Ангела Меркель: Европын орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар АНУ-тай нэг шийдэлд хүрэх хэрэгтэй

Мэдээ

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ирэх долоо хоногт зохион байгуулагдах "Их 20"-ийн бүлгийн уулзалтын өмнө BREXIT-ийг дэмжихгүй байгаа төдийгүй Европын орнуудыг илүү нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй гэж өөрийн байр сууриа илэрхийллээ. Пүрэв гарагт Германы Парламентын доод танхимт тавьсан илтгэлдээ тэрбээр "Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд гаргаж буй хүчин чармайлт эргэлт буцалтгүй байх ёстой" гэж мэдэгдсэн байна. Энэ нь олон улсын бодлогын чиг шугамаас эсрэг байр суурь боллоо гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. Мөн дэлхийн улс орнууд нэгдмэл байдлаа алдаж байгааг онцлоод "Их 20"-ийн бүлгийн уулзалт "илүү түвэгтэй" байх болно гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тийм учраас Европын орнууд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт болон бусад олон асуудлаар АНУ-тай хамтын шийдэлд хүрэх хэрэгтэйг Ангела Меркель онцоллоо. Үүнээс гадна Дональд Трампын "АНУ-ыг нэгдүгээрт тавина" гэсэн бодлого АНУ-ыг олон улсын тавцанд ганцаардуулж, худалдааны протекционист бодлого баримталж байгаа нь томоохон алдаа болж байна гэж тус улсын засаг захиргааг шүүмжилжээ.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель "Зарим улсууд тусгаар бодлого баримталж, худалдааны хориг тавьж байгаа нь санаа зовоож байна. Гэхдээ протекционист бодлого асуудлын шийдэл байж чадахгүй, улмаар энэ бодлогод хамрагдсан талуудад сөрөг нөлөөтэй. Тиймээс бид чөлөөт зах зээл бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн чөлөөт зах зээл бий болгох, тусгаар бодлогын эсрэг байр суурьтай байж, олон талт худалдааны системийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг миний бие "Их 20"-ийн бүлгийн орнуудад хандан илэрхийлэх болно" гэж мэдэгдлээ. Чөлөөт худалдаа, уур амьсгалын өөрчлөлт, цагаачлалын асуудал ирэх долоо хоногт зохион байгуулагдах дэлхийд тэргүүлэх эдийн засагтай 20 орны удирдагч нарын түвшний дээд хэмжээний уулзалтын гол сэдэв байх төлөвтэй байна.

Үүнээс гадна ХБНГУ-ын Хамбург хотод болох дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр АНУ-ын Төрийн тэргүүн, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаа биечлэн уулзах ажээ. Сирийн иргэний дайн, Украйны дотоод хэрэг болон АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон, Дональд Трамп болон ОХУ-ын албаныхны хооронд нууц тохироо хийгдсэн эсэх зэрэг олон асуудлаас шалтгаалан хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд байгаагүй "таагүй" түвшинд хүрээд байгаа юм. Тиймээс хүйтэн дайны сөргөлдөгч хоёр талын одоогийн Төрийн тэргүүн нарын анхны уулзалт олон улсын анхаарлыг татаж байна. Тухайлбал, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Зигмар Габриэль ирэх долоо хоногт болох "Их 20"-ийн уулзалтын үеэр АНУ, ОХУ-ын удирдагчдын хооронд тусгай уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