“Арабын хавар”, “Талибан” бидэнд хамаагүй, ашиг л чухал

Судлаачийн үг

Хятадын гадаад бодлогын нэг чухал зорилтыг гарчигт нэрлэлээ. Гарчигт байгаа шиг улайм цайм тэгж ч хэлэхгүй л дээ. Гэхдээ явуулж буй үйл ажиллагаа нь үүнийг хэлээд өгнө. Дэлхий дахинаараа Араб ертөнцийн хямрал, бэрхшээл, дайн дажныг ширтэж суудаг. Харин Хятад л тэрийг огтоос үл тоож, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлсээр.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний Араб, Иранд хийсэн айлчлалаас жишээлэн ийм дүгнэлт бүхий өгүүлэл бичиж байна. Тэрбээр 2016 оны эхээр айлчилсан юм. Саудын Арабт хийсэн айлчлал нь хоёр талын эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны түвшинг нэг шат ахиулсан арга хэмжээ болсныг тухайн үедээ онцлон тэмдэглэж байсан.

Ши Жиньпин энэхүү айлчлалынхаа хүрээнд Саудын арабын вант улстай явуулах хамтын ажиллагааны “1+2+3” хөтөлбөр гэдгээ танилцуулсан. Тэрний нэг дэх нь эрчим хүчний хамтын ажиллагаа, хоёр дахь нь дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалт, гурав дахь нь технологи, цөмийн эрчим хүч, сансар судлалын салбарууд байх болно хэмээсэн.

Дараа нь Хятадын дарга Египет рүү хөлгийн жолоо залсан юм. Хятад, Египет хоёр дэд бүтэц, үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагааг чухалчлан, Египетийг “нэг бүс, нэг зам”-ынхаа маршрутын дагуух гол тулгуур улс болгохоор зарласан. Суэцийн сувгийн коридор, захиргааны шинэ нийслэл зэрэг томхон төсөлд Хятадын тал оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж, худалдаа, санхүү, сансар, эрчим хүч, хүний нөөц, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон. Уг нь Египет нь G20-ийн гишүүн улс биш атал Ши Жиньпин АНБЕУ- ын Ерөнхийлөгч Абдел Фаттах ал Сисиг Ханжоуд болох дээд түвшний уулзалтад хүндэт зочны хувиар оролцохыг урьсан нь тухайн үедээ сенсаац дэгдээгээд авсан.

Айнакийг ховх сорчих төлөвлөгөө СССР-т ч байгаагүй юм байна

Хятад, Египет хоёр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх таван жилийн хөтөлбөр, Торгоны замын эдийн засгийн бүтээн байгуулалт ба XXI зууны далайн Торгоны замын бүтээн байгуулалтыг урагшлуулах санамж бичиг, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүү, сансар, соёл, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хоёр талын харилцааны олон баримт бичигт Каирт гарын үсэг зуржээ. Ши Жиньпин Каирт байхдаа Арабын улсуудын холбооны төвд зочлон “Хятад, Арабын сайхан ирээдүйг хамтдаа бүтээе” сэдвээр үг хэлсэн нь программын чанартай лут зорилт болж, Хятадын гадаад бодлогод суужээ.

Дараа нь БНХАУ-ын дарга Иранд айлчилсан. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар хэлэлцээ хийж, талууд харилцааны түвшинг иж бүрэн стратегийн түншлэл болгон ахиулахаар тохиролцсон. “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд хамтран ажиллах санамж бичиг болон эрчим хүч, санхүү, аж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг хоёр талын харилцааны олон баримт бичигт гарын үсэг зурсан. Ши Жиньпиний айлчлал БНХАУ-ын даргын сүүлийн 14 жилийн хугацаанд Иранд хийсэн анхны айлчлал, мөн Ираны эсрэг хэрэгжүүлж байсан хоригийг цуцалсны дараахан тус улсад айлчилсан анхны гадаад орны төрийн тэргүүн байснаараа онцлогтой байсан билээ.

БНХАУ-ын дарга ийнхүү анх удаа Ойрхи Дорнод, Хойд Африкийн улсуудад айлчилсан нь тэдгээр орны газар нутаг нь “Аугаа торгоны зам”-ын нэг хэсэг байсан ба байх тухайд стратегийн чухал тоглолт болсон юм. Гадаад бодлогынхоо үндсэн гол төслүүдэд “Аугаа торгоны зам” гэх энэ нэрийг уриа болгосон Хятад нь дайн байлдаан, мөргөлдөөн, хямралтай энэ бүс нутагт илд мэсээр бус, хөрөнгө оруулалтын тусламжтайгаар байр сууриа бэхжүүлэхээр зорьсон нь тэр байлаа.

Шашин, улс төрийн сөргөлдөөнөөс болж мөргөлдөж байгаа Ойрхи Дорнодын улсуудаас Хятад нь санаатайгаар зай барих бодлого явуулж ирсэн, мөргөлдөөнд оролцож байгаа аль нэг талыг дэмжихгүй, төвийг сахидаг. Бүс нутгийн улсуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, эдийн засгийн болон соёлын оролцоог аажмаар нэмэгдүүлэх зөөлөн арга, зөөлөн хүчний бодлогоо тэнд хэрэглэж байгаа нь дээрх айлчлалаас харагддаг.

Дайн мөргөлдөөн, хямрал дагуулсан, өөдлөх төлөвгүй Афганистанд Хятад нь “зөөлөн хүчний” (хөрөнгө оруулалтын, хэрэг дээрээ ашгийн төлөө) бодлогоо ягштал явуулж байна. Хятад- Афганистан төмөр зам 2016 оны наймдугаар сард нээлтээ хийсэн нь тэнд арван хэдэн жил цэрэг оруулан байлдуулж буй АНУ, НАТО-ийн орнуудыг хол давж сэтгэсний гэрч болсон билээ. Афганистаныг Британи олон жил эзэгнэхдээ төмөр зам тавиагүй, дараа нь афганчууд тусгаар тогтноод өөрсдөө тэгж чадаагүй, СССР-ийн зүгээс 10 жил интервэнц хийж байлдахдаа БАМ (Байгаль-Амарын төмөр зам) барьчихаагүй, дараа нь талибанууд ноёлохдоо төмөр замын тухай сэтгээгүй, талибаныг Кабулаас хөөж явуулсан америк, ISAF төмөр бариад ядаж цэргийн ар талаа хангая гэж сэтгээгүй бол хятадууд сэтгэдэг ажээ.


Ер нь 2011 он хүртэл төмөр замын тухай санаа сэдэл хаана ч байсангүй. Эхлээд Кабул дахь эрх баригчид нь энэ тухай бодож төлөвлөхдөө далайд гарцгүй гачлант байдлаасаа гаръя гэж тооцоолжээ. Афганистаны стратегийн байршлыг авч үзвээс Ираныг Энэтхэгтэй холбох, Баруун өмнөд Азийг Хятад, хойшоо Оростой холбох дөт гарц, мөн Пакистаны боомт хүртэл төмөр зам тавьчихвал дэлхийн аль ч бүс нутаг, тивтэй холбогдох боломж бүрдэхээр харагддаг.


Ингээд Хятадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болж Хятад руу экспорт хийх замын тэр их ажил эхэлжээ. Афганы хуурай жимс, мрамор, шафран төдийхнийг зөөвөрлөх зам барина хэмээн хятадууд огтоос төсөөлөхгүй. Хятадын Зяньсу мужийн Наньтун хотоос анхны галт тэрэг хөдлөөд Казахстан, Узбекистанаар дамжин Афганистаны Хайратон хот хүрнэ гэсэн нь 2016 оны зун яг хэрэгжжээ. Хятадын ерөнхий төлөвлөгөө бол Иран-Афганистан-Тажикистан- Кыргыз-Хятад гэсэн маршрутын төмөр замын өргөн сүлжээ ба энэ нь хятадын төдийгүй бүс нутгийн бүх улс орны эдийн засагт томхон эргэлт хийх явдал аж.

Төмөр замын бүтээн байгуулалтыг хятадууд афганчуудтай хамтран, Афганистаны зургаан муж-Кундуз, Балх, Жаузжан, Фарьяб, Бадгис, Хератад хийж гүйцэтгэжээ. Афган орныг шувтан түйвээж, 2017 онд улам ялна гээд буй Талибаны зэвсэгт дайчид Хятадын энэ бүтээн байгуулалтыг нэг өдөр, нэг цаг саатуулж түйвээгээгүй нь гайхалтай. Төвийн ба умард мужуудад нь байнга л аллага таллага, хорлон сүйтгэл болж байдаг нь 2011-2016 оны эл бүтээн байгуулалтад нөлөөлөөгүй нь Хятадын тал Талибаныхантай хэл амаа ололцож чадсан, эсвэл Талибаны дарга нарыг хахуульдаж чимээгүй болгосон гэх хардлага дагуулдаг.

Төмөр зам транзитаар ашиглуулсны хөлсөнд жилдээ 200-300 сая ам.доллар Афганистан олно гэсэн нь ч хэрэгжиж эхэлжээ. Төмөр зам ашиглагч нь таван улс байж таарна. Төмөр зам барьж байгуулсны цаана Афганистаны зэсийн ордын тендерт Хятадын төрийн өмчит Төмөрлөгийн групп гэх компани (China Metallurgical Group) ялсан явдал Хятадын цаад зорилгыг ил болгожээ. Учир нь Афганы Логар мужийн Айнак дахь зэсийн аварга орд руу гурван тэрбум ам.доллар Хятад оруулаад эхэлжээ. Ордыг ашиглаад эхэлмэгц Хятадын компани Афганистаны төр засагт жилдээ 400 сая ам.доллар төлдөг болно.

Уг нь Айнак нь Монголын Эрдэнэттэй зэрэгцээд Зөвлөлтийн мэдлийн, Ази дахь зэсийн том үйлдвэрийн цогцолбор болоод цэцэглэх ёстой байжээ. 1970-аад онд зөвлөлтийн геологичид Айнакийг илрүүлж нөөцийг нь (13 caя тонн) тогтоогоод байтал Зөвлөлтийн интервэнцийн эсрэг Афганистан даяар жихад дэгдэж ашиглах манатай юм болжээ. Айнакийг ховх сорчих төлөвлөгөө СССР-т ч байгаагүй юм байна.

Одоо төлөвлөж байгаагаар Хятадын хөрөнгө оруулалттай энэ орд таван орчим жилийн дараа бүрэн хүч чадлаараа ажиллаж, 10 мянган афган хүн ажлын байртай болохын сацуу нийслэл Кабулаасаа холгүй тул аюулгүй байдлыг нь хангаад байх бололцоотой гэнэ. Айнак ордын тендерт Хятад ялахдаа хэнтэй өрсөлдсөн нь нэн сонин юм. Нэрийг нь дурдвал “China Metallurgical Group”-тэй өрсөлдөн Лондоны биржид бүртгүүлсэн америкийн “Phelps Dodge”, канадын “Hunter Dickinson”, казахын “Kazakhmys Consortium”, оросын “Базовый элемент”-ийг ялсан байгаа юм. Афган нь зэсээр төдийгүй цаана нь ухаж ашиглавал нүүрс, төмрийн хүдэр, хий, нефть, үнэт чулуу-изумруд, турмалин, гранат, лазурит гээд эртний фараонуудын гоёлын үнэт эрдэнэс болж байсан хамаг ховор чулуу асар ихээрээ буй.

Нэгэнтээ байгалийн баялгийг нь хамтран ашиглаад, эрх баригчид, талибын аль алинтай нь төвийг сахиж буй тул удахгүй АНУ-ын орыг Хятад залгаж Афганистанд бэхжинэ гэх таамгийг гадаадын судлаачид ярьдаг болжээ. Хятадад тэгж ажиллах нөхцөл бэлээхэн байна. Хөрөнгөө оруулчихлаа, хуурай газраар холбогдсон бэлээхэн төмөр зам байна. Хамгийн гол нь Афганистаны салшгүй хөрш, бүх түүхийн турш баталгаа болж ирсэн хүчирхэг Пакистантай нь Хятад олон жилийн турш стратегийн харилцаа хөгжүүлж, ахан дүүс, холбоотон болж чадсанд гол давуу тал нь байгаа биз ээ. Зөвлөлтийн цэрэг Афганистанд 10 жил шигдэж дайн хийхэд Зөвлөлтийн эсрэг олон улсын эвсэлд тухайн үеийн Хятад дээгүүрт цохиж явсан нь ч түүхэн баримт юм. Хятадын зүгээс Афганистан, Пакистантай зэрэг харилцаад, хоёуланг нь дэмжээд хэлэлцээний ширээнд суулгаад, хямралыг зохицуулсан ч чадна. Афганистанаа орхиод Пакистанд дүрвэсэн цагаачдаа эгүүлж татаж авахад нэг афган иргэнд Засгийн газар нь 200 ам.доллар төлдөг байсныг ханшийг нь өсгөөд 400 болгочихсон. Олон улсын фондоос тэгж санхүүжүүлэв үү гээд судлаад үзтэл биш болж таарав. Явж явж Хятад руу эрэл заалаа. Пакистанаар уламжлан Хятадаас Афганы Засгийн газарт тэгж өгөөмөр хандсан гэх хардлага сайтуудад явж байна.

“Америк Афганистанд моодноос гарлаа. Орыг нь Хятад нөхнө” гэх таамаг бодитой болох тийшээ ханджээ. АНУ тоглоомоос хасагдсан нь Сири дээр тодорхой харагдсан. Орыг нь Орос, Иран авчихсан, тэд бүх давраад Жибүти улсад баазаа байгуулах гэж байна. Энэчлэн АНУ цэргээ Афганистанаас гаргасаар нэг ч цэрэг үлдэхгүй боллоо гэхэд орыг нь геополитик талаасаа Хятад нөхөх магадлалтай, гэхдээ цэрэг гэхээсээ эдийн засагт нь хүчтэй шигдэж орно гэсэн дүгнэлт түгээмэл болжээ. Нэгэнтээ эдийн засгаараа нягт сүлбэлдээд авбал дараа нь цэрэг оруулах нүүртэй болно, хаана ч зөвтгөгдөж таарна хэмээн Бээжинд төсөөлж байна.

Хий дамжуулах “Умард- Өмнөд” гэх том төслийн тухайд Хятадтай холбон яриад эхэллээ. Энэ бол маш чухал төсөл. Афганы Синт мужаас Карачийн боомт (тэр хавийн боомтыг Хятад худалдаад авчихсан гэх хардлага буй) хүртэл татах хийн хоолой, хэрэв нөхцөл бүрдвэл зүүн тийшээ салбарлаад Равалпинди, Лахор хүргэхээр тусгасан. 1100 километр урт хийн хоолойг Хятад, Орос хоёр оролцон бүтээн босгох тухай яригдаж байна. Мөн Оросоос Туркменистан, Афганистан, Пакистанаар дамжин Энэтхэг хүрэх “Тапи” хэмээх хийн хоолойн төсөл сэргэх нь. Тажикистанаас цахилгаан эрчим хүч дамжуулах “CASA-1000” гэх төсөл яригдаж байна. Энэ бүхний санхүүжүүлэгч нь хэн байх вэ гэдэг адармаатай асуулт өөрийн эрхгүй тавигдахад Хятад хэмээн хариулахад тун ойртсон гэцгээж байна.


САНАЛ БОЛГОХ