Сирийн тэмдэглэл

Судлаачийн үг

2017 он-Сирийн иргэний дайны хувьд шийдвэрлэх жил болно хэмээн бичсэн нь гадаадын хэвлэлүүдэд түгээмэл. Тэр үнэн үү? Энэ улс гай түйтгэр, зовлонгийн далайгаас ангижрах болов уу?

Асуултын хариултыг хэлэх цор ганц эзэн, эзэд бол юуны өмнө Дамаск дахь Засгийн газар, Засгийн газрыг дэмжигч ба эсэргүүцэгч сиричүүд (yyгyyл иргэд нь) мөн. Засгийн газар нь өмнөх алдаануудаа давтахгүй байх, бодлогынхоо тэргүүлэх чиглэлүүдээ эргэж харах, Орос, Иран, Хезболлагаас өөр шинэ шинэ холбоотонтой болох, тэгж байж иргэний дайны намаг балчгаас сугарч гарна. Лав Асадын Засгийн газар ялж гарна гэдэг худлаа болсон. Алеппог чөлөөллөө гээд 4.5 мянган террорист боевикийг зэвсэгтэй нь тавиад явуулчихна гэдэг ялалт хангатал өдий байна гэсэн үг. Нөгөөдүүл нь засал авна гэж хэзээ ч байхгүй. Үхэн үхтлээ хаана, хэзээ, ямар гай тарихыг хэн ч мэдэхгүй.

Суннитүүдийг хядаж, цөөллөө гэхэд эцэс төгсгөл гэж хэзээ ч байхгүй, хүн амынх нь дийлэнхээс их хувь шүү дээ. Сиричүүд шашны үзэл суртлаас үнэхээр залхсан. Шашны солиотуудаас бүр залхсан. Шашин хоорондын дайн тэнд утгаа алдсан. Ойрхи Дорнодын хамгийн толерант, шашинжаагүй араб орныг хэдхэн жилд шашны солиотнууд юу болгоод тавьчихав аа? Энэ улс эргэж нэгдмэл төрт- улс болж сэргэхээргүй боллоо.

Харин зургаан жилийн тэртээ энэ улсад “Арабын хаврын тэмцэл” дэгдэхдээ шашны учир шалтгаанаар дэгдээгүй юм. Хүн амын өсөлтийн хүчин зүйл, гадаадын нөлөө, хувь хүмүүсийн үйлдэл, Баас хэмээх эрх баригч социалист сэргэн мандлын намын хэт дарангуйлал, бүр цаг агаарын нөхцөл ч тэр тэмцлийг өдөөсөн. Маргаан мөргөлдөөнийг зохицуулахын оронд эрх баригчид зэвсэглээд нухчин дараад эхэлснээс ард иргэд өсөрхсөн. Иргэдийн ихэнх нь суннитүүд, эрх баригчид нь хүн амын цөөнх алавит-шиитүүд, христианчууд. Өсөрхсөн суннитүүдийг Саудын Араб, Катар, Турк гал дээр тос нэмэх маягаар хөхиүлэн дэмжээд, зэвсэглээд, санхүүжүүлээд, олон улсын сүлжээ үүсгээд нэг мэдэхнээ жихадистуудын бүхэл бүтэн арми буй болгочихжээ. Хувьсгалт тэмцлийг оройлон эхлүүлсэн аядуу сөрөг хүчин нь жихадистуудын сүр хүчний дор далд орж, алавитуудын хувьд тэд ялгагдахаа больж, зодуурын бай болжээ.

