“Улаан чөтгөрүүд” хамгийн алдартай нь

Спорт

Өмсгөлийн борлуулалт гол хоёр өрсөлдөгчийн тооноос 30 хувиар илүү

“Яг одоогоор хамгийн сайн баг нь аль вэ” гэсэн асуултыг хөлбөмбөгийн хорхойтнуудын дунд тавибал дуусашгүй маргааныг эхлүүлэх болно. Үнэнч фанат бүр өөрийн багийг шилдэг нь гэдгийг нотлохын тулд хэдэн цаг ч ярьж мэднэ. Харин дэлхий дахинд хамгийн алдартай, хүмүүсийн хамгийн сайн мэддэг, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй клубийг тодруулахын тулд ийм маргаан өрнүүлэх шаардлагагүй. Учир нь статистик үзүүлэлт бүхнийг хэлээд өгч байна. Хамгийн алдартай хөлбөмбөгийн багийг тодруулахын тулд сошиал ертөнцөд хэр олон дэмжигчтэй, тоглолтыг нь хэчнээн хүн үздэг, өмсгөлийн борлуулалт ямар байдаг, ивээн тэтгэгчтэй хэдий хэрийн гэрээ байгуулсан зэрэг үзүүлэлтийг харгалзан үздэг аж. Эндээс харвал сүүлийн хэдэн жил Европын тавцанд ноёлж буй “Реал”, “Барса”-ийн аль нь ч биш, харин өдгөө Премьер лигт тавдугаар байрт явж буй “Манчестер Юнайтед” клуб өнгөлж байна.


1. МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД
Сошиал медиа: 75 сая дагагчтай (фэйсбүүк 68 сая, твиттер 7 сая)
Үзэгчдийн тоо: Премьер лигийн нийт үзэгчдийн 52 хувь нь тэдний тоглолтыг үздэг.
Өмсгөлийн борлуулалт: 1.2- 1.6 сая (сүүлийн таван жилийн дунджаар)
Ивээн тэтгэгч: “Adidas”-аас жид 75 сая фунт авдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Мөн “Chevrolet”- ийг рекламдсаныхаа хөлсөнд жилд 53 сая фунт авдаг. “Юнайтед” сүүлийн жилүүдэд бусад томчуудаас амжилтаараа илт хоцорч буй ч нийт хөгжөөн дэмжигчдийнхээ тоогоор тэргүүлсэн хэвээр. “Улаан чөтгөрүүд” Азид асар их нэр хүндтэй байдаг нь жагсаалтын нэгд бичигдэхэд нөлөөлжээ.

Энэ багийг дэлхий дахинд 660 сая хүн дэмждэг гэсэн багцаа тоо бий. Мөн тэдний өмсгөлийн борлуулалт гол хоёр өрсөлдөгчийн тооноос 30 хувиар илүү байгаа аж. Английн Премьер лиг үзэгчийн тоогоор дэлхийд хол тасархай тэргүүлдэг. Нэг улирлыг нь ойролцоогоор 3.5-4 тэрбум хүн үздэг гэсэн судалгаа бий. Тэгвэл тус лигийн нийт үзэгчдийн 50 гаруй хувь нь “Юнайтед”-ын тоглолт эхлэхэд зурагтынхаа өмнө суудаг баримт жагсаалтыг тэргүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.


2. РЕАЛ МАДРИД
Сошиал медиа:
100 сая дагагч (фэйбүүкт 87 сая, твиттерт 18 сая)
Үзэгчдийн тоо: Испанийн лигийн үзэгчдийн тоог “Барса”- гийн хамтаар тасархай тэргүүлдэг.
Өмсгөлийн борлуулалт: Жилд ойролцоогоор нэг сая.
Ивээн тэтгэгч: “Adidas”-аас 34 сая, “Fly Emirates”-ээс 20 сая фунт авдаг. Тэд дэлхийн хамгийн баян клуб гэсэн алдрыг “Юнайтед”-аас булааж аваад хэдэн оныг үдэж байна. Мөн гаргасан амжилтаараа ч илүү. Нийт 63 цом хүртсэний 10 нь Аваргуудын лигийн түрүү гээд бодохоор үнэхээр сүрдэм. Мөн олон нийтийн сүлжээнд хамгийн амжилттай яваа баг бол “Реал”. Гэхдээ нийт үзэгч болоод өмсгөлийн борлуулалтын тоогоор англичуудаас илт хоцорчээ.


3. БАРСЕЛОНА
Сошиал медиа: 100 сая дагагч (фэйсбүүкт 87 сая, твиттерт 18 сая)
Үзэгчдийн тоо: Ла лигийн хамгийн олон үзэгчтэй хоёр багийн нэг.
Өмсгөлийн борлуулалт: 2016 онд 121.500 өмсгөл зарагдсан.
Ивээн тэтгэгч: Жил бүр “Nike”- аас 28 сая, “Qatar Airways”-ээс 27 сая фунт авдаг. Сүүлийн 10 жилийн амжилтыг нь харвал Каталоны баг яах аргагүй дэлхийд ноёлно. Энэ хооронд Аваргуудын лигт гурав, дотоодын лигт зургаа түрүүлсэн амжилтыг дурдахад л хангалттай. Одоо ч энэ баг хүчирхэг хэвээр бөгөөд Месси, Неймар, Суарес гэсэн дэлхийн шилдэг довтлогчид нь хэн бүхний зүрхэнд шар ус хуруулдаг.

Каталончууд олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй бөгөөд дагагчийнхаа тоогоор зөвхөн “Реал”-тай л өрсөлдөнө. Сонирхуулахад, сүүлийн жилүүдэд олон нийтийн хамгийн их сонирхож үзсэн 10 тоглолтын найм нь “Реал”, “Барса”-ийн халз тулаан байжээ.

4. ЧЕЛСИ
Сошиал медиа: 50 сая дагагч
Өмсгөлийн борлуулалт: 2015 онд 900 мянган өмсгөл зарагдсан.
Ивээн тэтгэгч: “Adidas”, “Yokohama”- г сурталчилсныхаа төлөө жил бүр 70 сая фунт олдог. Лондоны баг Оросын тэрбумтан Р.Абрамовичийн эзэмшилд очсоноос хойш хөгжөөн дэмжигчдийн хүрээгээ тэлсээр эхний дөрвөн байрт бичигдэх хэмжээнд хүрчээ. Орос, Зүүн Европ болоод Ази тивд илүү их дэмжигчтэй.


5. АРСЕНАЛ
Сошиал медиа: 41.5 сая дагагчтай
Үзэгчдийн тоо: Улиралд ойролцоогоор 29 сая (зөвхөн Их Британид)
Өмсгөлийн борлуулалт: 2016 онд 850 мянгыг зарсан.
Ивээн тэтгэгч: “Puma” болон “Fly Emirates”-ээс тус бүр 30 саяыг авдаг. Франц мэргэжилтэн А.Венгерийг удирдаж эхэлснээс хойш энэ баг дэлхийн шилдгүүдийн нэгд тооцогдох болсон. Сүүлийн арав гаруй жилийн турш лигийн аваргын төлөө тогтмол өрсөлдсөн нь үүний нотолгоо. Лондоны баг фэйсбүүк болон твиттерт 42 сая дагагчтай нь Англидаа гуравт орох үзүүлэлт болжээ. Эдгээр таван багийн араас “Ливерпуль”, “Бавари”, “Милан”, “Ювентус”, “ПСЖ” орсон байна.
САНАЛ БОЛГОХ