Кувейт сагсуу авга ахаасаа тусламж хүссэн нь бид юм

Судлаачийн үг

“Дэлхийн тэргүүлэгч байсан улсыг одоо хар л даа. Хөл, толгой нь мэдэгдэхгүй болжээ. Түүхэндээ бид хэзээ ч ийм чинээний аюул, заналхийлэлд өртөж байсангүй” гэсэн яриатайгаар Цагаан ордонд ирсэн Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн хамгийн хурц ужиг бүс нутгийн талаар ямар бодолтой байсныг нь жилийн өмнөх илтгэлээс сөхөж үзье.

Энд зохиогч миний үг гэж нэг ч байхгүй, бүгдийг тэрбээр хэлсэн, ярьсан. Харин “Гүрэн” дээд сургуулийн С.Мандухай англиас хөрвүүлж, би хянан тохиолдуулсан юм. Сонирхоно уу.

Би өөрийн ашиг сонирхол ба үнэний төлөө том ярихаас хэзээ ч айхгүй. Иракт бид хэдийнэ хоёр триллион ам.доллар зарцуулчихсан. Ирак бол газрын тосны эх ундарга дээр залрагч улс. Тэдэнд өөрсдийнх нь ирээдүйд өөрсдөө санаа тавихыг зөвлөж суух нь зохимжгүй гэж үү? Иракийн ард түмний амьдралыг тогтворжуулахын төлөө цусаа урсгаж, мөнгөө цацаж байхдаа цаашид эх орныхоо төлөө байлдах зэвсэгт хүчнийг нь бэлтгэхэд л анхаарах ёстой байж л дээ.

Саддам Хусейн Кувейт руу довтлоход бүх баячууд нь Парис руу дүрвэсэн. Тэд зөвхөн хослол түрээсэлж өмсөөд зогсохгүй, байшин барилга, зочид буудлуудыг бүхлээр нь түрээслэсэн байв. Эх орон нь эзлэгдэж байхад тэд хаадын адил амьдарч байв. Дараа нь хэнээс тусламж хүссэн гээч? Сагсуу авга ахаасаа. Тэр нь бид юм.

Бид Кувейтийг чөлөөлөх гэж олон тэрбумыг хаясан. Манай хүмүүс амь насаа алдаж, хүндээр шархдаж байв. Мэдээж иракчууд гэр рүүгээ буцсан.

Дайнаас хойш хоёр сарын дараа хэдэн кувейт нөхөр хэлэлцээ хийхээр манай ажил дээр ирэв ээ. Тэд нэг ч зоосны алдагдал хүлээхийг хүсэхгүй гэлээ. Харин ч бүр өмнөөс минь харж суучихаад “Үгүй ээ, яалаа гэж. Бид хөрөнгө оруулалтын талаар америкчуудтай тохиролцох дургүй. Та бүгдийг хүндэтгэдэг ч АНУ-аас өөр газар хөрөнгө оруулмаар байна” гэж хэлдэг байгаа.

Эх орноо буцаан авахад нь тэдэнд чухам бид тусалсныг мартах хүртэл удаан хугацаа өнгөрөөгүй байлтай. Хөвгүүд, охид минь эх орныг нь хамгаалан дайтаж байхад тэд Парисын хамгийн тансаг зочид буудалд зурагтаа үзээд л сууж байсан. Тэгсэн атлаа манай улсад хөрөнгө оруулах дургүй гэв үү?

Бид хэчнээн тэнэг харагдаж байна вэ? АНУ тэднийг эх орноо буцаан авахад нь туслахдаа яагаад хариу тохиролцоо хийж болоогүй юм бэ? Үнэндээ тэд эх орноо чөлөөлүүлэхийн тулд бидний хүссэн бүхнийг өгөхөд бэлэн л байсан.

Хамгийн гол нь бид өөр улс орнуудыг хамгаалахын тулд олон триллион ам.доллар зарцуулдаг. Тэдний өмнөөс дайтсан гэсэн нэр хүнд олохын тулд шүү дээ. Ямар утгагүй сонсогдож байна вэ?

Дайны талаарх миний үзэл бодол маш ойлгомжтой бөгөөд энгийн юм. Манай улсын эрх ашигт шууд халдсан тохиолдолд л бид оролцох болно. Тэгвэл бидний дайнд оролцож буй учир шалтгаан, халуун цэг хаана байгааг ард иргэд маань хараад л ойлгох болно.

Шуудхан хэлэхэд би Иракийн дайны стратегийг эсэргүүцсэн байр суурьтай нэгэн. Ирак бидэнд аюул заналхийлээгүй ээ. Буш яагаад тэр улсад дайн зарласныг Америкийн ард иргэд үнэндээ ухаж ойлгох гээд чадаагүй.