Сирид зургаан жилийн турш ийм зарчим үйлчиллээ. «Бүгд л буудаж байсан, би ч бас буудаж байлаа» - үр дүнд нь хагас сая цогцос. Хоёр талаасаа алалцсан зэвсэгт отрядуудын жагсаалт:

Жабхат ан-Нусра (Фронт аль-Нусра буюу товчилбол нусристууд); Ирак, Левантын Лалын улс (ISIL Даулат аль- Ирак аль-Исламия, Левант); Ирак ба Шамын лалын улс - ISIS; Жабхат тахрир ал-Каламун; Cалафитуудын Сирийн лалын фронт эвсэл; Чөлөөлөх фронт - Ансар аль-Ислам; Ансар Димач бригад; Абу Аммар бригад; Aль- Фарук бригад; Аль-Мухажирин;

Лива Ахрар аш-Шам; Фатех аль-Ислам; Сукур аш-Шам; Жунд аль-Шам; Харакат аль- ахр аль-Шам аль-Исламия; Харакат аль-Нур аль-Исламия; Катаиб аль-Нур аль-Дин аль-Зинки;

Тажамму Фастаким Кама Уммират-Алеппо; Лива аль- Ислам; Лива аль-Ансар; Лива аль-Умма; Лива аль-Таyхид; Дейр эз-Зорын хувьсгалт зөвлөл; 19-p дивиз; Жаиш аль- Мухажирин валь-Ансар бүлгийнхэн-энэ бол сөрөг хүчин гэж нэрлэгдэх нь. Эсрэг нь Сирийн уугуул армиас гадна дэглэмийн төлөөнөө алавит-шиит шашинт сайн дурын хүчний Шаббиха тусгай отряд; Христианчуудын Шаббиха тусдаа отряд; Засгийн газраа дэмжих суннит шашны сайн дурын Сахва отряд; Хасан Насраллагийн толгойлдог Ливаны шиитүүдийн Хэзболла зэвсэгт отрядын 2000– 4000 дайчид (зарим мэдээгээр 7000); Иранаас очсон лалын хувьсгалыг хамгаалах корпусын дайчид (Шиитийн чөлөөлөх арми); Иракийн суннитүүдтэйгээ тулалдахаар Иракаас шиитийн шашны зүтгэлтэн Моктад Садрын зэвсэгт дайчид; Палестины «Лива аль-Кудс» бригад; ОХУ- ын агаарын ба сансрын хүчин; Российские Силы специальных операций (ССО) гэхчлэн.

Сирийн талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс элдэв тогтоол баталдгаа Трамп болиулна

Төсөөлбөөс Оросын иргэний дайн санаанд буухаар. Эзэлж авсан хот тосгодоо хиаруулна, хуу дээрэмдэнэ, аллага таллага, хүчирхийлэл, маргааш нь хөөгдөнө, чөлөөлөгсөд мөн тэгнэ. Агаарын цохилт, пуужингийн цохилт цаад байгаа онож олох нь нэн ховор. Мянган удаа агаараас довтлоод мянган дайснаа хөнөөж байсангүй. Ард түмнээрээ амьд бамбай хийчихнэ. Турктэй тун эргэлзээтэй, маргаантай хил бүхий, Ирактай бол улсын хил гэж бүр байхгүй. Орж гарах, холхих, зэвсгийн контрбанд хийх нь чөлөөтэй.

Бараг 2012 оноос л жихадистууд санаачилга авчихсан. Тэд үнэнийг өмчилсөн, шашны мухар сүсгийг оргилд нь тултал нь дэвэргээд харгислалаа шашнаараа хаацайлчихсан. Жихадизм, радикал лалын суртал ухуулга доозоо ямагт хэтрүүлсэн, террорист халдлага бүр лалын шашны үндэстэй, түүний төлөө ариун үйлс болж хувирсан.

Гурван жилийн тэртээ ISIL; ISIS гэж нэр нь ч дуулдахгүй байлаа. Иракт л байдаг сураг сонсдож байсан бол нэг мэдэхнээ суннит массын цор ганц аврагч болж хувираад Халифатаа байгуулаад, нийслэлээ Мосул, дэд нийслэлээ Ракка гээд зарлаад авчээ. Лалын хар туган дээрээ коран судрын ариун дагшин үгс, бас «англи- саксоны эзлэн түрэмгийлэгчидтэй тэмцэгч» гэсэн үгс ярайж харагдав. Хар туг Сири, Иракийг нөмрөх шахлаа. Араасаа элдэв дэмжлэгтэй, ард нь Саудын Араб, Катар, Турк, зарим үед АНУ зогсож байсан тул ялагдана гэж хол хэвтэнэ. Тэгэхээр нь Сирийн эрх баригчид Оростой нийлж аваад дэлхийн хэвлэл мэдээллээр лалын улсынхны аллага яргаллыг сайтар харууллаа. Христосын шашны элдэв сайтууд, хүний эрхийн төрийн бус байгууллагууд хамтран сөрөг пиар сайн хийлээ. Үнэхээр ч “Лалын улс” тун зэрлэг аашилсан, жигшмээр авирласан. АНУ нь ичих нүүртэй, бас хүн амын олонх нь христианчууд учраас Вашингтон сирийн босогчдоос нүүр буруулсан. Гэм нь хар тугтнуудын дотроос тэр нь аядуу, тэр нь либерал гэж ялгах гэж шившиг шидээ тарьсан, цаг алдсан. АНУ-ын нэр хүнд сиричүүдийн дунд навс уналаа. Иракт ч сайн нэргүй. Дайснаа дарж дархан цолоо мандуулж эхэлсэн Башар Асад 2017 оныхоо төсвийг маш өндөр батлуулж авлаа.

Дайнд сүйдсэн улс орноо бүтээн босгож, ард түмнээ хооллоно гэсэн том төсөвтэй. Хаанаас тийм их мөнгө олох вэ? Армид очсон мөнгө хэдэн жил дан рекорд үзүүлэлттэй. Гэвч олно доо. Нефть зарна, хүмүүсээ хөдөлмөрлүүлнэ. Бас хүн амдаа зориулж цоо шинэ үзэл суртал зохионо. Юуны өмнө жихадизмын эсрэг ухуулна. Шашны солиотнуудыг Сириэс эгнэгт хөөнө. Гурван жанжин штабын эвсэг (сири-oрос-ираны) ажиллагааг домог болтол нь сурталчилна. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийн тухай шал өмнөө ойлголтыг нийгэмд суулгаж өгнө. Ойрхи Дорноддоо Сири хэн болж хувирав, Арабын ертөнцөд хэн байв, одоо хэн бэ, Арабын улсуудын холбоо, Лалын бага хурлын байгууллагад Сири ямар төлөөлөлтэй үлдэв, хөршүүддээ хэн бэ, сионистууд гэх дайсныхаа дэргэд хэн бэ, аль 1973 онд алдчихсан Голаны өндөрлөгийн сураг байна уу, энэ бүхэнд одоо хариу өгөх цаг нь болжээ.

Алеппог үхэн хатан, цус нулимс, гал, бөмбөг пуужингаар чөлөөлж авсан нь сэтгэл санааны хувьд ялах гэснийх болохоос бус Алеппо Сирийн эрх баригчдын хувьд зүрхэн газар байгаагүй юм. Улсынхаа хоёр дахь том хотыг жихадистууд ба сөрөг хүчиндээ алдаад хэдэн жил болчихсон, суннит хүн ам нь цаадуулдаа талтай, гэхдээ энэ хотыг эргүүлж авсан нь сиричүүдийн хувьд эх оронч сэтгэл зүйн асар том ялалт гэж тооцогдох учиртай. Ганц километр квадрат талбай руу яасан ч их танк оруулав, яасан нь их бөмбөг хаяж пуужиндав? Нэгдүгээр фронт дээр ялалт хангаад ингээд дууссан бол одоо хоёрдугаар фронт Пальмира- Ракка чиглэлд байлдаан өрнөлөө.

Ганц үнэн бол Асад армитайгаа хамт дайтаад байсансан исламист жихадистуудыг дийлэхгүй байсан. Агаараас Орос хүчтэй дэмжлээ, хуурай газраар Иран цэрэг орууллаа. Курдүүдийг талдаа татаж байлдууллаа. Америк агаараас ганц нэг удаа пуужиндаж, бөмбөгдөж өглөө. АНУ-ын холбоотнууд ганц нэг удаа мөн тэгсэн байх. Турк ичсэн нүүрээрээ лалынхны дайсан болчихоод Ирак, Сирид, мөн нутагтаа тэдэнтэйгээ нүдэлдэж байна.

Оросын цэргийг Сири рүү татах болов уу гэх ажиг таамаг, хүлээлт хаа хаанаа байх шиг. Ямартай ч 2016 оны ОХУ-ын БХЯ-ны тайлангийн өргөтгөсөн хуралд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу: Оросын цэргийнхэн Сирид 35 мянган боевикуудыг хөнөөлөө. Орчин үеийн 162 төрлийн зэвсгээ хэрэглэж, туршлаа гээд илтгээд тавьчихсан. Энэ үгийг нь шүүрч аваад Европ дахь Америкийн хуурай замын цэргийн командлагч дэслэгч генерал Бен Хожес: Орос нь зэвсэглэл, галт хэрэгслээ байлдааны нөхцөлд хэрхэн ашиглах сайжруулах полигон болгон Сирийг ашиглаж байгааг буруушаана гээд мэдэгдчихсэн.

Хойд мөсөн далайг хөвөөлөн байрлах Умард флотынхоо байлдааны усан онгоц, нисэх онгоц, цэргүүдээ хурцлан Сирид байлдуулж дадлагажуулаад Орос татаад авчихлаа. Каспийн флотоос далавчит пуужин Иран, Иракийг давуулж харваад Сирид олон цохилт өглөө. Газар дундын тэнгисээр Оросын флот хөлхөж, жижүүрлэж байна. Алеппод цэргийн цагдаа нэрээр Оросын армийн нэг батальон орчихлоо. Алсын тусгалт пуужин, алсын зайн авиац нь Оросын Европын хэсгээс Сирид нисч очоод байх нь гайхах үзэгдэл биш болсон. Газар дундын тэнгист АНУ-НАТО биш Орос ноёлж байна.

Сирийн хямралын глобал зохицуулалтыг 2017 онд бүрмөсөн булшлах байх
Харин одоо Сирийн арми байлдааны дүрэм, байлдах үндсэн зарчмаа шинэчилнэ. Анхлан угсаатны, шашны, эсвэл улс төрийн янз бүрийн зэвсэгт бүлэгтэй тэмцэх явдал Сирийн армийн зорилт байлаа. Одоо бол тэдэнд «сайн», «муу» сөрөг хүчин хамаагүй болсон, хэн ч байсан Дамаскийн эсрэг л байвал устгана, гол нь улс орныхоо бүрэн бүтэн байдлыг сэргээх дайн явуулна. Дан алавитуудаар дивиз бүрдүүлээд Асадын төрсөн дүүгээр командлуулаад Дамаскаа тойрч хамгаалан хориглож байлддаг үе өнгөрсөн. Оросын ба өөрийн нисэх хүчнийг маш сайн ашиглана, Сирид байрлаж буй Ираны цэрэгтэй хоршино, армидаа шинэ шинэ төрөл мэргэжлийн цэргийн анги салбарууд байгуулна. Гурван жанжин штабыг (сири- oрос-ираны) атгасан гар шиг зохицуулна.

2017 онд Сирийн тоглоомоос АНУ бүрэн гарч дуусах байх. Тэд Иракийн Мосулыг яаж ийгээд чөлөөлөөд авна. Тэндээс газраар үй олон жихадист, террорист Сири рүү дүрвэн орж ирнэ гэдэг тооцоо эрхбиш байгаа байх. Миграцын давалгаа Сири рүү халдварлана. Доналд Трампын хувьд Израилийг дэмжинэ гэдэг дээрээ хатуу зогсож байгаа тул жүүдийн төр улсын талаар Дамаск улигт төсөөллөө гээх хэрэгтэй болно. Гээнэ гэхээр Израилийн заналт дайсан Ливаны “Хэзболла” зэвсэгт отряд Сирид бэхжээд авчихсан байдаг. Тэднийг номхотгоно гэж байхгүй. Хэзболлаг нь Иран эргэлтгүй дэмжинэ, Израиль боломж л олдвол устгана гэнэ.


