Орос руу ваххабизм нэвтэрcэн түүх

Судлаачийн үг

Санкт Петербург хотын метронд Кыргызийн иргэн бөмбөг дэлбэлж, амиа золиослон террорист халдлага үйлдсэн учир шалтгааныг судлаачийн өнцгөөс тайлбарлав.

“Чи Аллахад итгэдэггүй учраас бид чамайг үзэн ядна! Чиний иргэний, либерал нийгэм чинь Аллахыг хориглодог учраас бид чамайг үзэн ядна”-энэ бол Орос дахь мусульманчуудын нэг хэсгийнхний байр суурь. Чеченийн дайны уриа, Дагестаны террористуудын эрхэмлэдэг зүйл нь энэ лоозон. Орос бол “Бүх дэлхийн халифат”-ын эрэлхийлэх, тэлэх шинэ тавцан, шинэ талбар.

Сири дэх Оросын цэргийн оролцооны тухай ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Оросын цэргийнхэн Сирид 35 мянган боевикуудыг хөнөөлөө. Орчин үеийн 162 төрлийн зэвсгээ хэрэглэж туршлаа” хэмээсэн.

Хоёр туйлын хоёр үзүүр дээр хэлэгдлээ. Туйлшрал гэж яг энэ. Нэг нь устгана, үгүй ядахдаа уусгана гэх, нөгөөх нь цэрэг хөдөлгөөнөөр Сирид тэднийгээ авлаж байна. Орос яг иймдээ тулсан.

Эдүгээ ОХУ-ын төв, умард хоёр нийслэлийг хамруулсан хэд хэдэн субъект, бүс нутагт лалын экстремизм хүчтэй тархаж, үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлөх хэмжээнд очсон. “Арабын хавар”-тай яг давхцаад Татарстан, Поволжье хавьд лалын суртлаараа хошуучилж эхэлсэн юм. 2012 оны долдугаар сард буюу мусульманчуудын Рамадан сарын баярын өмнөхөн Татарстанд болсон аллага лалын туйлшрал ямар хэмжээнд очсоны нотолгоо болсон юм. Өмнө нь ийм хэрэг ахуйн хүрээнд, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гардаг байсан бол тэр өдөр улс төрийн зорилгоор зохион байгуулагджээ. Татарстаны мусульманчуудын оюун санааны нэг удирдагч В.Якупов алагдаж, тус улсын их хамба муфтий И.Фаизов алагдахаа шахаж, хүнд шарх авсан юм. Поволжье нутагт умард Кавказын сөргөлдөөн өрнөж эхэлсний нотолгоо энэ аллага болжээ. Зүгээр нэг мусульман байх нь хангалттай биш, харин түүнийг зориуд түгээх хэрэгтэй, энэ хэрэг дээр хойрго ажиллавал. Мөн ваххабитуудыг дэмжихгүй бол эдэн шиг болно шүү гэдгийг Оросын нийгэмд мэдрүүлснээрээ энэ аллагын онцлог байв. Нөгөөтэйгүүр лалын радикализмын хүч нөлөөг Оросын орон нутгийн эрх баригчид үнэлэх чадваргүй гэдгийг харуулжээ.

Нэг мэдэхнээ Орост лалын суннитын урсгалын хамгийн болохгүй нөхөд ороод ирчихсэнийг тэр үед л мэджээ. Тэр нь ваххабизм, салафизм, панисламизм юм.

“Универсиад-2013” олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж ОХУ-ын төр-засаг дээд зэргийн бэлэн байдал зарлаж, ёстой нэг чардайсан даа. Универсиадын нийслэл Казань хот терроризмын бодит аюул дор байлаа.

Ингэхэд хэн, ямар учраас Татарстаныг сонгож авсан бэ? Газар зүйн хүчин зүйл үүнд нөлөөлжээ. Ижил-Уралтай Умард Кавказ шууд хил залгадаг нь үүнд нөлөөлсөн. Чухам Поволжье нутагтай тун ойрхон Доку Умаровын “Имарат Кавказ” хэмээх ваххабит төр-улс цаасан дээр байж байв. Умаровоос айлтгасан сургааль үйлчилж байв. Тэр нь энэ аллага гэнэ. Кавказын можахедууд Поволжьед хижра (шилжин суурьших) гэгчийг хэрэгжүүлэн “Вилает Идель- Урал” гэдэг улс буй болгохын төлөө татар-мусульманчуудыг зэвсэгт жихадад босгохыг Умаров уриалаад удаж байв. ХХ зууны эхээр Казанийн хаант улсын хил дотор татарчуудын бие даасан улс буй болгох оролдлого гарч байсан түүх давтагдана хэмээн радикал мусульманчууд үздэг. Тиймдээ ч орон нутгийн үндсэрхэг үзэлтнүүд XXI зуунд ваххабитуудад өгөөш болжээ. Имарат Кавказ гэдэг нь хэд хэдэн вилаеттай (холбооны улсын нэг хэсэг мэт) байх ба вилает болгон нь Амир (цэргийн удирдагч) гэгч “хаан”-тай байх ёстой аж. Поволжийн бүс нутгуудаар мечетүүдэд Кавказын иргэд олноороо шилжин суурьшсан, нийгэмд тэдний нөлөө аажмаар бэхжиж буй дүр зураг харагдана. Тэд тийшээ очмогцоо хувийн хамгаалалтын агентлаг гэдгийг байгуулж, зэвсэглэж, дараа нь татар залуусын дунд дагват (тархи угаалт) гэдгээ хийж эхлэх ба лалын шашинаа номлоно. Татарстаны сүм мечетүүд радикал исламизмын үзэл суртлын индэр болон хувирч, маш олон залуус тийшээ татагдана. Улмаар тархиа угаалгасан татар залуус Умард Кавказ руу явж цаашдын ажиллагаанд (жихад) оролцдог. Тэдний туршлагажсан нь Сири рүү мордоно, эсвэл Татарстандаа эргэж очно. Оросын бусад нутгаар тархана. Татарстаны ваххабитуудын сургалтын төв нь Набережные Челны (1982-1988 онд “Брежнев хот” гэж нэрлэж байсан) хотод ажиллаж, шакирд буюу амиа золиослогчдыг бэлтгэж байдаг механизм бүрдсэн тухай Ерөнхийлөгч В.Путин хүлээн зөвшөөрч байлаа.

Ах дүү Ичкер рүү зочлох татарчуудын цуваа ч тасрахаа байжээ. Шашны зорилгоор очсон дээд хэмжээний төлөөлөгчдөөс гадна мөргөлчид нэрээр олон арван залуус цувах аж. Тэд эргэж нутагтаа ирээд мечетүүдэд номлол айлдаж, багшилна. Сурах бичгүүд Саудын Арабаас үй олноороо очно. Шариатын хууль зөрчвөл гар хөлийг нь тасдахаас эхлээд нөхрөө мэхэлсэн эхнэрийг чулуугаар цохиж алах тухай номлол (худуд гэх шийтгэл) бүхий ном цувах нь тэр. Буруу номт христианчуудыг лүд барам болгож дүрсэлсэн ном, хэвлэл захаас аван хөглөрнө.

Саудын Арабт их сургууль дүүргэсэн Р.Юнусов гэгчийн удирдлага дор Нижнекамск хотод Рисаля хэмээх томхон шашны сургууль ажиллаж лалын шашны номлогч багш нарыг олноор нь бэлтгэж, боловсролын үнэмлэх олгож байна. Нижнекамскийн мухтасибат гэх залуучуудын байгууллага төгсөгчдөө шууд Кавказ руу илгээх ба тэд Саид Бурятский хэмээх террористын удирдлагаар ажиллаж байсан баримт ил боллоо.

Татарстан руу хөлхөх лалын зочдын тоо ч тоймоо алджээ. 1980-аад онд Афганистанд зөвлөлтийн цэрэгтэй тулалдах хөлсний саудын цэргийг элсүүлж явсан Ахмад Фарид Мустафа гэгч Юнусовын урилгаар тэнд очиж татар залууст лекц уншиж хүндлэгдээд авсан. Нижнекамск дахь Рисаля медресийн шашны сургуулийн үйл ажиллагаанд саад учруулсан хэргээр В.Якупов, И.Фаизов нарыг 2013 онд цээрлүүлсэн гэх мэдээлэл буй. Р.Юнусовтой

Нижнекамск хотын тухайн үеийн дарга А.Метшин, түүний ах Казань хотын дарга асан И.Метшин нар саяхан болтол найрсаг харилцаатай байв. Саяхны энэ байдлаар бол Татарстаны дээд элит хэсэг нь ваххабит имамуудынхаа нөлөөнд байдаг юм болов уу гэсэн дүгнэлтийг Оросын зарим судлаач хийжээ. Алуулсан Якупов ч энэ талаар сэрэмжлүүлэг үлдээсэн байх аж. Татарстаны банк, бизнес, ТББ-уудын зарим төлөөлөгч ваххабит шашны байгууллагаас санхүүжиж, лобби бүлэг бий болгож, Ваххабит холдинг гэх санхүүгийн группт ажиллаж байлаа.

Казанийн ойролцоох Высокогорский дүүрэгт “шахидын тэлээ бүс”-ний дэлбэрэх бөмбөг үйлдвэрлэдэг лаборатори ажиллаж байсныг аюулаас хамгаалахынхан илрүүлсэн. Татарстаны ваххабизм милитарист хэлбэр рүүгээ шилжлээ хэмээн тэр үед дүгнэж байв.

Ингуш-Дагестаны сценар давтагдах магадлал өндөр байна. Үүнд харьцуулалт хийж болох мэт. Умард Кавказад 15-20 жилийн өмнө, тухайлбал, 1998 онд анхны аллагаар тэргүүн муфтийгаа цааш харуулж, дараа нь 50 муфтийг толгой дараалан хядсан. Түүнээс хойш олон ч имам амиа алдсан даа. Уламжлалт, аядуу исламыг баримтлан дагасныхаа төлөөсөнд тэд ваххабит салафитуудын заналт дайсан болж хувирсан бол 2012 онд Татарстанд ваххабитууд мөн тийм түүхийг давтаж эхнийхээ имам-ханафитуудыг (В.Якупов, И.Фаизов) хөнөөсөн нь тэр юм. Ингээд алаад байвал эцэст нь имам-салафитыг гаргаж ирнэ хэмээн тооцоолжээ. “Лалын хөрөнгө оруулалт” гэгчээр ОХУ-ын хил дотор шариатын хууль цэцэглэсэн лалын төр- улс буй болгох нь тийм цуврал аллагуудын эцсийн зорилго аж.


Сири дэх хэрэг явдал ба Оросын мусульманчуудад түүний үзүүлэх нөлөө гэх маш том сэдэв Орост хэлэлцэгдсээр өнөө хүрлээ. Арабын хувьсгалын дуулиан Оросын лалын бүс нутгуудаар хүчтэй нөлөөлж, үр дүнд нь хэдэн мянган “орос иргэн” Сирид жихадист болж байлдаж байгаа харагдлаа. Сири дэх бослого тэмцэл зургаа дахь жилдээ (2011 оноос) үргэлжилж, Сирийн босогчдын талынхан гэх сүрэг хүн Орост бий болж, электрон шуудангаар босогчидтой эв санааны нэгдлээ илэрхийлсэн захидал мессеж тасрахгүй байгаа нь төр-засгийг түгшүүлэх хэмжээнд очжээ. Сири бол Иранд цохилт өгөх өрнөдийнхний түшиц газар төдийгүй, хэтдээ Арабын хаврыг Ойрхи Дорнодоос Төв Ази, Азербайжан, Повольже, Кавказ руу халдварлуулах гол бааз нь болно хэмээн Оросын философич эрдэмтэн В.Уланов анхааруулж бичжээ. Байгалийн хий-газрын тосны хүчин зүйл ч энд нэн их хамаатай гэнэ. “Оросын газрын тосоор баялаг бүс нутаг- Татарстан, Башкортостан, Чечень рүү Арабын хаврыг ийнхүү шилжүүлэх нь исламистуудын хувьд нэн чухал. Хэрэв Сири унавал, залгаад Иран, дараагийн ээлжинд Оросыг унагахыг зорилгоо болгоно” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

