыг нь дарахад цэрэг илгээсэн, Ливаны дотоод хэрэгт байнга хутгалддаг, улмаар давраад Афганистан, Пакистан, Этиоп, Филиппин дэх лалын жихадистуудыг дэмжсэн, шашин хоорондын мөргөлдөөнийг нь дэвэргэсэн, Европт олон муу үйлийг өдөөсөн гээд жагсаагаад байвал баримт зөндөөн. Германы дэд канцлер Зигмар Габриэль Bild am Sonntag сонинд ноцтой мэдэгдэл хийсэн. Радикал исламистуудыг Эр-Риядаас санхүүжүүлдэг ,“даян дэлхийгээр тархсан ваххабит бүх мечетийг Саудын Араб санхүүжүүлдэг. Аюултай олон исламистууд тэндээс л Германд ирж байна”, “Энэ ноцтой асуудлыг таслан зогсоож хүчрэхээ болилоо” гэж тэрээр хэлээд “Лалын улс” (ISIL) бүлгийг Саудын Араб санхүүжүүлдэг хэмээн хардахаа шахсан нь Герман-Саудын Араб хоорондын харилцааг хурцатгаад авсан.

Энэ бүх нүгэл нь эргээд дотоод байдал руу нь нөлөөлж, эзэн хаан Салман бин Абдул Азизын дэглэмийг хөнтрөх юм биш байгаа гэх сэрэмжлүүлэг гадаадаас олонтаа цухалздаг болжээ. Энэ хаан бол энэ улсыг үндэслэгч Абдель Азиз аль Саудын удам дамжсан хамгийн сүүлчийн хаан. Бие муутай, 81 настай түүнийг мөд бурхан болсны дараа энэхүү вант улсын эрх мэдэл шинэ залуу үед шилжинэ. Учир нь хаан Салман залгамжлагчаараа ач дүү Мухаммад ибн Наиф гэгчийг зарласан, ахаас дүүд хаан ширээ шилждэг ёс энэ хүрээд өндөрлөж байгаа нь тэр болно.

Салман хааны хүү 31 настай Мохаммад бин Салман угсаа залгамжлагчаар өрсөлдөх магадлалтай. Өмнөх хааны үед угсаа залгамжлагчийн залгамжлагч хэмээн тодорсон Мукрин ибн Абдул-Азиз аль- Сауд гэж өөр нэг нөхөр хааны сэнтийд санаархаж бас болно. Гэхдээ засгийн эрхийн төлөө тэмцэл Мохаммад бин Наиф, Мохаммад бин Салман буюу хоёр үеэлийн хооронд өрнөх нь бараг бодитой болж байна. Эхнийх нь До яамыг толгойлж, хоёр дахь нь БХЯ, Эдийн засаг, хөгжлийн зөвлөл, газрын тосны Saudi Aramco компанийг гартаа атгаж байна. Батлан хамгаалахын сайд Мохаммад бин Салман нь Саудын Арабаас гадагш явуулж буй байлдааны ажиллагааг удирдаж, Йеменд хусит босогчдыг дарах, Сири, Иракт жихадист боевикуудыг байлдуулахыг удирдан буй. Бахрейнд хүн амын мусульман- шиит олонхийг өндийлгөхгүй байх үүрэгтэй. Ирантай хожим дэгдэж мэдэх дайныг энэ залуу бас төлөвлөнө.

Саудын Арабын анхны хаан нь 22 эхнэрээсээ 37-44 хүү төрүүлсэн ба амьд үлдсэн хөвгүүдээс хамгийн ахмад нь болох 85 настай хунтайж Талал бин Абдул Азиз буюу “улаан хунтайж” гэх хочтой өвгөн Салман дүүгийнхээ хэт эрх мэдлийг сөрдөг. Тэр утгаар хунтайж нарын хооронд засгийн эрхийн төлөө дайн дэгдэхэд гайхах зүйл байхгүй. Абдул Азизын удмын тэр Талал (“Судайрийн 7” буюу 2 хаан, 5 хунтайж) ба Салман хааны хамаардаг Хассан бин Ахмедын гэр бүлийнхний өвөр хоорондын зөрчил бугшсаар байна. Судайри гэдэг нь хаадын эртний овгийн нэр.