Сирийн талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс элдэв тогтоол баталдгаа Трамп болиулна. АНУ цэрэг оруулахгүйгээр Сирийн эргэн тойронд, ялангуяа курдүүдийн дунд өөрийн талын арми, цагдаа бэлтгэхэд хүч хаях байх. Ер нь жижиг овог аймаг, цөөн тоот шашинтантай ТТГ ажиллаад эхэлсэн, тэд л хожим фронт дээр гол тоглогч болж, америкчуудын өмнөөс тулалдана. Харин тэдэнтэй нь Сири, Туркийн Засгийн газрууд хамтран ажиллаж чадах уу гэх адармаатай асуулт нээлттэй байна.

Персийн булангийн суннит орнуудыг Сирийн хэрэг явдал руу татаж оруулахыг өрнөд хүсч сонирхож болно. Цаадуул нь ч шиит Ираны нөлөөнөөс сэргийлж Сири, Иракт Ираны эсрэг тулалдахаас буцахгүй. Ингэвэл Сири, Ирак нь жинхэнэ полигон болж хувирна. Эцсийн бүлэгтээ зөвхөн курдтэй алалдана, даран сөнөөнө гээд байгаа Р.Т.Эрдоаны ацалсан байр суурь Сирийн эргэн тойронд мөн ч их түвэг удлаа, удах ч биз. Алеппод суннитүүд хядуулсанд Анкарад ихэд харамслаа. Дайны хөлд хүний олноороо суннитүүд л ямагт үхэл хагацал үзлээ. Дүрвэгсэд нь тэр чигтээ суннитүүд. Энэ бүхний өмнө Турк толгой нь эргэжээ. «Евфратын бамбай» гэх Туркийн цэргийн ажиллагаа жил хагас үргэлжлээд үр дүн байдаггүй. Түрэгүүд Сири, Иракийн аль хэсэгт хүн амын ямар хэсгийг хянаж хамгаалж байгаа, ямар дайсны бүлгийг бут цохисон талаар олигтой тайлан алга. Дайснууд дотроосоо курдүүдийг нь түүж устгах гэж муугаа үзэж байх шиг.

Ливаны «Хэзболла»-г Сирийн фронт дээр Голанаас өндөрлөгөөс зайдуу, Сирийн төв ба зүүн нутагт ямар ч үнээр болов торгоож, тэнд нь байлдуулж байх нь Тель- Авивын хувьд ашигтай. Иймд Сири дотооддоо байлдсаар байх нь нэг талаар зөв. Гэхдээ Сирийг задарч унатал нь туйлдуулж болохгүй. Ираны хувьд Сири, Иракт өнгөрсөн гурван жил багагүй хохирол амсчээ. Гэхдээ маш их туршлагажлаа. Тээр жил 1980-1988 онд Ирактай дайтаад ялаагүй, ялагдаагүй, гэхдээ их хохирсон бол одоо Иран орчин үеийн гибрид (эрлийз, холион бантан гэсэн утга бүхий) дайнд туршлага суужээ. Гол нь энэ дайнд оролцох сонирхол Тегеранд байна. Энэ дайнаар далимдуулан Булангийн монархуудтай лалын шашныг өмчлөхийн төлөөх их дайнд Иран орж явчихлаа. Йеменд Иран хүчтэй нэвтэрлээ. Энэ дайн

Ираны хувьд иргэншлийн шинжийг хүчтэй агуулсан түүхэн дайн болох аж. Бахрейнд шиитийн удирдагчдын цаазалж, шиитүүд хилэгнэн босоход бэлэн байна. Далайн цаахна Ираны флот жижүүрлэн байна. Бахрейнд суннитийн цөөнх Эмирийн дэглэм нурвал доминогийн зарчмаар Саудын Араб руу халдварлана. Иран цаана гал өрдөөд зогсож байна. Даян дэлхийн том тоглогч гарч ирж байгаа нь тэр болно.

Сирийн хямралыг зохицуулах глобал зохицуулалтыг 2017 онд бүрмөсөн булшлах байх. Дайны дараах Сирийг хэрхэн төвхнүүлэх вэ, гол нь тэндээс их гүрнүүд юү хожих вэ гэдгийг эцэслэх он болж түүхнээ үлдэх болов уу.
САНАЛ БОЛГОХ