Ким Чен Ун: Баллистик пуужингийн туршилтын бэлтгэл сүүлийн шатандаа орсон

Мэдээ

Тив дамнасан тусгалтай баллистик пуужингийн туршилтын бэлтгэл ажил сүүлийн шатанд орсон талаар БНАСАУ-ын Удирдагч Ким Чен Ун мэдэгдлээ. Цөмийн зэвсгийн чадамждаа тулгуурлан туршилтаа өргөжүүлнэ гэж тэрээр онцолсон байна. Үүнээс гадна эдийн засгийн бодлого болон БНСУ-тай харилцах харилцааны асуудлыг дурджээ. Мөн тэрээр "Манай анхны устөрөгчийн бөмбөгийн туршилт болон цөмийн цэнэгт хошуу, цэрэг армийн бусад туршилт нь түрэмгийлэгч гүрнүүдийн цөмийн дайны аюул заналхийллийн эсрэг амжилттай хэрэгжсэн. Сүүлийн үеийн зэвсэг техникийг хөгжүүлэх судалгааны ажил эхэлснээс гадна тив дамнасан тусгалтай баллистик пуужингийн туршилтын бэлтгэл ажил сүүлийн шатандаа орлоо. Батлан хамгаалах чадавхаа нэмэгдүүлэх эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр улс, ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, социалист хүчирхэг гүрний байгуулах ажилд түлхэц болох зэвсэг техниктэй болж чадлаа" гэсэн байна.

Ким Чен Ун 2011 онд БНАСАУ-ын Удирдагч болсноос хойш цөмийн пуужинг хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулсан. АНУ-ын зүгээс цөмийн хөтөлбөрөө зогсоох шаардлагыг удаа дараа тавьсан боловч БНАСАУ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Энэ хугацаанд тус улс гурван удаагийн цөмийн пуужингийн туршилт хийж, холын зайн тусгалтай пуужинг олон удаа харвасан юм. Үүнээс гадна Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хойд Солонгосын Удирдагчтай цөмийн зэвсгийн асуудлаар уулзалт хийнэ гэж мэдэгдэж байсан. Харин Ким Чен Ун хамгийн сүүлийн мэдэгдэлдээ Д.Трампын талаар дурдаагүй. Гэхдээ энэ мэдэгдэл нь Д.Трампыг тангараг өргөх үеэр холын тусгалтай пуужингаа туршихыг илтгэсэн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Өөрөөр хэлбэл Д.Трампын засаг захиргаатай хэлэлцээ хийсэн тохиолдолд байр сууриа түүнээс өмнө илүү тод харуулах зорилготой гэж дүгнэжээ. Түүнчлэн Өмнөд болон Хойд Солонгосын харилцааг сайжруулахад хэнтэй ч хамтрахад бэлэн гэдгээ БНАСАУ-ын Удирдагч хэлсэн байна.



САНАЛ БОЛГОХ