Тереза Мэй: Их Британи Европын Холбооноос гарах нь аль аль талдаа ашигтай шийдэл болно
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй улсаа Европын Холбооноос гарахад чиглэсэн 12 шат бүхий төлөвлөгөөг танилцууллаа. Илүү хүчирхэг, нэгдсэн, шударга Их Британийг цогцлоохын төлөө Европын Холбооны удирдлагуудтай хэлэлцэнэ гэж тэрбээр илтгэлийнхээ үеэр мэдэгдсэн юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын Холбооноос гарахад чиглэсэн Засгийн газрын төлөвлөгөөг танилцуулах үедээ ирэх гуравдугаар сарын эцэс гэхэд Европын Холбоотой хэлэлцээрт хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа. Үүнээс гадна тэрбээр илтгэлийнхээ үеэр хэд хэдэн зорилтуудыг танилцуулсан юм. Үүнд тарифын хөнгөлөлтийг хэвээр хадгалж, Холбооны гишүүн бус улсуудад ижил үүрэг ногдуулахгүйгээр Европын Холбоотой худалдаа хийж тус Холбооны гишүүнчлэлийг шинэчлэх, Холбооны гишүүн бус улсуудтай шинэ худалдааны хэлэлцээрүүдийг хийх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид болон бусад компаниудын шилжилтийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн талаараа танилцууллаа.
Үүнээс гадна Европын Холбооны төсөвт Их Британиас өөр "томоохон" хандивлагч байхгүй гэдгийг мэдэгдээд Их Британи Европын Холбооноос гарах нь аль аль талд ашигтай шийдэл болохоос гадна Европын Холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэдгийг Тереза Мэй онцлов. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер Тереза Мэйг Их Британийн Засгийн газрын төлөвлөгөөг "илүү тодорхой" болгосныг дурдаад цаашид Европын Холбоотой сайн харилцаатай байх талаар түүний илтгэлдээ дурдсаныг онцолсон юм. Мөн тэрбээр ХБНГУ-ын энэ хэлэлцээр дэх байр суурь Их Британи Европын Холбоог орхихоо албан ёсоор зарласан тэр үеийнхтэй ижил хэвээр байх болно гэдгийг мэдэгджээ.
Харин Францын Үндэсний фронтын намын тэргүүн, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Марин Ле Пен Их Британийн Европын Холбооноос гарах талаар танилцуулсан Тереза Мэйн илтгэлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Марин Ле Пен "Түүний энэхүү мэдэгдэл Британийн иргэдийг хүндэтгэсэн зоримог илтгэл байлаа. Учир нь Францад энэ төрлийн хүндлэлийг үзүүлдэггүй. Улс төрийн удирдагч байна гэдэг тэр чигтээ хүндлэлийг харуулах ёстой. Миний бодлоор Тереза Мэй Европын Холбооны удирдагчдыг амаа барихад хүргэж байна. Учир нь тэр BREXIT-ийн асуудлыг зөөлөн нөхцөлөөр шийдвэрлэхийг зорьж байгаа. Үүнээс гадна Их Британи Европын Холбоотой хэлэлцээрүүдийг дахин хийх болно. Би үүнийг ардчиллын зарчим гэж бодож байна" гэж мэдэгдлээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй