AMC: Ирэх гурван жилд Европ дахь IMAX кино театрын тоо 25-аар нэмэгдэнэ

Мэдээ

IMAX технологийн цар хүрээ Европт тэлэх төлөвтэй байна. "Odeon", "Nordic Cinemas"-ийг худалдаж аваад удаагүй байгаа кино театрын сүлжээ "AMC" компани ирэх гурван жилд 25 IMAX кино театрыг Европт бий болгохоор зэхэж байна. Үүнээс 10 нь Их Британид нээлтээ хийнэ гэсэн хүлээлттэй байгаа бол бусдыг нь Герман, Итали, Испани, Скандинавын хойгийн орнуудад байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд “Wanda Group”-ийн эзэмшилд байдаг “AMC” компани IMAX корпорацитай хамтарч 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн тооцоо гарсан байна.

"Европын кино театрууд жижигхэн, дээрээс нь хуучирсан байдгаас IMAX-ийн шаардлагад нийцдэггүй, цаашлаад сүүлийн жилүүдэд шинэ кино театр барих явц удаашралтай байсан" гэдгийг IMAX-ийн Гүйцэтгэх захирал Рич Гелфонд онцолжээ. Дээрх санаачилгын хүрээнд Европ дахь IMAX кино театрын тоо 250 орчим болохоор байгаа аж. Хэдий тийм боловч энэ нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй болон удахгүй нээлтээ хийх 800 гаруй кино театртай харьцуулахад бага тоо төдийгүй АНУ-д л гэхэд 350 гаруй IMAX кино театр байдаг байна.

Дашрамд сонирхуулахад, Монголд анхны IMAX кино театр 2016 оны долоодугаар сард "Өргөө 3"-т нээлтээ хийсэн юм.




САНАЛ БОЛГОХ