“Apple” компани хиймэл оюун ухаанд тулгуурласан чип үйлдвэрлэнэ

Мэдээ

“Apple” компани хиймэл оюун ухаанд тулгуурласан тусгай чип үйлдвэрлэхээр ажиллаж байна. "Neural Engine" хэмээх энэхүү чипийн тусламжтай “Apple”-ийн төхөөрөмжүүд илүү боловсронгуй болох юм. Тухайлбал, нүүр царай болон дуу хоолой таних гээд хүний чадварт суурилсан үйлдлүүдийг хийнэ гэж эх сурвалж мэдээлсэн байна. Хэдий тийм боловч “Apple” компани энэ талаар албан мэдэгдэл хийхээс татгалзжээ. Орлогоороо дэлхийд тэргүүлэгч "Apple" компани нь анх 2011 онд "Siri" технологиор дамжуулж хиймэл оюун ухаанд суурилсан програм хангамж танилцуулж байсан бөгөөд энэхүү технологийн тусламжтай хэрэглэгчид ухаалаг гар утсандаа дуут команд өгөх боломжтой болсон юм.

“Apple” хэдийгээр хиймэл оюун ухааны чиглэлд аль эртнээс давуу талаа бүрдүүлсэн ч энэ салбарт өрсөлдөөн нэмэгдсээр байна. Тухайлбал, “Amazon” дуут удирдлагын "Echo" систем, “Google” бас “Home Digital” туслах төхөөрөмжүүдээ танилцуулжээ. Харин “Apple”-ийн хувьд энэ чиглэлд төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлснээр автомат жолоодлоготой автомашин, цаашлаад "AR" буюу баяжуулсан дүрслэлийг илүү боловсронгуй болгох боломжтой гэж шинжээчид онцолжээ.




САНАЛ БОЛГОХ