Ойрхи Дорнодын дарангуйлагчдын эрин үеийн төгсгөл
Жон Альтерман гэдэг эрхэм бол Америкийн дорно дахин судлаач профессор. Стратегийн ба олон улсын судалгааны төвийн (CSIS) Ойрхи Дорнодын хөтөлбөрийн захирал. Түүний ном бүтээлээс хааяа сонирхон уншдаг, санаа авч эшлэдэг. Араб ертөнцийг хамран дэгдэж буй хувьсгалт үйл явц, дайн дажин, лалын шашин ислам, терроризмын тухай түүний эргэцүүлэл миний арабын түүx судлалд ихээхэн санаа сэдэл, урам өгдөг. Тиймээс заримыг нь түүвэрлэн өөрийн үгээр буулган, санаа оноо, дүгнэлтээ нэмж, толилуулъя.
Ойрхи Дорнод, араб ертөнцийн талаар Ерөнхийлөгч Трамп бодлогоо зөв томъёолж чадсан уу гэдгээс сэдвээ хөндөе. Тэрбээр анх лалын ертөнцийг ихээхэн хялбарчлан ойлгож байсан болов уу. Анхны шийдвэрүүдийг нь ажваас тэгж бууж байв. Жихадизм ба лал, террорист ба эрх чөлөөний тэмцэгч, эсвэл Трампын тэмцэл, ялж, дарж авах гээд байгаа нь хэн бэ гэдэгт АНУ-ын шинэ засаг захиргаа бэлтгэлгүй байх шиг санагдсан. Эхний хоёр сард АНУ, Ойрхи Дорнодын талаарх тэргүүлэх чиглэлээ тодорхойлж чадаагүй байсан нь үнэн.
Альтерманы үзсэнээр, терроризмтой тэмцэх нь нэг зорилго, харин Ирантай сөргөлдөнө гэдэг өөр зорилго гэдгийг Трамп эхэндээ ялгаж, хараагүй. Террор ба терроризмтой тэмцэж, АНУ ялалт байгуулна гэдэг санаснаас маш холуур, алсын зорилт ч юм шиг. Энэ нь зөвхөн Ойрхи Дорнод, лалын ертөнцөөс ундраад байх бус хамар дор нь Америк, Европ, Орос, бүр Хятадад ч үе үе тэсэрч дэлхий дахиныг түгшээсээр байгаа. Гол асуудал, асуудлын шалтгаан нь “Арабын хавар” гэгчээс үүдэлтэй. Энэхүү “Хавар” л бүх муу муухай, булайг сэдрээсэн, өдөөсөн гэдгийг Трамп ойлгож байх шиг. 2011 онд Араб дахинд хувьсгал дэгдэж байхад Ойрхи Дорнод дахь дарангуйлагчдын эрин үе дууслаа хэмээн өрнөд ертөнц уухайлан дэмжиж, дэвэргэж морин дээр нь мордуулсан. Гэтэл нөгөө хүсээд байдаг “демокраси” гэдэг нь сураг ч байдаггүй. Араб ертөнц түүнд бэлэн бус байжээ.
Ард түмэн босч тэмцэж, төр засгийнхаа эсрэг олон нь байвал тэр нь ардчилсан хөдөлгөөн мөн, түүний логик төгсгөл нь бүх нийтийн ардчилсан шударга сонгууль мөн. Тийм сонгуулиар сонгогдсон л бол хэн ч бай ардчилсан удирдагч болдог хэмээх өрнөдийн загварт тохирсон, тэгэхдээ бүр хорлонтой хариуг Египет өгсөн. “Лалын ахан дүүс”-ийг төр бариулж хоёр жил бужигнуулсны эцэст иргэний дайны босгон дээр цэргийн эргэлтээр исламистуудыг дарж авсан. Эргээд цэргийн дарангуйлагч нь төр барьж байна. Тэнд ард түмний дэмжлэгтэй авторитар дэглэм эргэж тогтсон. Ард түмэн өөрийг одоогоор хүсээгүй байна.
Альтерманы үзсэнээр Египетийн маягийн ийм эрх баригчдад бас төгсгөл ирэх аж. Яаж гэвэл, тэрээр Америкийн бусад эрдэмтдийн адил хүсэл мөрөөдлөө буулгажээ. Улс орон нь хөгжөөд хүн ард нь мөнгөжөөд, эдийн засгийн ололт нь хангагдаад ирмэгц нийгмийн тогтолцоондоо аяндаа нөлөөлж, эдийн засгийн ба улс төрийн эрх чөлөөнд хүргэх юм гэнэ. Хүчтэй засаглалын эрин үе тэгэхэд л өндөрлөнө, гэхдээ Ойрхи Дорнодод цаг нь болоогүй, зөвхөн шинж тэмдэг хэмээн тэрбээр өгүүлжээ. Зарим улс нээлттэй болсон, жирийн иргэд улс орныхоо үйл хэрэгт илүү ихээр оролцдог болж байна, тэгснээрээ улс төрийн амьдрал либералчлагдах болно гэж тэрбээр үзжээ.
Сири, Йемен, Ливид деструктив хүчний эсрэг нийгмээрээ дайтаж байна. Деструктив хүч гэдэг нь терроризм мөн хэмээн тэрбээр оношилжээ. Трамп Ерөнхийлөгч болоод Үндэсний аюулгүй байдлын хоёр ч зөвлөхтэй ажилласан. Майкл Флинн гэгч нь терроризмыг исламын дотоод мөн чанарыг оношлохыг хичээсэн бол дараагийн зөвлөх Херберт Макмастер нь лалын шашныг буруутгалгүй харин жихадистууд энэ шашныг завхруулж байгаа хэмээн үзэж байна.
Гэтэл Альтерманы үзсэнээр ислам бол маш олон төрөл, мусульманчууд ч мөн олон төрөл анги гэнэ. Ислам ч тэр, христианчлал, иүдаизм ч мөн олон төрөл. Тэр олон төрлийг хэн, аль өнцгөөс үзэх, тайлбарлахаас, уламжлалт шашнаараа байна уу, уламжлалт бус уу гэдгээс шалтгаалж, өнөөгийн элдэв асуудал зөрчил үүсдэг байна. Альтерманы онолоор бол аль ч шашин маш уян хатан, уян хатнаасаа болоод зөвтгөх, буруутгах, сайн муу үйлийг өдөөх нь мөн харилцан адилгүй. Буддистуудад ч сайн муу элдэв үйл байдаг. Гэхдээ ислам, христосын ба жүүдийн шашны алинд нь ч хүчирхийлэл зөвтгөгдөхгүй аж.
Исламын хувьд үндсэн урсгал нь консерватив. Тиймээс «жинхэнэ лал” гэх ойлголт дагалдана. Сири, Ливи, Египетэд өрнөсөн үйл явдал юу харуулав гэхээр хэн нь “жинхэнэ”, хэн нь “жинхэнэ биш”-ийн хоорондын үнэний төлөөх цуст тэмцлийн гашуун жишээ юм. Хаа очиж Обамагийн нэг афоризм үнэ цэнээ алдаагүй. “Терроризмд шашин ч байхгүй, үндэстэн ч байхгүй” гэх түүний үзэл баримтлал эдүгээ нотлогдсоор байна.
АНУ, Ойрхи Дорнодын талаарх тэргүүлэх чиглэлээ тодорхойлж чадаагүй байсан нь үнэн
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй