“Snapchat”-ийн хэрэглэгчид 166 сая боллоо
“Snapchat”-ийг өдөр тутамдаа идэвхтэй хэрэглэдэг хэрэглэгчдийн тоо энэ оны I улиралд найман саяар нэмэгдэж, нийт 166 сая болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ хэрэглэгчдийн тоо өсөх нь 36 хувиар буурсан дүн төдийгүй “Bloomberg”-ийн шинжээчдийн гаргасан 168 сая хэрэглэгчтэй болно гэсэн таамагт хүрээгүй үзүүлэлт болжээ. Үүнийг дагаад өнгөрсөн гуравдугаар сард IPO гаргаснаас нь хойш 35 хүртэлх хувиар өсөөд байсан “Snap”-ийн хувьцааны ханш 26 хүртэлх хувиар буурчээ. “Snap” компани өрсөлдөөн ширүүссэн цахим мессежийн зах зээлд цахим сүлжээ идэвхтэй ашигладаг залуучуудыг татах чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэхүү зах зээл одоогоор 27 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Тус компанийн “Snapchat” аппликэйшн нь зураг, видео хувиргах сонирхолтой функцүүдээр хэрэглэгчдээ татаж ирсэн ч сүүлийн хагас жилийн хугацаанд “Facebook” компани “Snapchat”-тай төстэй функцуудыг "Instagram" зэрэг аппликэйшнууддаа суулгасан байна.
Тиймээс “Snap” компани илүү олон хэрэглэгчдийг татаж, зар сурталчилгаанаас олох орлогоо нэмэгдүүлэхийн тулд зах зээлийн өрсөлдөгч “Facebook”-ээс илүү шаламгай хөдөлж, шинэ санаагаар дүүрэн, илүү бүтээлч байх хэрэгтэй гэж олон улсын хөрөнгө оруулалтын "RBC Capital Markets" банкны шинжээчид дүгнэжээ.
Хувьцаагаа олон нийтэд арилжаалж эхэлснээс хойш гаргаж буй анхны санхүүгийн тайландаа дурдсанаар “Snap” компани энэ оны I улиралд 149.6 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь “Bloomberg”-ийн шинжээчдийн 158.6 сая ам.долларын орлогын таамагт хүрч чадсангүй. Үүний зэрэгцээ тус компанийн цэвэр алдагдал 2.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй