Эрүүгийн хуулийг амилуулах хууль батлагдлаа

Мэдээ

Долдугаар сарын 1-нээс Эрүүгийн хууль хэрэгжих боломж бүрдлээ

Өнгөрсөн парламентад Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсан. Гэвч уг парламент бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоосоо өмнө дээрх хуулиудын эцсийн найруулгыг нь сонсож чадаагүй юм. Ингэснээр шинээр байгуулагдсан Засгийн газар дээрх хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулж, хуульд засвар оруулж, өнгөрсөн долоо хоногт УИХ-аас баталсан билээ.

Тэгвэл пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийг амилуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Ингэснээр ирэх долдугаар сарын 1-нээс Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх боломж бүрдэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд гэмт хэрэгтэн, сэжигтэн, яллагдагч, хохирогч нарт Эрүүгийн хууль ямар байдлаар үйлчлэх вэ гэдгийг тодорхой заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг танилцуулах, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүх, прокурорт дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан. Мөрдөгч гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэхээр, мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүх өөрийн санаачилгаар, эсвэл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай шийдвэр гаргахаар заажээ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь өмнөх хуулиас 40 орчим хувиар өөрчлөгдсөн бөгөөд ял шийтгэлийн бодлогын хувьд зөөлөрсөн гэж хэлж болно. Тодруулбал, хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд ногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд ногдуулах ял гэсэн шинэлэг заалтыг оруулсан байна.

Эрүүгийн хууль нь өмнөх хуулиас 40 орчим хувиар өөрчлөгдсөн
Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулахын зэрэгцээ ялын үр нөлөө дээшилнэ гэж үзэж байгаа юм. Мөн одоо ял эдэлж буй 6000 орчим ялтны ял хөнгөрч, цаашлаад зарим нь хугацаанаасаа өмнө суллагдах хууль эрхзүйн орчин бүрдэж байгааг албаны хүмүүс онцолж буй. Үүнээс гадна хуульд албадан ажил хийлгэх хугацаа нь 120-480 цаг, гэрийн хорионд байлгах хугацааг 1-5 жил хүртэл байхаар тусгасан. Мөн гэмт хэрэг хүлээлгэх насны хязгаарын хувьд 16 наснаас эхлэх, харин тодорхой гэмт хэргийн тухайд 14 наснаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

Түүнчлэн авлигын гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага ногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт тусгасан. Тодруулбал, авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг нэмсэн байна.
САНАЛ БОЛГОХ