Дональд Трампын "Ferrari" 240 мянган ам.долларын үнэд хүрэв

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "Ferrari" автомашин дөрөвдүгээр сард Флоридад болсон дуудлага худалдаагаар орсон ч таамаглаж байсан хамгийн доод үнэдээ хүрч чадаагүй байна. Нэг хэсэг Дональд Трампын эзэмшилд байсан 2007 онд үйлдвэрлэсэн “F430 F1” загварын автомашин дуудлага худалдаагаар 240 мянган ам.доллараар зарагдсан аж. Энэ нь таамаглаж байсан хамгийн доод үнээсээ 10 мянган ам.доллараар доогуур үнэлгээ болсон байна. Үүнтэй холбогдуулж тансаг зэрэглэлийн хөрөнгийн зах зээл дээр худалдаа тийм ч сайн биш байгааг шинжээчид онцолжээ. Түүнчлэн Италийн супер автомашинуудын борлуулалтын өсөлт санхүүгийн хямралаас хойш анх удаа зогсонги байдал орсон гэж шинжээчид тайлбарлаж байна. Дан ганц автомашин гэлтгүй, урлагийн бүтээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ч хөрөнгө оруулалт буурчээ.

Автомашины зах зээлийн "Hagerty Collector Car Index" 2017 он гарснаас хойш унасан бол Манхаттен хотод түрээсийн үнэ долоо дахь сардаа буураад байна. Харин урлагийн бүтээлийн худалдаа өнгөрсөн онд гэхэд 14 хувиар буурсан ажээ. Үүнээс шалтгаалж “Knight Frank”-ийн "Luxury Investment Index" 2009 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байна.




САНАЛ БОЛГОХ