Хэрэв хааны гэр бүлийнхний хооронд мөргөлдөөн дэгдвэл тэр нь Саудын Арабын бүс нутгуудаар тархаж, иргэний дайнд хүргэж тун мэднэ. Ливи, Сири, Ирак, Йеменд тэдний дэмжиж өдөөсөн дайны гал нутагт нь ороод ирнэ гэсэн үг.
Хааны их гэр бүлийг хагалан бутаргаж дайтуулах эхний бүс нутаг бол тус улсын Дорнод муж юм. Тэр мужийг Сауд бин Наиф захирч байна. Түүний дүү нь одоогийн угсаа залгамжлагч, ирээдүйн хаан, хоёулаа Салманы хааны ач дүү нар.

Дорнод муж бол нефтийн ордууд бүхий газрын тосны аж үйлдвэрийн төв, тэнд нь мусульман-шиитүүд олноороо аж төрдөг, бас гадаадын ажилчид маш олуулаа бий. Гэхдээ энэ мужид хүн амын тооллого зориудаар хийдэггүй, ерөөсөө Саудын Арабт хүн амынхаа тооллогыг хийх сонирхолгүй, учир нь мусульман-шиитүүд олон болчихсон байх вий гэдгээс суннитууд нь үхтлээ айна. Дорнод бүс нутаг бол шашин хоорондын мөргөлдөөний бугшсан голомт. Дорнод тойргийг (Эш-Шаркиa) мусульман- шиитүүдийн эх орон болгож Саудын Арабаас салгах гэсэн үзэл суртлыг номлосон гэх шалтгаанаар 2009 онд шиитийн нэрт зүтгэлтэн Нимр Бакир аль-Нимр гэгчийг баривчилсан ба 2015 онд аль-Нимрийг цаазалчихсан. Тэр муж дахь шиитүүд хааныхаа эсрэг босоод ирэх бэлээхэн хөрс бүрдчихсэн.

Бүс нутгийн төдийгүй дэлхийн дайн дэгдэх аюулыг бодитой болгож болох юм
Дараагийн халуун цэг Йементэй залгаа Асир тойрогт бугшжээ. Асир бол мусульман- зейдитүүдийн өлгий нутаг. Зейдит нь шиит шашны нэг урсгал, тэр утгаар суннитыг хатуу баримтлагч Саудын дэглэм зейдитүүдийг ямагт гадуурхаж, дарж, алж талж ирсэн, эдүгээ ч йемений хусит нарыг зейдит гэдгээр нь интервэнц хийн устгаж эхлээд байна.

Гэм нь хусит босогчдын хорлон сүйтгэх ажиллагаа хил дамнан өрнөлөө. Асир дахь саудын цэргийн объектуудыг ониллоо, Саудын Арабын хил дагуух Жизан, Нажран тойрог руу халдлаа, тэр нь даамжирсаар Саудын Арабын өмнөд бүс нутгийн нийт зейдитүүдийг төрийнх нь эсрэг босгоод ирэх нигуртай.

Йеменд зөвхөн иргэний дайн өрнөж буй мэт ойлгож болохгүй, тэнд олон улсын маш том дайн өрнөж байна. Тэндхийн хуситуудын “Ансар Аллах” хөдөлгөөнөөс дэмжлэгтэй, дээр нь Иран тоглолт хийгээд эхэлбэл Саудын Арабын Асир, Нажран, Жизан, шиитүүд олонхи болж буй Дорнод бүс нутаг тэр чигтээ зэвсэгт тэмцлийн талбар болж хувирахад тун ойрхон байна. Тэгээд тэр дайнд нь АНУ, НАТО хөндлөнгөөс оролцвол Арабын хойгийн бүс нутгийн маш том дайн дэгдэж таарна. Өртөг нь Америк ба Баруун Европт маш үнэтэй тусна. Олон тэрбумын цэргийн зардал, эрдэнэт хүний өдий төдий амь, хорлон сүйтгэх ажиллагаанууд, газрын тосны үнийн уналт, эсвэл огцом өсөлт, дэлхийн биржүүдийн хямрал, Европын хотууд дахь лалын террорист халдлагууд гээд цаашаа арилж өгнө.

