С.Гансэлэм: Атаршсан талбайг эдийн засгийн эргэлтэд оруулна

Ярилцлага

“Говийн гайхамшигт-6” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмтэй ярилцлаа. “Ойрын хугацаанд аймгийн хүн амын төмсний хэрэгцээг 100, гурилын 20, хүнсний ногооны 40-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангахаар ажиллаж байна” хэмээн тэрбээр тодотгов.

-Говь-Алтай аймгийн тулгуур салбарын нэг хөдөө аж ахуй. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд орон нутгийн зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-Сумдын тариаланд тохиромжтой атар болон атаршсан талбайг эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Ингэснээр үр тариа, тэжээлийн ургамал болон хүнсний ногооны тариалах талбайн хэмжээ нэмэгдэх юм. 2020 хүртэл хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахаар хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн цөөнгүй ажлыг тусгасан байгаа. Энэ хүрээнд “Атрын-III аян”-ыг үргэлжүүлж, газар тариалангийн одоогийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Мөн төмс, хүнсний ногоо, таримал ургамлын сортыг судлан нутагшуулах ажлыг эхлүүлнэ.


-Хүнсний ногооны хэрэгцээнийхээ хэдэн хувийг орон нутаг өөрөө дангаар хангаж ирсэн бэ?

-Өнгөрсөн оны байдлаар хүнсний ногооныхоо 25 хувийг хангаж байна. Үүнийг ирэх жилүүдэд 2-3 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Хүнсний аюулгүй байдал чухлаар тавигдаж байгаа энэ үед өөрсдийн нөөц, боломжоо түлхүү ашиглах шаардлагатай болж байна. Тиймээс ойрын хугацаанд аймгийн хүн амын төмсний хэрэгцээг 100, гурилын 20, хүнсний ногооны 40-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангахаар ажиллаж байна. Эдгээрээс гадна хунчир, артишок, чихэр өвс, хармаг зэрэг эрүүл мэндэд тустай ашигт ургамлын тариалалтыг шинээр нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад хувийн хэвшлээ дэмжиж ажиллана. Тухайлбал, хүнсний ногоо, жимс жимсгэнэ нөөцлөх, даршлах, савлах үйлдвэр, цехийг байгуулсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтворжуулахад анхаарал хандуулна.

-Говь-Алтай аймгийн хувьд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд усны хүртээмж төдийлэн хангалттай биш. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Манай аймаг улсын хэмжээнд хоёрт орохоор 20 гаруй услалтын системтэй байсан. Одоо үүнийхээ 30 хувийг ашиглаж байна. Зарим нэг нь устаж, байгаа нь эвдэрч, тоногдсон, хувьд шилжсэн байсан. Үүнийг сэргээн засварлаж, дахин ашиглах боломжтой болгоно. Услалтын системийн ашиглалтыг сайжруулахаас гадна цас, борооны усыг хуримтлуулан хөв цөөрөм байгуулахаар судалж байгаа. Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг цаашид нэмэгдүүлж, энэ салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ажиллаж байна.

-Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувьд газар тариалан эрхлэх нөөц боломжтой вэ?

-Баянтоорой, Шарга, Гуулин, Халиун, Бигэр, Алтай, Дэлгэр гээд газар тариалан эрхлэх боломжтой бүс нутаг цөөнгүй бий. Говийн аймаг гэхээр газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд хүнд гэж зарим хүн үздэг. Энэ нь өрөөсгөл ойлголт. Манай аймаг говь, хээр хосолсон, үржил шимтэй нутаг ихтэй. Ялангуяа нарийн ногоо, жимс, жимсгэнэ ургах нөхцөл бүрдсэн, тааламжтай уур амьсгалтай. Усалгаатай газар тариалангийн орчин үеийн технологийг өргөн нэвтрүүлж, усаа хэмнэх боломжийг эрэлхийлнэ. Хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх зорилгоор таримлын сэлгээ, бордоог зөв зохистой хэрэглэж, энэ чиглэлийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа.

-Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Төмс” хөтөлбөр гэж байсан. Энэ хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-“Төмс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Гачуурт” компанийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат томоохон туслалцаа үзүүлж, үрийн төмс авахаар болсон. Үүнтэй холбогдуулж, Халиун сумын Ёлтонгийн услалтын системийг түшиглэн 300 га-д тариалалт хийхээр болсон. Энэ талбайд төмс болон нарийн ногоо тариалахаар болж, ажил нь эхэлсэн. Алтайгаас төрж гарсан бизнес эрхлэгчид энэ жил 3.4 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлнэ. Говьд ус чандмань эрдэнэ учраас ариглан гамнах хэрэгтэй. Тиймээс “Хүлэмж” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Хүлэмжийн аж ахуйн эрхлэлтийг орон нутагт нэмэгдүүлэх, иргэдийг шинэ ургацын ногоогоор хангахад уг хөтөлбөр ашиг тусаа өгөх юм.

-Монгол орныг зорин ирэх жуулчдын цуваа наашиллаа. “Үл үзэгдэх экспорт” гэж үздэг аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ. Тухайлбал, энэ салбарт үйл ажиллагаа явуулахаар сонирхож байгаа хувийн хэвшилд ямар боломж олгох вэ?

-Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн үр өгөөжтэй, байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газар, нэн ховор амьтдыг түшиглэн байгалийн парк байгуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгаа. Үүнийг бий болгоход хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалт чухал. Орон нутгийн зүгээс хувийн хэвшлээ бүх талаар нь дэмжиж ажиллахад бэлэн байна. Аялал жуулчлал эрхлэх, цогцолбор бааз байгуулах төслүүдийг дэмжиж, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтарч ажиллана. Энэ салбарт “Говийн гайхамшигт-6” гэсэн дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Говийн зургаад Мазаалай, Хавтгай, Тахь, Хулан, Бөхөн, Хар сүүлт ордог. Эдгээр ховордсон амьтад манай аймагт бүгдээрээ байдаг. Тиймээс хайрлан хамгаалж, өсгөн үржүүлэхээс гадна аялал жуулчлалын брэнд болгохоор уг хөтөлбөрийг санаачилсан. Жуулчдын хувьд тав тух чухал. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагын чанарт анхаарч, стандартыг нарийн мөрдүүлэхээр ажиллаж байна. Манай аймагт шаардлага хангасан жуулчны бааз байдаггүй. Тиймээс үүнийг бий болгоход хувийн хэвшилд боломж олгоно.

-Баянхонгороос-Говь-Алтай чиглэлийн 253 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үү. Энэ зам ашиглалтад орсноор аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлөх вэ?

-Баянхонгороос-Говь-Алтай чиглэлийн 253 км хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор жуулчдын хувьд илүү таатай боломж үүсэх юм. Дэд бүтцийн хүндрэлээс болж хоног, хугацаа алдах нь бий. Цаг хугацаанаас гадна эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлт гарна. Замын барилгын ажил удахгүй эхэлнэ. Аялал жуулчлалын салбар хөгжих боломж улам нэмэгдэж байна.
САНАЛ БОЛГОХ