ОХУ-ын хил дотор шариатын хууль цэцэглэсэн
ОХУ албан ёсоор Б.Асадын Засгийн газрыг дэмжиж, цэргээр туслан байлдана. Гэтэл Дамаскийн Засгийн газрын эсрэг тэмцэж буй ваххабитуудтай Оросын мусульман залуус эв санааны нэгдлээ интернэтээр илэрхийлж, Повольже, Умард Кавказын радикал-исламистууд Сирийн боевикуудыг илэрхий дэмжиж, бүр цэрэгт нь элсэгдэн хэрэг дээрээ ОХУ-ын Засгийн газрын эсрэг дайтна. Хэтдээ Оросын мусульманчууд төр засгийнхаа эсрэг ОХУ дотор Сирийн исламистуудын адил тэмцэлд босохыг тэд уриалан дуудна.

Казанид бөөнөөрөө мөргөл залбирал хийх явцдаа “Шамд дарангуйлагчийн эсрэг тэмцэлд босч буй ахан дүүсийнхээ төлөө” мөргөж, Казанид Хизб- ут-Тахрирын гишүүд цуглаан зохион байгуулж, Аль-Каеда, “Лалын улс”-ын дайчидтай эв санааны нэгдлээ илэрхийлсэн явдал ч гарчээ. Татарстаны хууль ёсны тусгаарлагч Засгийн газрыг түлхэн унагахыг уриалах явдал ч мэр сэр үзэгдэх болжээ. Энд “Шам” гэдэг нь Сирийг хэлж байгаа хэрэг. Дагестанд мөн ийм үйл явдал үе үе өрнөдөг. Зарим мэдээгээр Сири дэх мухажируудын батальон, мухажируудын бригад, лалын бригад, Шам, Булгарын жамаат, Жейшуль Мужахеддин валь Ансар гэх зэвсэгт отрядад хэдэн мянган эрээн цоохор “орос дайчид” тулалдаж байгаа ба тэдний ихэнхи нь Талибаны эгнээнд Пакистанд сургуулилж, Афганистанд Америкийн цэрэгтэй тулалдаж явсан туршлагатай дайчид байна. Асадын эсрэг зэвсэгт тэмцэлд Оросын хэдэн мянган шилдэг ваххабит эр байлдаж, тэдний дотор Булгарын жамаат гэх зэвсэгт дайчид ч зонхилж байсан. Сири дэх “орос дайчид”-ыг Ингушетийн Дауд Халухаев, Татарстаны Айрат Вахитов (Салман Булгарский гэх давхар нэртэй) нар командалдаг, тэр Халухаев нь 2013 онд алагдсан ч Татарын боевикууд Сирид үргэлжлүүлэн тулалдсаар байгаа. Сирид тулалдаж дуусаад байлдааны хур туршлагатай тэд эх орондоо (ОХУ) эргэж ирдэг. Мөн Татарстанд нууцаар ажиллаж буй ваххабитуудтай нийлдэг, Поволжьед үйл ажиллагаагаа эхлүүлдэг, ийм нэгэн сүлжээ үүсгэжээ.

Татарстаны дотоод дахь араб шашны цөөнх гэж бас нэг ноцтой аюул занал бий болжээ. Одоогоор хэдэн зуун араб тэнд аж төрдөг, ихэнхи нь Иракийн арабчууд, мөн Йемен, Палестин, Сири, Ливан, египетийн гээд жагсаавал мэр сэр бий. Тэдний ихэнхи нь Сири дэх сөрөг хүчний босогчдыг дэмждэг, Асадын “шиит-алавит-христиан дэглэм”-ийг унагахыг уриалдаг. Ингэхэд энэ явдлууд олон мянган бээрийн цаана, өөр тивд болж буй хэрэг бус, Алтанбулаг-Хиагтын цаахна, энхрий ялдам сэтгэлт орос ах нарын маань гал тогоонд өрнөж буй үйл явдал!
САНАЛ БОЛГОХ