Йемен улс өмнөд хойдоороо хуваагдах нь бараг бодитой болчихлоо. Мусульман-зейдитүүд, шиитүүд нь Йемений хойд хэсэгт улсаа байгуулна, өмнөдөд нь суннитууд шахагдаж очих биз. Тэр нь Саудын Арабын угжны улс, цэргийн бааз болж хувирна. Хэрэв Саудын Араб даяар зэвсэгт мөргөлдөөн тархвал яах вэ? Ариун дагшин, их зөнчийн өлгий нутаг болох Мекка, Медина нь салж тусгаар тогтнолоо зарлах нь тодорхой. Тэгж л тэр ариун газраа авч үлдэхгүй бол дайны хөлд сүйдвэл эргэж сэхэшгүй, тэр нь лалын бүх ертөнцөд сөрөг нөлөөтэй.

Хэрэв мусульман-шиитийн цэрэг Мекка, Мединаг эзэлж аваад шашныхаа төв гээд зарлачихвал суннитын ертөнцөд түүн шиг аймшигт гай түйтгэр гэж байхгүй болно. Өөр нэг хувилбар байж болно. Мусульман-шиитүүд байлдсаар ялсаар Сауд Арабын баруун мужууд руу хүрлээ гэхэд Мекка, Мединаг хөндөхгүй, хэн нь ч эзэгнэхгүй «нейтрал бүс» болгочих, түүнийгээ Лалын бага хурлын байгууллагаар зөвшөөрүүлчих нэг гарц байна. Ваххабит бус исламын бусад олон байгууллага үүнд нь дэмжлэг үзүүлнэ. Мөргөлчид чөлөөтэй зорчих, шиитүүд гадуурхагдахгүй байх үүд хаалга нээгдэнэ.

Нэгэнтээ хоёр сая гаран хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр, тэгээд ихэнх нь цөл, том хотуудад нь хүн ам төвлөрдөг, лалын гол хоёр урсгал зэрэгцэн оршдог, хүний эрх, эрх чөлөөг нухчин дардаг тийм улсад зэвсэгт мөргөлдөөн дэгдвэл засаг захирганы 13 нэгж нь хэдэн тийшээ салж одох, шинээр улс, муж үүсэх олон хувилбар зэрэгцээд гарна ирнэ. Ирак, Иордантай залгаа Табук, Эль- Худуд-эш-Шамалиа тойргууд нь төвдөө захирагдахгүй, салахаар үл барам Табук нь аюулгүй байдлаа хамгаалахын тулд Иордан, бүр Израилиас тусламж гуйх дээрээ тулна гэсэн таамаг явж байна. Тэр хоёр тойрог нь Ирактай харилцаагаа бүрэн хэвийн болгож, Иракийн шиит олонхийг хүндэтгэхээс аргагүй болно. Зүүн хойд Эль- Жауф тойрог Улаан тэнгисээр Египеттэй ойр тул аюулгүй байдлын үүднээс Египет тийшээ цэргээ илгээх, араас нь Иордан цэргээр дарамтлах хувилбар бас байж болно. Дорнод Эш- Шаркиa тойрог Йемен, Омантай залгаа, Оман нь суннитыг сөрдөг мусульман-ибадит шашинтай, ибадит нь лалын шиитийн урсгалаас салбарласан гэж үзвэл Оман-Саудын Арабын хооронд үл ойлголцол үүсч болох магадлал бий.

Явж явж Саудын Араб нь Эр-Рияд тойрогтоо л хяналтаа тогтоож үлдвэл их юм. Гадаадын геополитик судлаач эрдэмтдийн бичээд буй дээрх сценар бол хэрэгжих тун магадлалтай, өөрөөр хэлбэл, үйл явц нэгэнтээ эхэлсэн, цаашаа доминогийн зарчмаар өрнөхийн босго руу дөхөж яваа гэж үзэхэд буруутахгүй. Гал дээр тос нэмэх магадгүй гол хүчин зүйл бол саудуудыг дотроо бужигнаад эхэлмэгц Иран хөндлөнгөөс оролцох, АНУ, түүний холбоотнууд, Сири, түүний холбоотон Орос тэр мөргөлдөөнд татагдан орох нь бүс нутгийн төдийгүй дэлхийн дайн дэгдэх аюулыг бодитой болгож болох юм.
САНАЛ БОЛГОХ