Манай суут стратегичид тагнуулчдынхаа мэдээг гуйвуулан байж Иракийг дайрах шалтгаан зохиосон. Тэд Саддам Хусейний үй олноор хөнөөх зэр зэвсгийг нь устгах гэсэн холбоотнуудынхаа үйлдлээр тэгж дайтах шийдвэрээ зөвтгөсөн. Дайнд ялаад, тэдний газар нутгийг орхих ямар ч төлөвлөгөө анхнаасаа байгаагүй.

Дайн эхлэхээс өмнө би энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байсан. Ямар ч утгагүй санагдаж байлаа. Тэр ч байтугай тэдний энэ шийдвэр Ойрхи Дорнодод үймээн самуун дэгдээх сүйрлийн хор уршигтай гэдгийг хэлж байсан. Хэрэв Иракт дайн дэгдвэл Иран Ойрхи Дорнодыг эзлэхийг оролдох нь тодорхой байв. Бүх зүйл яг л миний хэлснээр болсон доо.

Манай дэлхийн зарим хэсгүүдэд нүсэр том цэргийн хүчнийг төвлөрүүлэх шаардлагатай. ISIS- ийн аюул занал бодитой юм. Тэд бол шинэ төрлийн дайсан бөгөөд би тэднийг зогсоох болно. Бид арга хэмжээ авахгүй удах тусам аюул занал улам ойртох болно. Тэд манай хүмүүсийг алах хүсэл эрмэлзэлдээ автсан гэдгийг ойлгохын тулд есдүгээр сарын 11-ний явдлыг дахин харах шаардлага байгаа гэж үү? Тэдний харгис хэрцгий аллага газар сайгүй тархахаас сэргийлэх хамгаалалт бидэнд алга. Сонины нийтлэлүүд, энд тэнд гарсан бичлэгүүдээс бид ямар төрлийн аюултай тулгарснаа харж болно: хүчирхийлэгчид, хүний наймаачид, хүмүүсийг цаазлахаар улайрагчид. Ингээд зогсохгүй ISIS химийн дайнд бэлтгэж байгаа талаар баттай нотлох баримт бий.

Бид нухацтай хариу арга хэмжээ авах цаг болжээ. Нэг бол тэдэнтэй тулалдаж ялах, үгүй бол азгүй амьтан хэвээр үлдэх сонголт өмнө минь ирсэн байна.

“Исламын улс”-тай дайтахын тулд армиа байршуулах хэрэгтэй. Харин дайны стратегиа бүгдэд зарлах шаардлагагүй гэж бодож байна. (Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч Обамагийн бодож олсон хамгийн инээдтэй төлөвлөгөө бол Ирак болон Афганистанаас цэргээ татах цагаа зарласан явдал юм). Хэрэв цэргийнхэн ингэж зөвлөсөн бол тодорхой тооны (гэхдээ хангалттай) цэргүүдийг талбар дээр үлдээх ёстой байсан. Мөн агаарын ажиллагааг цаг тухайд нь эхлүүлсэн бол ISIS хүссэн газраараа, дур зоргоороо, ямар ч айдасгүй нисэх боломжийг хязгаарлах бүрэн боломж байв. Дайны талбар дээр бидний “зөвлөлгөө” үнэндээ тус болохгүй байгааг харж байна уу?

Гэвч энэ бүх явдлыг би өөрөөр харж байна. ISIS манай хамгийн аюултай дайсан атал биднийх байх ёстой Ирак болон Сирийн газрын тосыг тэд эзэмшиж байх юм. Тэд газрын тосны худалдааг барьцаалж, сүрдүүлэх замаар мөнгө олоод армиа санхүүжүүлж байна. Газрын тосны тэр талбайг бөмбөгдөж, санхүүжилтийн эх сурвалжийг нь зогсоохыг би л хувьдаа дэмжинэ. Ингэлээ гээд дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй. Харин ч алан хядагчдын үйл ажиллагааг хангалттай хязгаарлаж чадах байлаа.

Бид тэдний мөнгөний эх сурвалж болсон газрын тосыг эзэмших хэрэгтэй. Тэднийг нүд ирмэх зуур, нэг цохилтоор унагах боломжтой байсан. Тэдэнд төлөвлөх ч цаг олгох ёсгүй. Тэгээд хоёр дахь цохилтоо хийснээр ISIS оршин тогтнох аргагүй болж, хэнд ч аюул заналхийлэл учруулахгүй болж болох байсан.

Өөр сонголт алга. Тэд бол дунд гарын зэрлэгүүд юм. Хүмүүсийн толгойг тасдаж, тарчилгаж, амийг нь хороодог хүмүүст аюулгүй оршин тогтнох боломж, хамгаалагдсан нуувч үлдээх ёсгүй. ISIS-ийн армийн цэргүүдийн тоо ердөө л 30-50 орчим мянга байгааг манай тагнуулын алба илрүүлсэн шүү дээ. Энэ бол харьцангуй бага тоо. Гэтэл тэд хэд дахин том армитай улс орнуудын зүрхэнд шар ус хуруулж чаджээ. Гайхалтай ажиллагаатай хүмүүс юм. Тийм биш гэж үү? Бүх алан хядагчдийг цуглуулсан ч янкуудын цэнгэлдэхийг дүүргэхтэй үгүйтэй л болно. Тэднийг ялахын тулд үнэхээр нухацтайгаар, ханцуй шамлан орж, халуун мөрөөр нь мөшгин, хаа байгаа газарт нь дарж устгах хэрэгтэй. Нэг ч алан хядагч үлдэхгүй болтол зогсолтгүйгээр довтлох ёстой. Мөн бусад улс орнуудын тусламжийг үргэлж эрэлхийлэх нь зүйтэй юм.

Харин Ираны асуудал бол илүү ярвигтай. Ерөнхийлөгч Обамагийн буруу шийдвэрүүдийг шүүмжлэхдээ би айж эмээдэггүй. 2008 оны сонгуульд тэрбээр өрсөлдөхдөө “Иран бол үхлийн аюул” хэмээн зөв таньж хэлж явжээ. Иран бол хууль бусаар цөмийн зэвсэг эзэмшигч, бүс нутгийн хүрээнд алан хядагчдыг дэмждэг, Ирактай дайтаж, Израилийн тусгаар тогтнолыг заналхийлж, жүүдүүдийг хоморголон устгасан гэмт хэргийг юман чинээ тоодоггүй улс шүү дээ.

Гэсэн атлаа Иран санхүүгийн хүнд нөхцөлд ормогц нь цөмийн гэрээ гэгчийг байгуулан, олон тэрбум ам.долларын үнэ бүхий тусламж үзүүлэв? Тэр мөнгөөр Иран юу хийх вэ? Алан хядах ажлаа л санхүүжүүлэх болно шүү дээ. Энэ бүгдэд ямар гээч уялдаа холбоо байна вэ? Шашны солиотнуудад эзлэгдэхээсээ өмнө Иран хүчирхэг улс байсан юм.

Шашны солиотнуудаас болж л Иран манай дайсан болж, Израильд аюулын харанга дэлдлээ. Тэдний эрхэм дээд удирдагч аятолла Хаменей нь Израиль Улсыг газрын хөрснөөс 25 жилийн дотор арчина хэмээн тангараг өргөсөн. Энэ заналхийлэлд нухацтай хандаж, зохих арга хэмжээг бид авах шаардлагатай.

Би жүүд хүмүүсийг бишрэн хайрлаж, хүндэтгэдэг. Манай улс Израильтай онцгой харилцаатай байхыг ч дэмждэг. Израильтай тогтоосон манай уламжлалт, хүчирхэг харилцааг сэргээх ёстой юм. Би Израилийн төлөө зогсдог. Цаашид ч тийм байх болно. Учир нь Израиль үндэстэн бол Ойрхи Дорнодод ардчиллыг тогтоож, тогтворжуулж буй цорын ганц үндэстэн юм шүү дээ. Манай хоёр улс эрүүл мэндийн салбар, харилцаа холбоо, технологи болон эрчим хүчний хөгжлийн салбарт хамтран ажиллаж, харилцан ашигтай, шударга түншүүд болно.

Иранаас биднийг тусгаарлаж буй орон зай түр зуурын бэхлэлттэй л адил. Тэд пуужин бүтээчихвэл манай улс руу довтлох нь цаг хугацааны асуудал болно. Ингэснээр бидэнд илүү том аюул заналхийлнэ. Ингээд болоогүй, тэд дэлхийн өнцөг булан бүрт алан хядагчдын бүлгүүдийг санхүүгээр дэмждэг. Алан хядагчид бол манай улсад болоод хилийн чанад дахь цэргийн баазуудад бодит аюул нүүрлүүлж байна. Одоо тэдэнд нүсэр том арми, олон сая долларын үнэ бүхий пуужингийн систем хэрэггүй болжээ. Технологийн тусламжтайгаар ганц, хоёр алан хядагч нийлэхэд л бидэнд асар том гарз, хохирол учруулах бүрэн боломжтой. Бид Ираныг хориглож, алуурчдыг дэмжихийг нь зогсоох хэрэгтэй.

Тийм боловч бид гараа хумхиад, ялагдлаа хүлээгээд сууж байна. Ирантай хийсэн Ерөнхийлөгч Обамагийн тохиролцоо шиг доожоогүй явдлыг харж байсангүй. Үүнээс муу юм гэж юу байхав. Иран хайрцагт түгжигдэн, санкцын улмаас шахаанд орсон. Ерөнхийлөгч Обама яриа хэлэлцээ эхлэхээс бүр өмнө “байгаагаа” дэлгэж тавьсан. Лалын шашны хийрхэгчид түүнийг нь мэдээд, илүү арчаагүй байдалд ортол нь хүлээж байгаад дээрэмдчихсэн. Гутамшиг. Ингэж хэлэлцээ хийхдээ бид нэг ч олигтой алхам хийгээгүй. Ираныг буланд шахан, хэлэлцээрт гарын үсэг зуруулсан санкцыг цуцлахын оронд санкцыг хоёр, гурав дахин өсгөх байсан юм.

Хэлэлцээ явуулдаг стратегийн зарчмыг санацгаая л даа: хэлэлцээ хийхийг хүсэж буй тал нь бага ашиг олдог биз дээ. Хэрэв би ингэж хэлэлцээ хийсэн бол эхлээд санкцыг хэд дахин нэмэгдүүлж, Ираны эрх баригчдыг эцэст нь тултал шалд нь буулгаад, тохиролцохыг хүсэж, гуйх хүртэл нь хүлээх байсан юм. Тэгээд тодорхой нөхцөлүүдийг тулгах байсан. Жишээ нь тэдний шоронд хоригдож буй дөрвөн иргэнийг суллуулах гэх мэтчилэн.

Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж, дэлхийд бодит аюул учруулсан хэвээр
Гэтэл манай Ерөнхийлөгч тэдний цөмийн бүх байгууламжийг задалж, химийн урвал боловсруулагч машинуудыг нь устган, хүссэн цагтаа хүссэн газраа хяналт шалгалт явуулах нөхцөл тавьсан байгаа юм. Бидэнд энэ бүгд ямар ч ашиггүй. Ер нь бол ямар ч хамааралгүй. Тийм атал оронд нь тэрбум доллар өгсөн байгаа юм. Манай талыг ийм болчимгүй тохиролцоо хийхэд хүргэснийх нь төлөө бид бас мөнгө төлжээ.

Иран хэрэгтэй зүйлээ авсан (битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлсэн). Харин бидэнд ямар ашиг ирэв? Өнгөн дээрээ ихэд давилуун харагдах мөртлөө цоорхой ихтэй, тийм гээд хэлчих бодит ашиг алга. Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж, манай дэлхийд бодит аюул учруулсан хэвээр. Хэрэв Иран улс (эсвэл Олон улсын атомын эрчим хүчний агентлаг) цөмийн байгууламжуудаа манайхаар шалгуулахгүй гэвэл яах вэ? Цэргийн ажиллагаа явуулахаас өөр юу ч хийх боломжгүй болно. Тэдний байнга заналхийлдэг улс орнууд яах вэ? Ираны сүрдүүлгэд орсон улсуудыг, тэр тусмаа Израилийг орхигдуулж болохгүй. Иран улс гэрээгээ үзэглэсэн бэх нь хатаагүй байхад хориг тогтоосон бусад улстай Тегеранд уулзан, ажил ярилцаж байна.

Ямартай ч, ямар ч нөхцөлд энэ гэрээ Ираны цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг бүрэн хязгаарлах ёстой байсан юм. Иранд цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжийг хязгаарлах янз бүрийн олон арга зам байна. Би Ираны эрх баригчидтай дуртайяа хамт суугаад, соёлт ертөнцийн том тоглогч байхыг хүсэж байгаа бол цөмийн зэвсгийн бүх хөтөлбөрүүдээ зогоохоос өөр аргагүй гэдгийг ойлгуулж чадах байсан. Иран улс цөмийн зэвсэгтэй болбол Ойрхи Дорнод тэр чигтээ хөнөөлт зэвсгээр зэвсэглэсэн бүс болно. Үр дагавар нь ямар аймшигтай байхыг хэн ч таашгүй. Ийм нөхцөл байдал Израиль Улсад хамгийн хүндээр тусна. Тэгснээр Израиль ба бүс нутгийн бусад холбоотнуудаа хамгаалахын тулд АНУ өөрөө томоор хөдлөх шаардлага тулгарна...
САНАЛ БОЛГОХ